Эхнэрээ зодож, өөрт холбогдох хэргийг шалгаж буй цагдаа нарт авлига өгсөн хэрэгт буруутай нь тогтоогдож, шүүхээс ял сонсон, Говьсүмбэр аймгийн 425-р хорих ангид ял эдэлж байсан “Нэткапитал” ББСБ-ын үүсгэн байгуулагч Д.Сүндийг хугацаанаас нь өмнө суллажээ. Түүнд оноосон гурван жилийн ял 2024 оны арванхоёрдугаар сарын 3-ны өдөр дуусгавар болох байв.

Хэргийг сануулахад, “Нэткапитал” ББСБ-ыг үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн дарга Д.Сүндий өөрийн эхнэр Н.Ундрахыг хэрцгийгээр зодож, хавиргыг нь хугалж, хүндэвтэр гэмтэл учруулсан хэргээр 2019 оны гуравдугаар сард анх шалгагдаж эхэлсэн. Эл үйлдэлд нь Эрүүгийн хуулийн 11.4-1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэх үндэслэлээр Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын I хэлтсийн мөрдөгч, ахмад Г.Даваажав хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж эхэлжээ.

Тухайн үед Д.Сүндий энэ бүхнийг худал мэдээлэл хэмээн мэдэгдэж, түүнд холбогдох хэрэг хэрэгсэхгүй болжээ. Гэвч хэргийг хаах үед Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын I хэлтсийн мөрдөгч, ахмад Г.Даваажав нотлох баримт устгасан, Д.Сүндийгээс хахууль авсан болох нь тогтоогдсон.

Мөн Д.Сүндий өөрийн ажилтан болох Д.Баттөгсөөр дамжуулан хэргийг мөрдөн шалгаж байсан цагдаа нар болох Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын мөрдөгч Т.Батсайханд 10 сая төгрөг, Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн мөрдөгч Г.Даваажавд хахууль өгсөн нь тогтоогдож, бүгд ял сонсож байв.

Д.Сүндий 2020 онд УИХ-ын 25 дугаар тойрог буюу Чингэлтэй дүүрэгт нэр дэвшсэн. Тухайн үед тэрбээр хөрөнгө орлогын мэдүүлэгтээ амины хоёр орон сууц, дөрвөн байр, үйлчилгээний зориулалтын 3 байр, зургаан авто зогсоолтой. Үл хөдлөх хөрөнгийн нийт дүн 23 тэрбум төгрөгийн өртөгтэй гэж мэдүүлж байжээ. Жилийн орлого нь 238.3 сая, гэр бүлийн гишүүдийн орлого нь 36.3 сая төгрөг байсан аж.

Мөн жийп болон туулах чадвар өндөр “Lexus-570” маркийн хоёр машинтай бөгөөд 406 сая төгрөгөөр үнэлсэн байдаг. Улмаар 1.6 тэрбум төгрөгийн хадгаламжтай, 3.5 тэрбум ын зээлтэй, 2.5 тэрбум төгрөгийн авлагатай гэжээ.

“Нэткапитал Финанс Корпораци” ХХК, “Нэткапитал Авто” ХХК, Нэткапитал Лизинг” ХХК, “Нэткапитал Финанс Групп” ХХК, “Нэткапитал Мобайл” ХХК, “Нэт Академи” ХХК, “Нэткапитал Холдинг” ХХК, “Нэткапитал Девелопер” ХХК, “Нэткапитал ТРД” ХХК, Ардчилал хөгжил академи бусад, Сүндий сан Бусад, “Эрдэнэс Тавантолгой” ХК-иудад хувьцаа эзэмшдэг тухайгаа мэдүүлж байжээ.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу