Чингэлтэй дүүргийн МАН-ын хорооны дарга Т.Аюурсайханыг нүүрсний хэрэгт холбогдуулан яллагдагчаар татсан. Шударга гишүүн гэсэн имижийг өөртөө бүрдүүлж, “Шударга тав”-ын нэг болж жагсаж явсан цаг саяхан. Гэсэн ч Т.Аюурсайхан нэг л өдөр шударга ёсны тугаа бөхийлгөн УИХ-ын гишүүний бүрэн эрх, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн. Түүнийг АТГ-аас зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулсан, үндэслэлгүй хөрөнгөжсөн хэмээн шалгаж эхлээд байгаа.

УИХ-ын гишүүн, сайдын суудлаасаа татгалзсан Т.Аюурсайхан мэдээж дүүргийн намын хорооны даргын ажлаа өгсөн. Чингэлтэй дүүргийн МАН-ын хорооны даргын үүрэг гүйцэтгэгчээр дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэлийг томилоод байгаа. 

Элитүүдийн дүүрэг гэгдэх Сүхбаатар дүүргийн МАН-ын хорооны дарга М.Ганбаатар өөрийн ажлаа УИХ-ын гишүүн, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учралд хэл амгүйхэн шилжүүлчихээд Дэд сайд болоод явчихсан. Тэгвэл Чингэлтэй дүүргийн МАН-ын хорооны даргын суудлын төлөөх чимээгүй өрсөлдөөн хэдийнэ эхэлжээ.

Чингэлтэй дүүргийн МАН-ын хорооны даргад УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар нэр дэвшихээр зэхэж байна. Тэгвэл Т.Аюурсайханы ойрын хүн гэгдэх “Шинэчлэлийн хороо”-нд хамтдаа мөр зэрэгцэж явсан Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл үүрэг гүйцэтгэгчийн албаа жинхлэхээр нөгөө талд нь марафоноо эхлүүлжээ. Дүүргийн МАН-ын хорооны байр гэх 3 давхар улаан тоосгон байшингийн хойморт Ж.Сүхбаатар, Н.Батсүмбэрэл нар суухаар хөдөлгөөн ороод байгаа гэх. Тэд тус тусдаа дүүргийн намын хорооны гишүүдтэйгээ уулзан, яриа хөөрөө хийгээд эхэлсэн байх юм. Ж.Сүхбаатарын хувьд УИХ-ын дарга Г.Занданшатар, Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн МАН-ын хорооны дарга Д.Сумьяабазараас дэмжлэгтэй байгаа гэх яриа бий.

Н.Батсүмбэрэлийн хувьд Баянхонгор аймгийнх учир Г.Занданшатартай мөн ойр гэгддэг. Ямартай ч Т.Аюурсайхан найзынхаа ажлыг үргэлжлүүлэхээр сэтгэл шулуудсан байна. Өөрөө хэрэгт холбогдсон ч өөр хүнд намын даргын ажлаа өгөх хүсэл Т.Аюурсайханд байхгүй нь лав. Тиймээс Н.Батсүмбэрэлдээ намын хорооны ажлаа шилжүүлчихээд байгаа. Тэрбээр улс төрд орсон цагаасаа хойш Чингэлтэй дүүргээс огт салаагүй бөгөөд өөрсдийн хөлийг сайн бүрдүүлсэн гэдэг. 

Ж.Сүхбаатар гэж хэн бэ

1993 онд Дархан хотын гуравдугаар сургууль, 1997 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийг тус тус төгссөн. Эрх зүйч мэргэжилтэй. Хууль зүйн ухааны магистр зэрэгтэй. Түүний хувьд хоёр дахь удаагаа парламентад сонгогдон ажиллаж буй. 

Ажилласан байдал:

  • 1997-1999 онд УИХ-ын гишүүний орон тооны ажилтан,
  • 1999-2001 онд УИХ дахь МАХН-ын бүлгийн ажлын албанд хуулийн бодлогын зөвлөх,
  • 1997-2005 онд Улаанбаатар “Эрдэм дээд” сургуульд захиргааны эрх зүйн багш, ахлах багш,
  • 2001-2006 онд Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн-нарийн бичгийн дарга,
  • 2006-2008 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд дарга,
  • 2008-2012 онд УИХ-ын гишүүн,
  • 2010-2012 онд УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга,
  • 2012-2013 онд МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн-нарийн бичгийн дарга,
  • 2016 онд МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга,
  • 2019-2020 онд УИХ-ын даргын ахлах зөвлөх,
  • 2020-2022 оноос УИХ-ын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгийн дэд дарга
  • 2022 оноос Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны даргаар ажиллаж байна

Түүний 2021 оны хөрөнгө, орлогын мэдүүлгийг танилцуулж байна. 

  • Өөрийн орлого нь 49 сая 669 мянга,
  • Гэр бүлийн орлого нь 75 сая,
  • Орон сууц, барилга байгууламж нь 790 сая (Зогсоол 1, нийтийн орон сууц),
  • Машин нь 120 сая,
  • Хадгаламж нь 79 сая 858 мянга.

Н.Батсүмбэрэл гэж хэн бэ

Баянхонгор аймгийн төвийн II дунд сургууль, МУБИС-ийг 2006 онд төгссөн. Түүх-Нийгмийн ухааны багш мэргэжилтэй. Боловсролын удирдлагын магистр, Улс төрийн ухааны докторант зэрэгтэй. НИТХ-ын төлөөлөгчөөр хоёр дахь удаагаа сонгогдсон.

Ажилласан байдал:

  • 2006-2007-Нийслэлийн МАН-ын хороонд улс төрийн ажилтан
  • 2007-Монгол улсын Ерөнхийлөгчийн тамгын газарт референт
  • 2007-2010- Нийслэлийн МАН-ын хороонд улс төрийн ажилтан
  • 2010-2011-НАМОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга
  • 2011-2012-МҮХАҮТ-д хэлтсийн дарга
  • 2012-МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх
  • 2012-2013-Чингэлтэй дүүргийн засаг даргын орлогч
  • 2013-2016-МАН-ын улс төрийн бодлогын ахлах ажилтан
  • 2016 оноос Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, Монгол наадам цогцолбор ОНӨТҮГ-ын дарга,
  • 2008-2012-Чингэлтэй дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч тэргүүлэгч
  • МАН-ын Бага хурлын гишүүн, НАМЗХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн, Монголын Залуу багш нарын холбооны дэд ерөнхийлөгч
  • 2020 оноос НИТХ-ын төлөөлөгч, Чингэлтэй дүүргийн Засаг дарга

Түүний 2021 оны хөрөнгө, орлогын мэдүүлгийг танилцуулж байна. 

  • Өөрийн орлого нь 98 сая 79 мянга,
  • Гэр бүлийн орлого нь 8 сая 100 мянга
  • Орон сууц, барилга байгууламж нь 280 сая (Зогсоол 1, нийтийн орон сууц),
  • Машин нь 50 сая,
  • Хадгаламж нь 104 сая 354 мянга.

1 сэтгэгдэл

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу