Палестины радикал ХАМАС бүлэглэл аравдугаар сарын 7-нд Израиль руу хийсэн халдлагын үеэр барьцаалсан хүмүүсийг суллах хэлэлцээгээ түр зогсоожээ. Энэ тухай “Ройтерс” агентлаг Палестины албаны нэрээ нууцалсан эх сурвалжийн ​​үгээс иш татан мэдээлэв.

Түүний хэлснээр, ХАМАС-ын шийдвэр Газын зурвасын хойд хэсэгт байрладаг “Аль-Шифа” эмнэлгийн үйл ажиллагаатай холбоотой аж. Тус агентлаг өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.

Газын хойд нутгийн томоохон эмнэлгүүд өнгөрсөн Ням гарагт ХАМАС бүлэглэлийн эсрэг Израилийн дайралтаас болж үйл ажиллагаа нь тасалдсан хэвээр байгаа аж. Палестины албаны хүн дутуу төрсөн гурван хүүхэд нас барж, олон арван хүүхэд эрчим хүчний хомсдолын улмаас эрсдэлд орсон гэж мэдэгджээ.

Израилийн дайчдыг устгах, барьцаалагчдыг суллахын төлөөх сар үргэлжилсэн дайны гол төв болсон Газын хойд хэсэгт орших “Аль Шифа” болон бусад эмнэлгүүд өвчтөнүүдийг эмчилж чадахгүй байгаа талаар эмнэлгийн ажилтнууд мэдэгдэв.

Израилийн бөмбөгдөлтөд өдөр бүр илүү олон хүн өртөн амь үрэгдэж, шархдаж байгаа ч тэднийг хүлээн авч эмчлэх газар улам бүр цөөрсөөр байгаа ажээ.

Газын Эрүүл мэндийн яамны хэвлэлийн төлөөлөгч Ашраф Аль-Кидра Аль Шифа хотоос ярихдаа Израилийн гал “эмнэлгийн ажилтнууд болон энгийн иргэдийг айлгаж байна” гэж мэдэгдэв.

Израилийн цэргийн ерөнхий төлөөлөгч, контр-адмирал Даниел Хагари өнгөрсөн Бямба гарагт Израилийн арми тэнд байгаа ажилтнуудын хүсэлтээр нярай хүүхдүүдийг эмнэлгээс гаргахад тусална гэж мэдэгджээ. Аль-Кидра хэлэхдээ, нийт 45 нярайн гурав нь хэдийнэ нас барсан бөгөөд нярайг хэрхэн аюулгүй газар хүргэх талаар тэдэнд юу ч хэлээгүй байна.

Тус эмнэлгийн гоо сайхны мэс заслын эмч хэлэхдээ, инкубаторын байрыг бөмбөгдсөний улмаас дутуу төрсөн нярай хүүхдүүдийг энгийн орон дээр эмчлэхээс өөр аргагүйд хүрчээ.

Доктор Ахмед Эль Мохаллалати “Ройтерс” агентлагт “Энэ нь маш эрсдэлтэй гэдгийг бид мэднэ. Бид өдрөөс өдөрт илүү олон нярай алдах нь тодорхой” гэж хэлсэн байна.

Газын хойд хэсэгт орших Бейт Лахия дахь Индонезийн эмнэлэгт Израилийн пуужинд оногдсон нярай Мосаб Субейхийг яаралтай авчирсан ч гэрэл цахилгаан тасарсны улмаас сэхээн амьдруулах гар аппаратаар эмчилж эхэлжээ. Эмч нарын нэг “Нярай толгойдоо хүнд гэмтэл авч, цус алдаж буй бөгөөд бидэнд хагалгаа хийх ямар ч боломж алга” гэж хэлсэн байна.

Палестины Улаан хавирган сар нийгэмлэгээс Газын хойд хэсэгт орших хоёр дахь том эмнэлэг болох “Аль-Кудс”-ын ажилтнууд эм, хоол хүнс, ус дутагдалтай байгаа ч хүмүүсийг аврахаар бүхий л боломжоороо тэмцэж байгаа аж.

Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооны хэвлэлийн төлөөлөгч Томмасо Делла Лонга “Аль-Кудс эмнэлэг сүүлийн 6-7 хоногт үйл ажиллагаа нь зогссон. Орох, гарах гарц ч алга. Эмнэлэг рүү хэнийг ч оруулахгүй, хэнийг ч гаргахгүй байна” гэж мэдэгджээ.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага эмнэлгүүдийн үйл ажиллагаа зогсож, ХАМАС бүлэглэлийнхэнд барьцаалагдсан хүмүүсийн төлөө санаа зовж буйгаа мэдэгдсэн байна.

Израиль ХАМАС-ын удирдлага дор болон эргэн тойронд буй төвүүдийг устгах ёстой гэж мэдэгджээ. Улмаар өнгөрсөн Ням гарагт Израиль “Газын хойд хэсэгт байрлах “Шифа” зэрэг гурван эмнэлгээс нэг гарцаар дамжуулан хүмүүсийг аюулгүйгээр нүүлгэн шилжүүлэх боломжтой” гэж мэдэгдсэн байна. Эмнэлгийн захирал Мохаммад Абу Селмейя “Аль Арабия” телевизэд аюулгүй гарц байхгүй талаар мэдэгджээ.

Газын зурваст хүмүүнлэгийн байдал хурцдаж байгаа тул өнгөрсөн Баасан гарагаас хойш эхний нүүлгэн шилжүүлэлтээр гадаадын 80 иргэн, шархадсан хэд хэдэн палестинчууд Египет рүү нэвтэрсэн гэж Египетийн аюулгүй байдлын дөрвөн эх сурвалж мэдээлсэн байна.

Польш тэдний 18 нь тус улсын иргэд гэж мэдэгдсэн бөгөөд АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан “CBS News” телевизэд мэдээлэхдээ “Америкийн иргэдийг Ням гарагт Газын зурвасаас гаргана” гэжээ.

Ням гарагийн үдээс хойш дор хаяж 80 тусламжийн ачааны машин Египетээс Газ руу хөдөлсөн гэж эх сурвалж мэдээлсэн байна.

Палестины эрх баригчид Баасан гарагт мэдээлэхдээ, ХАМАС бүлэглэлийн дайралт эхэлсэн өдрөөс хойш Газын 11078 оршин суугч агаарын болон их бууны цохилтод өртөн амь үрэгдсэний 40 орчим хувь нь хүүхдүүд байна гэжээ.

Олон улсын тусламжийн агентлагууд “Сургууль болон бусад хоргодох байранд нүүлгэн шилжүүлсэн хүмүүсийн дунд өвчин тархаж, өл залгах хоол хүнс, балга усаар амь зогоож байна” гэж мэдэгдэв.

Өдгөө 54 настай Жамила Газа хотоос ярихдаа гэр бүлийнхнийхээ хамт танкуудын “архирах чимээ” дунд буйгаа хэлжээ. Тэрбээр “Өдрийн цагаар хүмүүс талх, ус гэх мэт хэрэгцээт зүйлсийг хайж олохыг хичээж буй бол шөнө нь амьд үлдэхийг хичээж байна” гэж хэлсэн байна.

Зургаан хүүхдийн ээж гэр бүлийнхнээ алдахаас айж буйгаа хэлээд, “Бид өмнө зүгт олон бөмбөг дэлбэрэх чимээ сонсож байна. Бидэнд ямар ч хоол хүнс алга” гэж ярьсан байна.

Палестины эрүүл мэндийн албаныхны мэдээлснээр, Ням гарагт Газын өмнөд хэсэгт орших Хан Юнис дэх байшинд Израилийн агаарын цохилтын улмаас 13 хүн амь үрэгджээ.

Оршин суугчид Газын хойд хэсгийн эрэг орчмын Аль-Шати дүрвэгсдийн хуарангийн эргэн тойронд байлдааны ажиллагаа улам эрчимжиж байгаа талаар мэдээлсэн байна. Израилийн арми тэнд хэд хэдэн зэвсэгт босогчийг устгасан гэж мэдэгдээд, өмнөд нутгийн иргэдийг нүүлгэн шилжүүлэхийн тулд дөрвөн цагийн завсарлагыг ашиглахыг энгийн иргэдэд уриалжээ.

Израилийн талаас “ХАМАС-ын нэгэн адил Ираны дэмжлэг үзүүлдэг Ливаны “Хезболла” бүлэглэл өнгөрсөн Ням гарагт Довевын хуарангийн ойролцоо Израилийн армийн цэргүүд рүү дайрч, “хохирол учруулсан” гэж мэдэгдсэн байна.

Израилийн арми зэвсэгт этгээдүүдийн харвасан танк эсэргүүцэх пуужинд хэд хэдэн энгийн иргэд оногдсон. Бид их буугаар хариу цохилт өгч байна” гэж мэдэгджээ.

Эх сурвалж: REUTERS, AL ARABIYA, AL JAZEERA
Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу