Монгол Улсын Засгийн газар “авлигачид”-тайгаа хатуу хариуцлага тооцохоор “Шувуу” ажиллагааг эхлүүлсэн. Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, МАН-ын “гол тоглогч” Т.Бадамжунай, “Тавантолгой төмөр зам”-ын захирал асан, Хөдөлмөрийн баатар Н.Удаанжаргал нарын хүмүүсийг авчрахаа мэдэгдээд байсан юм.

Өнгөрөгч хоёрдугаар сараас хойш эх орондоо газардсан ганц “шувуу” нь Т.Бадамжунай болж таарав. Түүнийг хорих 461 дүгээр ангид түр саатуулж байгаад, долоодугаар сарын эхээр батлан даалтад гаргасан. “Эрүүл мэндийн байдал нь тун тааруу” гэх онош хэлж байгаа ч шүүх хуралдаандаа тэр оролцох хүсэлтэй байгааг өмгөөлөгч нь дуулгаж байв.

Нас 70 шүргэж байгаа Т.Бадамжунай ирчихээд байхад нүүрстэй холбоотой төмөр замын хэргийн гол зангилаа болсон идэр залуу, 40 настай Н.Удаанжаргал Сингапур, Малайз, Тайландын хооронд бүгж байгаа гэх мэдээлэл бий. Түүнийг эх оронд нь авчирвал төмөр замын хулгай ил болох ч ирүүлэхгүй байх сонирхолтой Х.Баттулга, “Голомт”-ын Д.Баясгалан нарын бүлэглэл бий.

Ч.Сайханбилэгийн хувьд АНУ-д сайхан амарч байна. Монголоос мөнгөн гуйвуулгаа хүлээн авч, тэрүүхэндээ гольф тоглон, цагийг зугаатай өнгөрүүлж байгаа бол Монголд боогдсон “Дубайн гэрээ”, “Эрдэнэтийн 49 хувийг хувьчилсан” хэрэг нь түүнийг хүлээж байна. “Шувуу” ажиллагааны хүрээнд түүнийг авчирна гэж 10 сарын өмнө мэдэгдсэн ч нааштай сураг алга.

Эдгээр “том шувууд”-ын асуудалтай зэрэгцэн Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Ц.Нямдоржийн хэлсэнчлэн “Монголын эзэн” Д.Эрдэнэбилэг гурван тэрбум төгрөгийн барьцаа байршуулаад, Монголоос гарч зугтаад есөн сар болчихлоо. Сингапур л явсан гээд байгаа болохоос бат нот мэдэж байгаа хүн ч бас алга.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны наймдугаар сарын 18-ны өдрийн 2023/ЦХШЗ/7-14-я тоот захирамжаар “Д.Эрдэнэбилэг нь дуудсан цагт хүрэлцэн ирэх боломжгүй талаар урьдчилан мэдэгдсэн болох нь тогтоогдохгүй байх тул түүнд урьд авсан барьцаа авах, таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, барьцаа болох 3 тэрбум төгрөгийг улсын орлого болгохоор шийдвэрлэсэн.

Тэр гурван тэрбум төгрөгөө улсын орлого болгуулж байхдаа хотойж, хойноос нь хэл ам хийсэнгүй. Үүнээс үзэхэд гурван тэрбумыг тавьж байгаад гарч зугтах яалт ч үгүй шаардлага байж. Шүүх прокурорын дуудсан цагт хүрэлцэн ирэх үүрэгтэй ч Д.Эрдэнэбилэг очихгүйгээр үл барам зугтаж байгаа нь цагдан сэргийлэх арга хэмжээ авахуулахаас ч айхгүй байна гэсэн үг.

“Цемент шохой” ХК, “Эрдэнэт” үйлдвэр, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийн хууль бус хувьчлалын гол эзэн, одоогийн статусаараа яллагдагч Должингийн Эрдэнэбилэг гадаад улс руу “шувуу” болон дайжих шалтгаан байсан нь гарцаагүй. Эмчилгээ хийлгэх нэрийдлээр тэр хил даван одсоноос хойш есөн сар орчим болж байна.

Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.Амарбат “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК, “Цемент шохой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 49 хувийн хувьчлал зэрэг хэргүүдийн гол холбогдогч, яллагдагч Д.Эрдэнэбилэг Монгол Улсаас оргон зайлаад эргэж ирээгүй байна. Эдгээр хэргүүдийг хууль хяналтын байгууллага дөрөв дэх жилдээ шалгаж байна.

АТГ-аас 2022 он арванхоёрдугаар сард шүүхэд шилжүүлсэн байдаг. Харин Д.Эрдэнэбилэгийн өмгөөлөгч 2023 оны хоёрдугаар сарын 9-ний өдөр “Гадаадад эмчилгээ хийлгэх шаардлагатай учир хилийн хоригийг цуцалж өгнө үү” гэх хүсэлт хүргүүлснийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч шийдвэрлэсэн байдаг.

Энэ хүнийг гурван тэрбум төгрөгийн барьцаа аваад, явуулсан байдаг. 2023 оны дөрөвдүгээр сард прокуророос эргээд хэргийг АТГ руу мөрдөн байцаалтад буцаасан. Шалтгаан нөхцөл нь хэрэгт холбогдогч Монголд байхгүй байна гэсэн. Шүүх, прокурор өөрсдөө тавьж явуулчихаар энэ хэрэг эргээд хэзээ сэргэж, шүүхээр шийдвэрлэгдэх вэ гэдэг нь ойлгомжгүй байна.

“Эрдэнэт” үйлдвэр дөрвөн их наяд, Дарханы төмөрлөгийн үйлдвэр 2.8 их наяд, “Хөтөлийн цемент шохой” дээр 300 тэрбум төгрөгийн гээд, нийт долоон их наядын хохиролтой хэрэг дээр гурван тэрбум төгрөгийн барьцаа тавиад, гаргаад явуулчихсан байна” хэмээн мэдэгдсэн байдаг.

Т.Бадамжунай, Ч.Сайханбилэг, Н.Удаанжаргал нарыг “Шувуу” ажиллагааны хүрээнд авчирна гэж зарласнаас хойш тэднийг “том шувуу” гэх болсон. Тэгвэл Д.Эрдэнэбилэг Монгол Улсыг бүхэлд нь залгих гэж байсан энэ цаг үеийн хамгийн том “ШУВУУ” юм. Тиймээс хуулийн байгууллагынхан түүнийг “Шувуу” ажиллагааны хүрээнд эх оронд нь авчирж шалгамаар байна. “Айсан хүнд аргал хөдөлнө” гэдэгчлэн айдаг бүхэн нь ил болчих гээд, аргагүй барьц алдаж байгаа сураг бий.

“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК, “Цемент шохой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-тай холбоотой хэрэг шүүхэд шилжээд, долоон жилийн нүүр үзэж байна. Д.Эрдэнэбилэгийн хувьд эдгээр хэргийн гол зангилааг тайлах учиртай ч одоогоор харь улсаас нөхцөл байдлыг ажиж байгаа юм.

Төрийн өмчит томоохон үйлдвэрүүдэд эзэн сууж байхдаа парламентад өөрийн гишүүдтэй, Засгийн газрын тэргүүн, сайд нарыг томилуулчихдаг, тэр бүү хэл шүүхэд хүртэл хүмүүсээ шургуулчихсан тул шүүхийн процессыг сунжруулсаар ирсэн байдаг.

Ч.Сайханбилэг, Д.Эрдэнэбилэг гэсэн хоёр “билэг” 2024 оны сонгуулийг л хүлээж буй. Бүх бооцоогоо эрх баригчдын эсрэг тавьж, өөрийн хүчийг эргэн зузаатгах сонирхол маш их байгаа юм.

Дараагийн дугаартаа Худалдаа хөгжлийн банкныхны буюу Д.Эрдэнэбилэгийн оролцсон, орооцолдсон төрийн өмчит компаниудыг өөрт ашигтай байдлаар завшиж ирсэн луйврын схемийг хүргэх болно.

ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ…
Э.ТЭРГЭЛ

2 САНАЛ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу