Сурагчдын өвлийн амралтыг уртасгаж, зуны саруудад хичээллүүлэх талаар яригдаж эхэлсэн. Тодруулбал, УИХ-ын дарга Г.Занданшатар “Иргэдээс санал ирлээ. Эрчим хүчний өвлийн ачаалал их байна. Мөн агаарын бохирдол, түгжрэл зэргийг тооцоод ЕБС-ийн хичээлийн хөтөлбөрийг 12, 1-р сард амрааж, зун намрын сард шилжүүлэх талаар судалж үзвэл ямар вэ. Хичээлийн шинэ жилийг наймдугаар сарын 1-нээс эхлүүлж, долдугаар сарын 1-нд дуусгаж болж байна. Хүүхдүүдийн эрүүл мэнд, аюулгүй байдал зэргийг бодъё” хэмээн хэлсэн билээ. 

Энэ талаар багш, сурагч, эцэг, эхчүүд ямар байр суурьтай байгааг хүргэе. 

“ӨВЛИЙН ХОЁР САР АМАРВАЛ ХҮҮХДҮҮД ЮУ ХИЙХ ЮМ БЭ. ГЭРТ ЗУРАГТ ҮЗҮҮЛЭЭД СУУЛГААД БАЙХ УУ”

Иргэн Б.Мядагмаа: Манайх хоёр хүүхэдтэй. Нэг нь гуравдугаар анги, нэг нь цэцэрлэгийн насных. Улаанбаатар хотын түгжрэл, агаарын бохирдол, ханиад томуу зэргийг бодвол сурагчдын хичээлийг зун оруулсан нь зөв. Гэхдээ зун бид хүүхдүүдийнхээ дархлааг дэмжиж, агаар салхинд авч гардаг. Мөн хүүхдүүд зун амраад сурчихсан учраас халуунд нозоороод хичээл хийхгүй л болов уу. Өвлийн хоёр сар амарвал хүүхдүүд юу хийх юм бэ. Зурагт үзүүлээд л суулгаад байх уу. Хэцүү шүү дээ. 

“БИД ӨВӨЛ НЬ ХИЧЭЭЛЭЭ ХИЙЖ, ЗУН НЬ НАЙЗУУУДТАЙГАА ТОГЛОМООР БАЙНА”

ЕБС-ийн 10-р ангийн сурагч У.Эмүжин: 7, 8-р сард хүүхдүүдийн сурах чадвар муу байна гэж бодож байна. Өдөр уртассан үед хүүхдүүд хичээл хийх сонирхолгүй болдог. Зарим нь хичээлээ огт хийхгүй, таслаад байх болов уу. Тийм болохоор зун л амарсан нь дээр. Өвөл амарвал хийх юмгүй, гэртээ бүгж, утсаа ухсаар байгаад л таарна. Зун бол найзуудтайгаа тоглоно. 

“ЗУН ХИЧЭЭЛЛЭХ ҮР ДҮН БАГАТАЙ”

“Эрин Эверест Интернэшнл” сургуулийн багш Г.Туруунаа: Хичээлийн гурван улиралтай байх нь зөв байсан юм. Хүйтний үед удаан амарчихдаг. 

Дөрвөн улирлаар хичээллэхээр улирлын амралтууд нь долоо хоног болчихсон. Тэгэхээр хоёрын хооронд амраад байгаа юм. 

Нөгөө талаас зуны дэлгэр цагт хүүхдүүдийг амраах нь зөв. Зун хүүхдүүд нозоорсон үед хичээллэвэл үр дүнгүй. Монгол хүүхдүүд зун амраад сурчихсан учраас наймдугаар сард хичээллэх нь үр дүн багатай байх. Ер нь манай боловсролын салбарт хичээлийн бүтцээс эхлээд үе үе өөрчлөлт хийж байна. Өөрчилнө, хэсэг хугацааны дараа нөгөөх нь болохгүй байна гээд дахиад л өөр арга хайгаад эхэлдэг. Хүүхдийн боловсролоор хангалттай тоглолоо. Үүнийх нь үр дүнд маш олон хүүхэд хичээлийн хоцрогдолтой болж байна.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу