Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ээлжит өглөөний уулзалтаа өнөөдөр (2023.11.13) Төрийн үйлчилгээний нэгдсэн систем “E-Mongolia”-гийн хамт олонтой хийж байна. Тэрбээр тус системийг бүтээхэд мэдлэг боловсрол, оюун санаагаа дайчлан ажилласан мэргэжлийн инженерүүд, академийн хамт олонд талархал илэрхийллээ.

Өнөөдрийн байдлаар 86 байгууллагын 1106 үйлчилгээг тус цонхонд нэгтгэж, 1.7 сая хэрэглэгчтэй болж, 36.5 сая удаагийн төрийн үйлчилгээг цахимаар үзүүлж, иргэд 706.9 тэрбум төгрөг хэмнэсэн байна.

Мөн энэ оны тавдугаар сард “E-Mongolia 3.0” систем нээлтээ хийснээр хөгжлийн бэрхшээлтэй иргэд ашиглах боломж бүрдэж, ААН-үүдийн бүртгэл хялбар, шуурхай болж, нотариатын үйлчилгээ нэмэгдсэн юм.

Уулзалтын үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “E-Mongolia 4.0” системийн хөгжүүлэлттэй холбогдуулан үг хэллээ. Тэрбээр “Системийн дараагийн шинэчлэлийг иргэдийн саналд тулгуурлаж, эрүүл мэндийн салбарын цахим шилжилтэд онцгой анхаарах хэрэгтэй.

Нийтийн тээвэр, төрийн үйлчилгээ зэрэг хотын асуудал дээр томоохон реформ хийхийг иргэд хүсэж байна. Иймд дээрх асуудлыг шийдвэрлэхийн тулд Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Эрүүл мэндийн яамтай хамтран ажиллах хэрэгтэй” гэв.

Мөн Монгол Улсын нэгдсэн вэб, төлбөрийн систем, хиймэл оюун ухааныг “E-Mongolia 4.0”-д ашиглах зэрэг санал дэвшүүллээ.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу