Өнөөдөр өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн. Эл өдрийг 2012 оноос эхлэн бүх нийтийн амралтын өдөр болгон хуульчилсан билээ. Их эзэн Чингис хааны төрсөн өдрийг эрдэмтэд ийнхүү тодорхойлсонтой холбоотойгоор “Монгол бахархлын өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэг болсон. Гэвч бид чухам “бахархал” гэж юу болох, тэр тусмаа Монгол бахархал юу байх ёстой гэдэгт тодорхой хариулт өгч, түүнийгээ танин мэдэж амжаагүй явна гэхэд буруудахгүй. Энэ талаар уран барималч Э.Эрхэмбаяртай ярилцсанаа хүргэж байна.

-“Монгол бахархлын өдөр” тохиож байна. Энэ өдрийн тухайд та ямар бодолтой явдаг вэ?

-Энэ өдөр бүх судлаач, эрдэмтэн мэргэд Чингис хааны тухай ярих байх. Өнөөх л ярьдаг зүйлээ ярьсаар ирсэн. Өнгөрсөн түүхийг л бид ярьдаг, 800 гаруй жилийн өмнөх түүхээрээ бахархдаг. Монголчууд “Сайн эцгийн нэрийг гурав зарж иднэ” гэж ярьдаг. Түүхээ үгүйсгэж байгаа хэрэг биш, түүхээс юу олж авах, юугаар бахархах вэ гэдгээ ойлгох цаг болсон.

Чингис хааны төрсөн өдөр өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн гэдэг утгаар нь бид тэмдэглэн өнгөрүүлдэг болж. “Монгол бахархлын өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлнэ гэхээсээ илүү “Монгол хүн гэж хэн бэ” гэдгийг илүү таньж мэдэх, түүгээрээ бахархан, үйл бүтээх өдөр болгож өнгөрүүлбэл илүү үнэнд ойрхон байх учиртай. Мөн чанар нь юу юм бэ гэдгийг ойлгохгүй байна. Бахархах зүйлээ үнэн сэтгэлээсээ шүтэн биширч, таньж мэдэж чадаж байна уу гэвэл хараахан чадахгүй л байна шүү дээ.

-Чингис хааны тухай дэлхий дахинд хоёр талт ойлголт байдаг. Эзлэн түрэмгийлэгч, эрэлхэг баатар гэж. Үнэхээр эзлэн түрэмгийлэгч байсан бол бидний бахархах зүйл юу байх байсан бэ?

-Мухраар нэг зураг гэрийнхээ хойморт тавьчихаад бахархаад болчих асуудал биш. Чингис хааныг та хэрхэн хүлээж авч байна вэ гэдэг итгэл үнэмшлийн асуудал юм. Итгэхгүй ч байж болно. Зүрхэн тушаа байх учиртай зүйл бол бахархал. Тэр зүрхэн тушаа мэдрэх учиртай зүйлээ судлах, өөрийн хэмжээнд танин мэдэх, танин мэдсэнээр цааш бүтээх үйлийн сэдэл авах гэх мэтээр бахархлын мөн чанарыг таньж болох байх.

Одоо цагт бол шударга ёсыг дайн тулаангүйгээр тогтоож болно. Арван гуравдугаар зуунд бол асуудал шийдэх цор ганц арга дайн тулаан байсан. Эмх замбараагүй улс орныг нэгтгэхийн тулд цус урсгасан дайн тулаан хийж байжээ.

Чингис хаан өөрөө бага насандаа асар хэрцгий, балмад цаг үед өссөн учраас түүнийг өөрчлөхийн тулд илүү их хүчийг үзүүлэх хэрэгтэй болсон.

Нүдэн дээр нь алахыг алаад, булааж болох бүхнийг булаагаад явчихдаг байсан үеийг өөрчлөх чин хүсэл их хаанд байсан учраас дайтсан. Тэр дайны үр дүнд энх тайван тогтсон. Монгол морины туурай хүрсэн газар бүрд энх тайван тогтоосон. Илүү их хүчийг үзүүлэн байж номхотгож, шударга ёс, энх тайван гэх зүйлийг мэдрүүлж байсан юм. Мэдээж нэгэн биеийн нас дийлэлгүй тэнгэрт хальж, үр удам нь тэр бүхнийг үргэлжлүүлсэн тухай түүх бидэнд байна. 

Энэ түүхээс, гадаад орчинд өрнөж байгаа зүйлсээс монгол хүний ондоошил, бахархлыг хайхаас илүү хувь хүн өөрөөсөө хайвал илүү ойлгомжтой болно. Ямар хэмжээнд мэдэж ойлгож, итгэж үнэмшиж байгаагаас хамаарна.

Аливаа итгэл үнэмшил гадна үзэмжид байхгүй шүү дээ. 800 гаруй жилийн өмнөх Их Монгол улс шиг шахам том хоёр хөрш биднийг хүрээлж байна. Харин бид ямар түвшинд байгаагаа мэдэрчих юм бол бөх үзээд, зүгээр суугаад байхгүй. Тэр өдөөх хүчин зүйлийг багаас нь таниулж, мэдрүүлэх тал дээр боловсролын салбар, соёл урлагийн салбар ажиллах ёстой. Мэдэрчихвэл утаа, түгжрэл, автобус унаагаа яриад суугаад байхгүй. Нэгэн үеийн залуус нэгдэж нийлээд, нэгэн зэрэг сэрээд, хөдлөөд эхэлбэл нэгдэж нягтарч чадна. Таньж мэдсэн, сэрж бахархсан цаг үе ирэх байх.

-“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэн өнгөрүүлбэл үр дүнтэй гэж та бодож байна вэ?

-Барималчин хүн Чингис хааны тухай яриад байгааг гайхаж магадгүй. Барималчин хүн ч түүхч болдог юм билээ. Энэ бүтээлийг хийх, түүхийг хэрхэн бүтээж мөнхлөх, түүхийн нэгэн хэсгийг биежүүлэн, хойч үедээ үлдээх гэдэг бол асар том хариуцлага. Энэ бүгдийн ард их олон судалгааны ажил байдаг. Чингис хааны тухай мэдээж маш олон салбарын уран бүтээлчдийн бүтээл байна. Гол нь аль нь илүү үлдэв гэдэг л чухал.

Өнөөдөр Монголд аз болоход буудалцаад байлдаад байгаа юм алга. Гэхдээ л эргэн тойрон дайн дажинтай байна. Энэ бүхнийг томоор нь харж, энэ том зүйлийн дотор монгол хүн та хаана нь явна вэ гэдгээ мэдрэх хэрэгтэй. Дэргэд нь бөмбөг дэлбэрч, дээгүүр нь онгоц шунгинаж байгаа цаг үед бөөнөөрөө Бөхийн өргөөнд бөх үзээд, “Чингис хааны төрсөн өдөр өө” гээд байж болохгүй юм. Магадгүй сайхан мах чанаж идээд, баахан архидан согтуураад өнгөрөөдөг байх. Энэ зүйлийг л жаахан анзаарчихвал монгол бахархал өөрөө бий болох байх.

Юуны тулд монгол хүн болж төрөв, юуны төлөө энэ бүхний дотор зүтгэж байгаа юм бэ, өдөр хоногийг хэний төлөө өнгөрөөж байна вэ гэдгээ ч ойлгохгүй шахам төөрсөн хүн маш олон байна. Энэ төөрсөн иргэдийн дунд өнөөх хэдэн зальхай хүмүүс тоглолт хийгээд, хөлжөөд суудаг. Бүх нийтээр нь сайхан амраагаад л. Тэгэхээр магадгүй энэ өдрийг амралтын өдөр байлгахаасаа илүү “бахархал” гэдэг зүйлийг таниулах, монгол хүний мөн чанарыг ойлгуулах үйл ажиллагааг илүү голлох ёстой болов уу. Нүдийг нь нээж байж итгэл үнэмшил, зоригийг нь бий болгох чухал гэж санадаг даа.

Ярилцсанд баярлалаа.

А.САЙХАН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу