УИХ Засгийн газраас өргөн мэдүүлсэн 2024 оны төсвийн орлогыг 25.3 их наяд төгрөг, зарлагыг 27.4 их наяд болгон нэмэгдүүлэх төсвийг хэлэлцэж байна. Монгол Улс анх удаа ийм хэмжээний зарлагатай төсөв батлах гэж байгаа юм.

2016 оны төсөв баталж байхад тухайн үеийн сөрөг хүчин МАН “Сонгуулийн төсөв боллоо” хэмээн шуугиж, бойкот хийж байсан. Харин 2020 онд эрх баригч байсан МАН-ынхан дөрвөн жилийн өмнөх тэмцлээсээ ухарч, хамгийн өндөр алдагдалтай төсөв баталлаа гэж байсан бол гурван жилийн дараа дахин сонгууль угтсан төсөв батлахаар улайрч байна.

УИХ-ын дарга Г.Занданшатарын санаачилгаар НӨАТ-ын буцаан олголтыг таван хувь болгохоор D-Parliament-аар дамжуулан санал авч, 105 мянган иргэн санал өгснөөр УИХ хэлэлцэх боломж бүрдсэн. Гэсэн ч Засгийн газар Сангийн яамнаас иргэдэд олгох НӨАТ-ын буцаан олголтын хувийг тав болгох боломжгүй хэмээн байр сууриа илэрхийлж, хуулийн хүрээнд хэлэлцэх ёстой байсан ч үл тоолоо. Ерөнхий сайдын санаачилгаар ахмадуудын тэтгэврийг ирэх дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлнэ гэв.

Эрх баригчид дотроо УИХ, Засгийн газраараа талцсан байгаа энэ үед төсөв хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Г.Ганболд “шүгэл үлээлээ”. Ингэх болсон шалтгаан нь гишүүн бүрийн тойрогт хуваарилсан гурван тэрбум төгрөгтэй холбоотой юм.

УИХ-ын дарга Г.Занданшатар төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийн үеэр “Хууль бус хуулийн төслийг хэлэлцүүлж чадахгүй. “Мөнхбаатар дарга хурал удирд” хэмээн чуулганы хуралдааныг хаяж гарсан. УИХ-ын дарга нь төсвөө хууль болсныг ил цагаан ийнхүү баталж байна. Нэг гишүүний гурван тэрбум төгрөг гэхээр нийт 228 тэрбум төгрөг болно гэсэн үг. Засгийн газар гишүүдээ 228 тэрбумаар авлигадах оролдлого хийж байгаа юм.

Г.Ганболд гишүүний хувьд Засгийн газраас эрх олгосон гурван тэрбум төгрөгийн “бялуу”-ндаа сэтгэл нь цадаагүй байна. Тэрбээр “Гишүүд тойрог дээрээ 3 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын санал өгөөрэй. Тэгээд байнгын хороон дээр зарчмын зөрүүтэй санал өгөхгүй шүү гэж тохирсон. Тиймээс чимээгүй явж байна. Гэтэл 216 төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэхээр дахин нэмж оруулж ирсэн байна” хэмээн мэдэгдсэн. Тус 216 төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх багцад түүний санал ороогүй тул бусад гишүүдийн гурван тэрбумын багц нэмэгдсэнд ийн бухимдсан байна.

Засгийн газар ингэж сонгууль угтсан төсвөө чимээгүй батлуулах чиглэлийг гурван тэрбумаар барьцаалсан “но” ил болсон. УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг “Сонгуульд зориулсан төсвөө буцаах ёстой. Улсыг өрөнд оруулсан төсөв баталж болохгүй. Гишүүдэд “Гурван тэрбум төгрөг тойрог дээр нь тавина” гэх байдлаар авлигадаж төсөв  батлах гэж байна. Ингэж болохгүй. Одоо 76 гишүүнийг хоёроор үржээд энэ тоо өснө.

Би УИХ-ын гишүүнээр ажиллаж эхэлсэн цагаасаа тойрог дээрээ төсөв тавиулж үзээгүй. Энэ үйлдлээ зогсоо Б.Жавхлан. Улсын төсөв юу болж байгаа талаар УИХ дээр асуулга явуулах саналтай байна. Гадаад өрийн удирдлагын талаар Сангийн яамнаас гаргасан байна.

2022 оны байдлаар улсын нийт өр 33.8 тэрбум ам.доллар байна. 2014 онд 21 ам.доллар байсан юм. Гэтэл энэ хугацаанд 12 ам.доллараар улсын өр нэмэгдчихээд байгаа юм. 2022 онд гаргасан Үндэсний аудитын газраас өр нэмэгдэж байна гээд гаргачихсан. Дэлхийн банкнаас Засгийн газрын өр нэмэгдэж, төсвийн зардал хэт өндөр байгаас гадна тогтворгүй байна. Үүнээгээ засаж сайжруул гэсэн анхааруулгууд байсаар байтал засахгүй юм” хэмээн Г.Ганболд гишүүний үгийг баталж өглөө.

Улсаараа хэмнэлтийн горимд шилжсэн үед Засгийн газар нь кноп худалдаж авах үнийг гурван тэрбум төгрөгт хүргэсэн нь энэ. Өмнөх жилүүдэд гишүүдийн багцад нэг тэрбум төгрөгийн санал авч суулгадаг байсан бол өнгөрөгч онд дөрвөн тэрбум төгрөг болж нэмэгдсэн. Энэ жил гурван тэрбум болгож байгаа юм. Хуульчилсан хулгай гэж энэ л дээ. Үүнийгээ МАН-ын зарим гишүүд голж, ил цагаан ийнхүү байр сууриа илэрхийлж эхэлсэн нь тэр юм.

Э.ТЭРГЭЛ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу