ОХУ-ын Онцгой байдлын яамны харъяа Бүс нутгийн төвийн төлөөлөгч “Гурван хүнтэй Ан-2 онгоц Чукоткад сураггүй алга болсон” гэж “РИА Новости” агентлагт мэдээлжээ.

Москвагийн цагаар өглөөний “05.30 цагт Магадан бүс нутгийн төлөвлөлтийн төвийн жижүүр “01.40 цагт ‘Стриж Авиа’ агаарын тээврийн компанийн Ан-2 онгоц Певек-АС Полярный-Певек чиглэлд хөөрснөөс хойш сураг алдарсан” гэж хэлсэн байна. Тус онгоцонд багийн хоёр гишүүн, нэг зорчигч байсан аж.

Аврагчид, эмнэлгийн ажилтнуудын хамт Москвагийн цагаар 05.30 цагт “Ми-8” нисдэг тэргээр нислэгийн маршрутын дагуу хөөрсөн боловч цаг агаарын таагүй нөхцөл байдлын улмаас буцаж газардсан байна. Москвагийн цагаар өглөөний 06.30 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлжээ.

Мужийн дарга Владислав Кузнецов “Үзэгдэх орчин хазгаарлагдаж, цаг агаарын нөхцөл байдал муудсаны улмаас Певекээс Чукоткийн Полярный тосгон руу явах замдаа сураггүй алга болсон Ан-2 онгоцыг хайхаар хөөрсөн аврагчид бүхий нисдэг тэргийг эргүүлэн татсан. Үүнээс гадна дөрвөн сайн дурын ажилтан хоёр цасны машинтай Полярный руу явсан” гэж бичжээ.

Тосгоны удирдлага тус тосгонд маш их хэмжээний цас орсныг тэмдэглээд, цасны машинтай явсан сайн дурынхны төлөө санаа зовж буйгаа илэрхийлсэн байна. Нийт 150 кг ачаа тээвэрлэж явсан гэх тус онгоцыг эрэн хайх ажиллагаа үргэлжилж буй талаар “Radio 1” мэдээлжээ.

Эх сурвалж: RIA NOVOSTI, IZVESTIA
Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу