УИХ-ын чуулганы өнөөдөр (2023.11.10)-ийн нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн М.Оюунчимэг “Сүүлийн үед ховор төрлийн хавдраар өвчлөх хүүхдийн тоо эрс нэмэгдэж байна. Эмэгтэй гишүүний хувьд олон хүн надад хүсэлт тавьдаг. “Гадаадад эмчилгээ хийлгүүлэх шаардлагатай байгаа юм. Төрөөс зардал гаргуулах тал дээр туслаад өгөөч” гэдэг.

Гадаад улсад эмчилгээ хийлгэсэн иргэдийн эмчилгээний зардлын дөнгөж 5 хувийг л Эрүүл мэндийн даатгалын сангаас олгох хуулийн зохицуулалт бий. Энэ мөнгө хувь хэмжээ бага, мөн шалгууртайгаар тодорхой хүмүүст л олгодог юм билээ. Тиймээс зайлшгүй эмчлүүлэх шаардлагатай байгаа хүмүүст төрөөс дэмжлэг үзүүлэх хэрэгтэй байна.

Эрүүл мэндийг дэмжих сангийн хөрөнгийг нэмэгдүүлж, Монголд эмчлүүлэх боломжгүй иргэдээ бодлогоор дэмжих шаардлагатай. Мэдээж Монголд эмчлэх боломжгүй өвчнүүдийг эмчилдэг болохын төлөө тоног төхөөрөмж оруулж ирэх, эмч мэргэжилтнүүдийг сургах зэрэг нь ирээдүйд бидний зайлшгүй хийх ажил” гэлээ. 

Үүнд УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг “Ирэх оны төсөвт 10 тэрбум төгрөг төсөвлөсөн. Сайдын багцад гадаад эмчилгээний зардал гэж 500 сая төгрөг төсөвлөдөг байсныг 1 тэрбум болгож нэмэгдүүлсэн. Нийт 11 тэрбум төгрөгийн хүрээнд нийгмийн эрүүл мэнд, техник технологи нэвтрүүлэх, гадаадад эмчлүүлэх иргэдэд үзүүлэх санхүүгийн дэмжлэгийг нэмэгдүүлэхээр төлөвлөж байна” хэмээн хариулав.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу