Маргааш (2023.11.14) Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр тохиож буй. Энэ өдөр төрийн дээд “Чингис хаан” одонг хүртээдэг билээ. Энэ жил “Чингис хаан” одонг Улсын филармонийн дэргэдэх “Морин хуурын чуулга”-д хүртээхээр болжээ. Энэ талаар Ерөнхийлөгчийн тамгын газар (ЕТГ)-аас мэдээллээ.

ЕТГ-ын дарга Я.Содбаатар “Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, Үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, эх орондоо хүмүүнлэг, ардчилсан нийгмийг цогцлоон хөгжүүлэх, нийгмийн дэвшлийг хангах, төрт ёс, түүх соёлоо гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг бусад оронд сурталчилан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан Монгол Улсын хамлаг, иргэн, хуулийн этгээдэд Чингис хаан одонг олгодог.

Мөн улс түмний эв нэгдэл, хөгжил цэцэглэлтэд хүн төрөлхтний амар амгалан байдлыг бэхжүүлэх болон гадаад орнуудад тогтоосон харилцан хамтын ажиллагааг хөгжүүлэх, дэлхий дахинд Монгол Улсын нэр хүндийг өргөн сурталчлах, тус улсын эдийн засаг, нийгэм, оюун санааны эв нэгдэлд бодитой хувь нэмэр оруулсан гадаад улсын иргэн, төр нийгмийн зүтгэлтнүүдэд олгодог журамтай. 

Энэ жил Монгол Улсын төрийн дээд, тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг Улсын филармонийн “Морин хуур чуулга”-д хүртээхээр боллоо. 

“Морин хуурын чуулга” 1992 онд байгуулагдсан, 21 жилийн түүхтэй. Монголчуудын өв соёл, түүхийг дэлхий нийтэд сурталчлан таниулах чиглэлээр эрчимтэй үйл ажиллагаа явуулж буй юм.  

Чуулга өдгөө 36 хүний орон тоотой. Цаашид өргөтгөх ёстой гэж үзэж байна. Найрал хөгжмийн хэмжээнд хүргэж, орон тоо, бүтэц зохион байгуулалт болон материаллаг баазыг сайжруулах чиглэлд ажиллаж байна” гэлээ. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу