УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийн шүүх хурал Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр /2023.11.13/ 11:30 цагт эхэлсэн.

Гэвч гэрч, оролцогчдын ирц бүрдээгүй тул шүүх хуралдааныг хойшлуулж, арванхоёрдугаар сарын 13-ны 10:00 цагт товлолоо.

Шүүх хурлын үеэр Б.Ганхуягийн өмгөөлөгч Г.Ганцэцэг “Шүүх хурлыг хойшлуулж байгаа тохиолдолд миний үйлчлүүлэгчид авсан цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгөхийг хүсэж байна.

Б.Ганхуяг эрүүл мэндийн хувьд маш хүнд нөхцөл байдалд ороод байна. Иймд түүнд хувийн баталгаа гаргаж, хилийн хориг тогтоох арга хэмжээ авч өгнө үү.

461-р хорих ангид арьсны эмч байхгүй. Монгол Улсын хэмжээнд арьсны өвчлөлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ганцхан эмнэлэг бий. Иймд тухайн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх бололцоог нь хангаж өгнө үү” хэмээн хэлэв. 

Гэвч шүүгч уг саналыг хүлээж авахгүйгээр шүүгдэгч нарт авсан цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээлээ. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу