АНУ Сирийн зүүн хэсэгт Ираны дэмжлэгтэй бүлэглэлүүдийн эсрэг агаараас цохилт өгсний улмаас дор хаяж зургаан хүн амь үрэгджээ. Энэ тухай өнгөрсөн Ням гарагт АНУ-ын Батлан ​​хамгаалах яамны ахлах төлөөлөгчийн мэдээллээс иш татан “Fox News” мэдээлжээ.

Түүний хэлснээр, АНУ Ойрхи Дорнод дахь Ираны лалын хувьсгалыг хамгаалагчдын корпус (IRGC)-ын бааз руу дайралт хийснээр Ираны зургаан дайчин амь үрэгдсэн байна.

АНУ-ын Батлан ​​хамгаалахын сайд Ллойд Остин өмнө нь Ерөнхийлөгч Жо Байден Ираны дэмжлэгтэй бүлэглэлүүдийн эсрэг агаараас цохилт өгөх тушаал өгснийг баталжээ. Пентагоны тэргүүн “Сургалтын төв болон хоргодох байранд цохилт өгсөн” гэж мэдэгдсэн байна.

Байден өмнө нь “АНУ шаардлагатай гэж үзвэл Ираны дэмжлэгтэй, Ойрхи Дорнод дахь Америкийн цэргүүдийн эсрэг халдлагыг хариуцдаг бүлэглэлүүдийн эсрэг шинэ цохилт өгөхөд бэлэн байна” гэж анхааруулжээ.

Пентагон “Сири, Ирак дахь АНУ-ын цэргүүд аравдугаар сарын 17-ноос хойш 50 орчим удаа халдлагад өртсөн” гэж мэдээлсэн байна. Вашингтоны засаг захиргаанаас мэдээлснээр, АНУ-ын Агаарын цэргийн хүчний хоёр F-16 сөнөөгч онгоцоор аравдугаар сарын 26-нд IRGC-д харъяалагддаг зэвсэг, сумны агуулах руу агаараас цохилт өгчээ.

Өдгөө Сирийн нутаг дэвсгэрт Америкийн 900 орчим цэрэг, Иракт 2.5 мянга орчим цэрэг байрлаж буй юм байна.

Пентагоны тэргүүн Ллойд Остин Америкийн цэргүүд Ерөнхийлөгч Жо Байдены тушаалаар Сирийн зүүн нутаг дахь байгууламжуудад “өндөр нарийвчлалтай” цохилт өгсөн тухай мэдээлсэн талаар АНУ-ын Батлан хамгаалах яамны мэдээлэлд дурджээ.

Тус байгууламжуудыг Ираны Лалын хувьсгалыг хамгаалагчдын корпус болон Ираны дэмжлэгтэй бүлэглэлүүд ашиглаж байжээ.

Цохилтын бай нь Абу Камал хотын ойролцоох бэлтгэл сургуулилалтын бааз болон зэвсэгт этгээдүүд нууцаар үйл ажиллагаа явуулж байсан Маядин хотын барилга аж. Энэ удаагийн цохилтыг “Ирак, Сири дэх америкчуудын эсрэг халдлага үргэлжилсээр байгаагийн” хариуд өгсөн байна.

Израил, ХАМАС бүлэглэлийн хооронд Газын зурваст дайн эхэлснээс хойш АНУ гурав дахь удаагаа Сири дэх объектуудад цохилт өгсөн байна. АНУ-ын цэргүүд өмнө нь аравдугаар сарын сүүлч, мөн өнгөрсөн долоо хоногт Ираны дэмжлэгтэй бүлэглэлд цохилт өгсөн билээ.

Өмнө нь “Иракийн исламын эсэргүүцэл” бүлэглэл цохилтын хариуд Америкийн баазууд руу 20 гаруй пуужин харважээ. Газын зурваст дайн эхэлснээс хойш Сири, Ирак дахь АНУ-ын баазууд олон удаа халдлагад өртсөн байна.

Эх сурвалж: FOX NEWS, DEFENSE.GOV
Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу