БНХАУ-ын Ханжоу хотод Азийн зуны спортын пара наадамд оролцож, амжилт гаргасан баг тамирчдад Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ, Биеийн тамир, спортын улсын хорооны дарга О.Баттулга нар хүндэтгэл үзүүллээ. Энэ үеэр зарим тамирчин, дасгалжуулагчийг шагнаж урамшуулав.

Тодруулбал, БТСУХ-ны зүгээс хөнгөн атлетикийн Үндэсний шигшээ багийн тамирчин П.Энхманлайд 20 сая төгрөгийн үнэ бүхий уралдааны тэргэнцэр гардууллаа. П.Энхманлай нь Монгол Улсын 13 удаагийн аварга, гранпри тэмцээний алт, мөнгө, хүрэл медальтай, ДАШТ-д гурван удаа, “Токио-2020” зуны паралимпын наадамд эх орноо төлөөлөн оролцсон тамирчин юм.

“Ханжоу-2022” Азийн наадамд оролцсон Монголын баг тамирчдаас хамгийн ахмад нь 65 настай волейболын тамирчин Ч.Нарантуяа байсан бол залуу нь усанд сэлэлтийн тамирчин Х.Номуун байв. Мөн тус наадамд туялзуур сэлэм, усанд сэлэлт, го даам, шатрын спортын төрөлд Монголын тамирчид анх удаа оролцлоо. Энэ наадмаас медаль хүртсэн найман тамирчин, тэдний дасгалжуулагч зургаа, нийт 14 хүнд Засгийн газрын 173 дугаар тогтоолын дагуу 58 сая 500 мянган төгрөгийн мөнгөн шагнал олгох юм.

IV Азийн пара наадмаас Д.Ганбат (жүдо), Г.Болор-Эрдэнэ (таеквондо) нар алт, Э.Содномпилжээ (пауэрлифтинг), У.Сүрэнжав (таеквондо), Д.Саруултөгс (зээрэнцэг шидэлт) мөнгө, Л.Туруунаа, Б.Баттөгс (жүдо), Ц.Баттулга (бөөрөнцөг түлхэлт) нар хүрэл медаль хүртсэн билээ.

Түүнчлэн “Ханжоу-2022” Азийн пара наадмын таеквондогийн эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд мөнгөн медаль хүртсэн У.Сүрэнжав, жүдо бөхийн -90 кг-ын жинд хүрэл медаль хүртсэн Б.Баттөгс, хөнгөн атлетикийн дасгалжуулагч В.Батболд, пауэрлифтингийн дасгалжуулагч Б.Энхбаяр нарыг Биеийн тамир, спортын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагналаа.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу