Өчигдөр буюу 2023 оны гуравдугаар сарын 08-ны өдөр ГССҮТ-өөс “Гэмтлийн эмнэлэгт бага насны хүүхэд биедээ ил харагдах гэмтэлтэй, ухаангүй байдалтай ирсэн” гэх мэдээлэл ирүүлсний дагуу шалгалтын ажиллагааг явуулж байгаа талаар цагдаагийн байгууллагаас мэдээлсэн.

Урьдчилсан байдлаар хүүгийн хойд эцэг болох “Э” нь харж байх хугацаандаа зодсон байж болзошгүй нөхцөл байдал тогтоогджээ. “Э” нь хүүг эмнэлэгт хүргэгдсэний дараа оргон зайлсныг цагдаагийн байгууллагаас шуурхай эрэн сурвалжлах ажиллагааг явуулж, илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа гэж мэдээллээд буй.

Тэгвэл уг асуудлаар ГССҮТ-өс дараах мэдээллийг өгч байна. 
ГССҮТ-ийн эмнэлгийн тусламж, үйлчилгээ хариуцсан дэд захирал Р.Гантуяа “Манай ГССҮТ-д өчигдөр 09:40 цаг орчимд шалтгаан тодорхойгүй, биеийн байдал маш хүнд хүүхэд хүргэгдэж ирсэн. Хүүхдийг хүлээн авсан даруйдаа манай эмч нар яаралтай оношилгоо, шинжилгээг хийсэн. 
Хавсарсан хүнд гэмтэлтэй, зөөлөн эдийн няцрал ихтэй, сээр нурууны гуравдугаар нугалмын их биеийн хугаралтай, баруун шууны хугаралтай, тархины хүнд гэмтэлтэй хүүхэд ирснийг эрчимт эмчилгээний тасагт шилжүүлээд хоёр дахь өдрөө эмчилж байна. 
Одоо амьсгалын аппараттай байгаа. ЭХЭМҮТ-ийн эмч нартай хамтраад өнөөдөр нарийн шинжилгээг хийсэн. Шинжилгээгээр хүүхдийн шулуун гэдэсний орчим зөөлөн эдийн гэмтэл, няцрал ихтэй гэсэн онош нэмж тодорсон. Биеийн байдал нь маш хүнд байна. Анхан шатны үзлэгээр тухайн хүүхдийг зодуулсан байх гэж таамаглаж байгаа.
Хүүхдийн талаар хувийн мэдээллийг өгөх боломжгүй” гэлээ.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу