“Шар гэгээ” Монголын уран сайхны киног үзээд уйлж, хүүхдээ тэврэн үнсэж буй эмэгтэйн бичлэгийг та үзсэн байх. Түүнтэй холбогдож, киноны талаарх сэтгэгдлийг нь сонсож, ярилцлаа. 

Батмөнхийн Батцэцэг, одоо 29 настай. Дорноговь аймгийн Сайншанд суманд нөхөр, хүүхдийн хамт амьдардаг ажээ. Хүүхэд нь тун удахгүй нэг нас хүрэх гэж байгаа тул төрсөн өдрийн баярыг тэмдэглэх гээд завгүй өдрүүдийг өнгөрүүлж байгаа тухайгаа хэлсэн юм.

-Цахим сүлжээгээр “Шар гэгээ” тухай мэдээлэл их түгсэн. Түүнийг хараад үзэхээр шийдсэн үү?

-Нөхөр маань ээлжийн ажилтай. Амарч ирсэн үед нь хамтдаа сууж, гоё кино үзье гээд, юнивишний видео сан руу ортол “Шар гэгээ” байсан. Тэгээд л үзсэн юм. 

-Уйлж байгаа бичлэгийг нь харсан. Сэтгэл нь их хөдөлсөн бололтой. Олон хүн уярч, уйлсан тухайгаа хэлж, бичлэгээ сошиалд тавьж байсан ч та илүү зүйл мэдэрсэн мэт санагдсан. Танд ямар сэтгэгдэл төрсөн бэ? 

-Киноны дунд хэсэгт бага зэрэг нулимс дуслуулсан. Гэхдээ кино шүү дээ гээд л дотроо бодоод тайвширсан юм. Төгсгөл хэсэгт нь хүүгээ буцаагаад авна гэх вий гэж айж, шимширч, “үлдээчихээсэй” гэж залбирч байсан. Амьдралын баяр жаргал, үр хүүхдийн үнэ цэн, эцэг хүний уужуу ухаан, ноён нуруу, эх хүний хайр энхрийлэл, гэр бүлийн хамтдаа бүтээх жаргал, зовлон гээд олон зүйлийг харуулж, ухааруулсан сайхан уран бүтээл болсон байна лээ. Кино уран бүтээлчдэд алга ташмаар байна. Ийм гоё кино үзэж байсангүй. 

-Хүүхэд нь охин уу, хүү юу?

-Охин.

-Тэр бичлэг дээр уйлж сууж байгаад, босоод охиноо тэвэрч харагдсан. Ямар нэгэн шалтгаан байв уу? 

-Бид хоёр жилийн өмнө дөрвөн настай охиноо өвчнөөр алдчихсан юм. Охин минь жилийн дараа ээждээ эргэж ирсэн. Үрээ алдах үедээ элгээ эмтэртэл шаналсан. Тэр үеийг минь “Шар гэгээ” кино харуулах шиг л болсон. Кино дуусаад өөрийн эрхгүй охиноо тэврээд, “Ээждээ ирсэнд баярлалаа, үр минь” гэж чихэнд нь шивнэсэн юм. 

-Хүнээ алдахаас илүү хэцүү зүйл гэж юу байх билээ. Хүнд үеийг нь дахин сануулсанд уучлаарай. 

-Зүгээр дээ. Хоёр охинтой байсан бол гэж харамсдаг л юм. Хүний хувь тавиланг яалтай билээ. 

-Нөхөр нь бичлэг хийгээд, кино багийнхан руу явуулсан юм билээ. Тухайн үед бичлэг хийж байгааг мэдсэн үү?

-Мэдээгүй. Нөхөр маань  охинтойгоо тоглож байгаа бололтой босож, суугаад л яваад байсан юм. Киноны төгсгөлд охиноо тэврээд уйлж байгаад урагшаа хартал утсаа барьчихсан байсан. “Яаж байгаа юм бэ” гэтэл гэр бүлийнхээ групп чатад оруулна гэсэн. Гэтэл кино багийнхан руу явуулчихсан байна лээ. Кино багаас нөхөртэй маань холбогдоод, албан ёсны фэйсбүүк хуудастаа тавьж болох уу гэж асуусан. Найзууд над руу явуулаад л, “Чи мөн үү” гээд инээгээд байна. Би ичээд л байна. (инээв)

Ийм сайхан кино хийсэн уран бүтээлчдэдээ баярлалаа гэж хэлье. Мөн танай сайтын хамт олонд ажлын өндөр амжилт хүсье.

Х.ТҮШИГ

1 сэтгэгдэл

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу