Монгол Улсын загвар өмсөгч Шаарийбуугийн Алтантуяагийн амь насыг 2006 онд хэрцгийгээр хөнөөж, цаазын ялаар шийтгүүлсэн, Малайзын цагдаа асан Сирул Ажар Умарыг Австралийн цагаачлалын төвийн саатуулах газраас суллажээ.

Энэ тухай мэдээллийг Малайзын Цагдаагийн газрын ерөнхий байцаагч Разарудин Хусейн, Сирулын өмгөөлөгч Уильям Левингстон нар баталсан байна.

Ноён Разарудин өнгөрсөн Ням гарагт “Малайзын цагдаа асан Сирулыг шилжүүлэн өгөх асуудлыг Ерөнхий прокурортой хэлэлцэн шийдвэрлэнэ” гэж мэдэгджээ.

Тэрбээр “Бернама” агентлаг мэдээлэхдээ “Сирулын эх орон руугаа буцаах хүсэлтийг Ерөнхий прокурорын танхим (AGC) шийдвэрлэнэ. Учир нь энэ асуудалд Малайз, Австралийн засгийн газрууд оролцож байна” гэж ярьжээ.

Ноён Левингстон Сирулыг арваннэгдүгээр сарын 8-нд Дээд шүүхийн шийдвэр гарсны дараа олон арван хүний хамт сулласан ч “Малайз руу албадан буцаан гаргах боломжгүй” гэж мэдэгдсэн байна.

Сирул өөрийн хамсаатан, сайдын аюулгүй албаны ажилтан Азила Хадригийн хамтаар 2006 онд 28 настай Ш.Алтантуяаг хөнөөж, цогцсыг нь дэлбэлсэн хэрэгт буруутгагдаж, цаазын ял сонссон. Тухайн үед сайд байсан Нажиб өөрийгөө гэм буруугүй гэж мэдэгдсээр ирсэн бол Азила цаазын ял сонссон хоригдлуудын өрөөнд хоригдож буй юм байна.

Өмгөөлөгч Левингстон “Хүн амины хэрэгт буруутгагдаж, Малайзад цаазлуулах аюултай байгаа тул Малайзын Засгийн газар цаазын ялыг халах хүртэл Австралийн Засгийн газар Сирул Ажар Умарыг шилжүүлэн өгөх боломжгүй” гэж мэдэгджээ.

“Daily Mail” сонин “Сирул Сидней дэх Виллавуд саатуулах төвөөс өнгөрсөн Бямба гарагт суллагдсан бөгөөд өдгөө Канберра дахь хамаатныдаа байна” гэж мэдээлсэн байна.

Хатагтай Ш.Алтантуяагийн үхэл Малайзаас Францын хөлөг онгоцны аварга DCNS-ий 2002 онд үйлдвэрлэсэн “Скорпен” ангиллын хоёр шумбагч онгоц худалдаж авахад Нажибын зөвлөх асан Абдул Разак Багиндагийн хэлмэрч, хамтран зүтгэгч байсантай нь холбоотой гэж үзэж байгаа аж.

Ноён Абдул Разакийг хоёр хүнийг “өдөөн турхирсан” хэрэгт буруутгасан ч удалгүй цагаатгажээ.

Сирул Австралийн “Guardian” сонинд өгсөн ярилцлагадаа “Аллага үйлдэх тушаал өгсөн” гэж хэлсэн ч хэн зааварчилгаа өгснийг нууцалсан байна. Тэрбээр “Ш.Алтантуяаг хулгайлахад оролцсон, хүн амины хэрэгт оролцоогүй” гэж нэмж хэлжээ.

Эх сурвалж: The STRAITED TIMES, REUTERS
Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу