Израилийн Батлан ​​хамгаалах яам өнгөрсөн Пүрэв гарагт баллистик пуужин сөнөөх зориулалттай, пуужингийн довтолгооноос хамгаалах “Хец 3” (Strela 3) системийг байлдаанд анх удаа амжилттай ашигласан тухайгаа зарлав.

Тус яам мэдээлэлдээ “Арваннэгдүгээр сарын 9-нд пуужингийн довтолгооноос хамгаалах “Хец 3” системийг анх удаа байлдааны зориулалтаар амжилттай харвасан. Энэхүү систем Улаан тэнгисийн бүс нутагт, Израиль руу хөөргөсөн байг амжилттай устгасан. Энэхүү систем 2017 онд ашиглалтад орсон бөгөөд түүнээс хойшхи анхны ажиллагаа нь  энэ юм” гэж дурджээ.

Израиль улсын эрх баригчид өнгөрсөн аравдугаар сарын сүүлчээр Йемений Хути босогчдын хөөргөсөн “газар-газар” ангиллын пуужинг сөнөөхөд пуужингийн довтолгооноос хамгаалах “Хетц 2” системийг ашиглаж буйгаа зарласан. Мөн тус пуужинг Израилийн нутаг дэвсгэрт хүрэхээс өмнө Улаан тэнгист сөнөөсөн байна.

Израилийн пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах олон давхаргат “Хец 3” систем нь хамгийн “өндөр түвшнийх” юм. Энэ нь агаар мандлаас гадна 100 километрийн өндөрт, 2.4 мянган километрийн зайд баллистик пуужингуудыг саатуулах чадвартай ажээ.

“Хец 2” пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах систем нь баллистик пуужинг сөнөөхөд зориулагдсан боловч “Хец 3”-тай харьцуулбал хурд, хүрээ, ашиглалтын өндрийн техникийн хувьд түүнийг гүйцэхгүй аж.

Эх сурвалж: RIA NOVOSTI
Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу