Арваннэгдүгээр сарын 1. Төв аймгийн Бүрэн сум. Үдийн хойно шивэрч эхэлсэн бороо оройдоо шаагиж эхэллээ. Нутгийн хөгшид “Энэ цагт ийм бороо орно гэдэг өмнө үзээгүй зүйл байна” хэмээн  ярилцана. Зуны сэрүүхэн орой шиг чийг ханхалж, сумын төвд эл хульхан, бороо асгарна.

Төрсөн газрынхаа салхийг амсахаар их хотоос давхиулсаар 16.00 цагийн үед “Монголын хөтөл”-өөр давлаа. Төхөм нуур цайран униартаж, холын ууланд бороо цэнхэрлэнэ. Нутаг минь зун цаг шиг ээл угтсанд дотор минь баяр төрлөө. Төрсөн цагаас хойш гишгээгүй газартаа ирж, салхин дор нь зогсохыг олон жил бодож явсансан.

Сумын сургуулийн хэл, уран зохиолын багш Д.Нямгаваа найзынд ирэхээр тохирч, сургуулийн үүдэнд буулаа. Орой сэрүү орсон цагаар багачуудын хичээл тарсан бололтой гэрийн зүг алхацгаана. Буйдхан газрын хөл хөдөлгөөн гэж юухан билээ. Хаа нэг нохой хуцахаас өөр тод чимээ үгүй. Саяхан баригдсан бага сургуулийн өргөтгөл болон спорт заалны барилга чухам шинэ содон харагдана.

Дэлгүүрийн нэр, хаягаас эхлээд сургуулийн анги танхим хүртэл босоо монгол бичгээр давхар хаягласан нь анхаарал татлаа. Уудам тал нутгийн нэгээхэн буйд сууринд ч монгол хэл соёлоо нандигнан буйд бахархал төрсөн юм.

Энд юмс анир гүмд шингэж эсвэл нам гүмээс ургаж байх шиг санагдана. Тэртээ холд их хотын уур амьсгал, хүн ихтэй гудамж, түгжрэл, техник технологийг бодохуйяа нүдээ аниад, уртаар амьсгалмаар боллоо.

Багшийн гэрт орвол хойд ханаараа дүүрэн ном өржээ. Залуу хүний гэр болохоор эмх цэгцтэй саруулхан байлаа.

Тэрбээр “Анх хөл хорионы үед нутагтаа ирж багшлах болсон. Хийж бүтээх хүсэл, залуу насаа бодоод хотод, эсвэл сумандаа янз бүрийн л бизнес эхлүүлэх гэж үзсэн. Гэвч бүх зүйлд ганцаардаж байгаа нь л урам хугалдаг байлаа. Мэдлэг, чадварыг буй болгож өөрийгөө бэлтгэх л хамгийн зөв алхам бололтой” хэмээн яриад, ирэх жилээс виз бүтвэл гадагшаа л гарах санаа байна гэж нэмлээ.

Багш мэргэжлийн сайхан, хөдөө нутгийн амар тайван, ном уран зохиолын гүн гүнзгий талаар бид шөнөжин ярилцсан юм. Эл бүхнийг мэдэрч, амар тайван амьдрах сайхан хэдий ч залуу хүн л болсон хойно ирээдүйнхээ төлөө зовнилгүй яах вэ.

Болохоос болохгүй хүртэл нь бид ярилцаад, маргааш өглөө нь (2023.11.02) хөдөө гэрт нь очихоор болов. Өвөлжөөнд буугаад удаагүй хөдөө гэрт нь хашаа хороо зөөх ажил үлдээд байж. Хүн бүл багатай айлд нүүдэл суудал ч хүндрэлтэй юм билээ.

Төв аймгийн Бүрэн сумын уугуул, 2023 оны Улсын сайн малчин Т.Дамбадаржаа гэх айлын яндангаас утаа суунаглана. Төхөм нуурын урдхан өвөлжөө нь байх агаад шаргалтсан их дэрсэн дунд нөмөр ихтэй дулаахан байлаа.

Өвөлжөөнөөс нэг их холгүй хуучин буйраасаа малын хашаагаа ачихаар зэхэж буйтай таарч өдөржин ажил болж нар шингэхтэй зэрэгцэн бага гэрээ барьж амжсан юм. Тэнгэр бүүдийж салхи ч жигтэйхэн хүйтэн болжээ. Хоёр хацар халуу дүүгж, халууцсан биеэс уур савсах хэдий ч гутлын ул жиндэж, хүйтнийг хайр найргүй мэдрүүлж байсан юм. Хотын намайг жиндүүхэн байх дор айлын 7 настай жаал хүү хээв нэг тоглож харагдана.

Түүнийг Д.Жадамба гэдэг. Сумын бага сургуулийн хоёрдугаар анги. Том болоод малчин болох мөрөөдөлтэй түүний хамгийн сайн мэддэг дуу шүлэг нь хоёулаа “монгол наадгай”, шагайны тухай ажээ. Нүүдэлчин ахуйн мөр балраагүйгээр үл барам цааш ч тасрахгүй гэдгийг энэ хүүгээс харж болно. Түүнээс холын хүний сонин хачин сонсох их хүсэл харагдана.

“Малчин болвол аав, ээждээ тусалж чадна” гэж ярихдаа хэзээний итгэлтэй зоригтой ярих нь хайр татам.

Оройны ажил дуусаж, гэрт орвол халуун цай аягалж, уур савссан хоол дөхүүлэх гэрийн эзэгтэй угтлаа. Энэ айлд шинэ эриний техник гэвэл зурагт хөлдөөгч л байх бөгөөд цөм хуучин сайхан дурсамж сэдрээх эд хогшил байх ажээ. Багачууд шулганан тоглоод, аав ээжийнх нь маргаашийн тухай яриа энэ гэрийг халуун дулаанаар улам төөнөнө.

Гадна гарвал шөнийн хүйтэн хэдийнэ хацар хайрах ч аз жаргалтай айлын тоононд сар бууж, одод эрхлэх бүлгээ.

Сумын төв дэх гэрт нь очиж, дахин нэг хоноод, хотын зүг хөдлөхөөр болсон юм. Гэвч урд шөнөдөө орсон цас зам харгуйг тэр чигт нь хучжээ. Монголын хөтөл даваад Өндөрширээт сум явах замтай нийлэх учиртай ч уудам хөндийн хуудуу нугалаа бүхнийг цас дарсан байлаа.

Сумаас хөдөлсөн есөн машин өдрийн наранд цас ухаж, зам гаргаж, бие биеэ татаж чирж өнжив. Анхны цас гэхнээ ингэж ихээр орсон нь юуны дохио гэдгийг хэлж үл мэднэ.

Ямартай ч нутагтаа ирсэн би бээр бороо, цас, ахуй амьдрал бүгдийг нэг дор мэдрээд буцсан юм. Эхний өдөр зам гаргаж чадалгүй буцаад, зэргэлдээ сумдад олон хүн амь эрсэдсэнийг сонсоод сэтгэл ихэд хоосон өнжиж билээ. Шөнөжин яндан тачигнаж, нохой хуцаж хоносон тэр шөнө, найман бүсгүй амь тэнгэрт одсоныг бодоход байгаль дэлхийн өмнө хэтэрхий хүчин мөхөс юм даа, бид.

Замын цасыг дийлээгүй бид Баян-Өнжүүл сумын нутгаар тойрон явсан билээ. “Сарваа цуцахын хөндий” гэх их уудам хөндийг туулна, Зоргол хайрханы бэлээр гарч одно. Тэнгэр газартай нийлэн хуйларч, цагаан өнгөөр бужигнан бүжиж байсан юм.

Амар амгалан, сүрлэг эх орон минь. Их сайхан орныхоо нэгээхэн буйд сууринд зочилсон товч тэмдэглэлээ ийнхүү сийрүүлэв.

А.САЙХАНБАЯР

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу