Өнгөрөсөн долоо хоногт УИХ-аар ирэх оны төсвийг баталсан билээ. Төсөвтэй холбогдуулан Сангийн сайд Б.Жавхлан, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн нар мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Засгийн газраас өргөн барьсан 2024 оны төсвийн тухай хуульд ажлын хэсгээс ямар өөрчлөлт оруулж, батлуулсан талаар товч мэдээлэл хүргэе.

Нэгдүгээрт, УИХ-ын ажлын хэсэг төсвийн орлогыг 590 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, төсвийн тэнцлийг сайжруулсан. Нийт дүнгээр нь яривал 27.1 их наяд орчим төгрөгийн орлогыг 27.7 болгосон. Цэвэр дүнгээрээ 25.3 байсан бол 25.9 болж нэмэгдсэн байгаа юм. 

УИХ-ын үндсэн үүргийн нэг бол улсын төсвийн тэнцлийг сайжруулж, алдагдлыг багасгах ёстой. Энэ үүргийн дагуу төсвийн алдагдал ДНБ-ий -2.8 хувьтай тэнцэж байсныг -2 болгосон. Тоон дүнгээр нь яривал 2 их наяд орчим төгрөгийн алдагдал байсныг 1.5 их наяд орчимд орууллаа. 

Хоёрдугаарт, Төсвийн ерөнхийлөн зарцуулагчдын багцаас 1.88 хувийг жигд хасаж, төсвийн зарлагыг 320 орчим тэрбум төгрөгөөр бууруулсан.

Гуравдугаарт, хөрөнгө оруулалтын хэмжээг нэмсэн. Өмнөх онуудад төсвийн хөрөнгөөр ажил үйлчилгээ гүйцэтгээд, тэр ажлынх нь төсвийн үнэ нэмэгдэж, нэмэгдсэн дүн нь төсөвт тусгагдаж чадаагүй байсан 110 объектийг улсын төсөвт төсөвт өртөгийг нь нэмэгдүүлж оруулсан. 

Дөрөвдүгээрт, ирэх оны дөрөвдүгээр сарын 1-нээс тэтгэврийг 10 хувиар нэмнэ гэж тооцож байсныг 100 мянган төгрөг болгосон. Үүний эх үүсвэрт шаардлагатай 140 орчим тэрбум төгрөгийг шийдвэрлэсэн.

Мөн төсөв дагасан 21 хууль, найман тогтоол батлагдсан. Эдгээрээс заримд нь өөрчлөлт орууллаа” гэлээ. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу