Хүн төрөлхтний түүхэнд уур амьсгалын өөрчлөлт ба хөрөнгийн хамгийн том дахин хуваарилалтыг эрчимжүүлж буй хүчин зүйл бол эрчим хүчний шилжилт.

McKinsey-ийн судалгаагаар, 2050 он гэхэд нүүрсхүчлийн хийн ялгарал шингээлтийн харьцааг тэглэхийн тулд дэлхийн ДНБ-ий 7.6% буюу жилд 9 их наяд гаруй евро зарцуулах шаардлагатай. Энэ нь өнөөдрийн бидний зарцуулж буй дүнгээс 3.4 их наяд еврогоор их юм.

Олон улсын эрчим хүчний агентлагийн судалгаагаар, дэлхийн хэмжээнд сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл ирэх таван жилд өмнөх 20 жилийнхтэй дүйцэхүйц хэмжээгээр нэмэгдэх нь.

Тус агентлагийн “Тогтвортой хөгжлийн хувилбарт таамаглал”-аар ирэх 25 жилд дэлхий дахинд нүүрсхүчлийн хийн ялгарал шингээлтийн харьцааг тэглэж, ДНБ-ий 3.5 хувийн өсөлтийг хангахын тулд 700 гаруй сая тонн зэс шаардлагатай ажээ.

Хүн төрөлхтөн өнгөрсөн 100 мянган жилд 700 сая тонн зэс олборлон боловсруулсан гэж тус агентлагийн судалгаанд дурджээ.

“S&P Global”-ийн тооцоолсноор, 2035 он гэхэд зэсийн эрэлт хоёр дахин нэмэгдэхээр байгаа ч ойрын хугацаанд дэлхийн болон БНХАУ-ын эдийн засгийн тодорхойгүй байдлын нөлөөлөл ихээхэн мэдрэгдэх бололтой. Хятадын зах зээлд ес, аравдугаар саруудад эрэлт нэмэгддэг уламжлалтай ч энэ оны хувьд эсрэгээрээ удааширч, өнгөрсөн сард үнэ нь 11 сарын доод түвшин буюу 7856 ам.доллар/тонн болж унаад, эргэн сэргэсэн билээ.

БНХАУ-ын зэсийн үйлдвэрлэл дээд түвшиндээ хадгалагдсан хэвээр байгаа нь зэсийн хэрэглээгээр тэргүүлдэг тус улсад эрэлт нь эдийн засгийн хүндрэлд харьцангуй тэсвэртэй байгаа дохио өгч буй юм.

“Рио Тинто” группийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга Доминик Бартон “Монголын эдийн засгийн форум-2023”-д тавьсан илтгэлдээ “Монголчууд зэс болон байгалийн бусад баялгаа орчин үеийн дэвшилтэт технологитой зөв хослуулж чадвал эрчим хүчний шилжилт, хурдацтай явагдаж буй технологийн өөрчлөлтөөс үр шим хүртэх боломжтой” хэмээн онцолсон билээ.

Азийн хөгжлийн банк тайландаа Монгол Улс 5.4 тераватт сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэх боломжтой талаар дурдсан нь АНУ-ын 2022 онд хэрэглэсэн цахилгааны хэмжээнээс илүү гэсэн үг. Ийм учраас Монгол Улс нар болон салхины эрчим хүчний экспортоор дэлхийд тэргүүлэгч орон болох боломж бүрэн дүүрэн байгааг шинжээчид онцолсоор буй юм.

Монгол Улсын Сангийн яам ирэх оны төсөвт зэсийн экспортын хувьд “Оюу толгой”-н гүний уурхайн олборлолт эрчимжиж, баяжмал дахь зэсийн агууламж нэмэгдсэнээр 2024 онд нийт зэсийн баяжмалын экспортын хэмжээ 1.5 сая тоннд хүрнэ” гэж тусгасан.

Ирэх оны төсвийн төсөлд хийсэн аудитын дүгнэлтээс харвал, эрдэс бүтээгдэхүүний экспортын хэмжээ, татварын орлого зэргийг өөдрөгөөр төсөөлсөн нь төсөвт тодотгол хийх эрсдэлд хүргэж болзошгүй юм. Монголын эдийн засгийн клуб “Төсвийн хэт тэлэлт инфляцыг хөөрөгдөх, макро эдийн засгийн тэнцвэрт байдлыг алдагдуулах нөхцөл бүрдүүлнэ” гэж дүгнэжээ.

МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСАГТ “ОЮУ ТОЛГОЙ” ТӨСЛИЙН НӨЛӨӨ

Монгол Улсад сүүлийн таван жилийн дунджаар уул уурхайн салбар ДНБ-ий 15, нийт экспортын 90 гаруй хувийг бүрдүүлж буй. Уул уурхайн салбараас эдийн засагт үр өгөөжөө өгч буй төсөл, хөтөлбөрүүдээс “Оюу Толгой” төслийг онцлон дурдъя.

2030 он гэхэд “Оюу Толгой” дэлхийн дөрөв дэх том зэсийн уурхай болох төлөвтэй байгаа билээ. “Оюу Толгой”-н гүний уурхай блокчлон олборлох буюу дэлхий дээрх хамгийн нарийн олборлолтын технологи ашигладаг. (Газрын гүний 1300 метрт байгаа зэсийн хүдрийг олборлох зардал багатай энэ аргыг “Рио Тинто” сүүлийн 25 жилийн турш хөгжүүлж, энэ нөү хауг бий болгохын тулд 150 жил зарцуулжээ).

“Оюу Толгой” төслийн Монгол Улсын нийгэм, эдийн засагт оруулж буй хөрөнгө оруулалт асар их. Тухайлбал, 2010 оноос хойш өссөн дүнгээр 9.9 их наяд төгрөгийг татвар хураамж, үндэсний компаниудад төлжээ. 2023 оны эхний гурван улиралд татвар, хураамж бусад төлбөрт 1 их наяд төгрөг төлсөн байна.

Дотоодод зарцуулсан нийт мөнгөн хөрөнгө нь 38.8 их наяд төгрөгт хүрсний 75 хувийг аж ахуйн нэгж, бусад байгууллагад төлсөн төлбөр, 19 хувийг улсын төсөвт төлсөн шууд төлбөрүүд эзэлж буй бол үлдсэн 6 хувийг цалинд зарцуулжээ.

“Оюу толгой”-н баг, хамт олон 2028-2036 оны хооронд нэг жилд олборлох зэсийн хэмжээг дунджаар 500,000 тоннд хүргэх бизнесийн зорилтод хүрэхийн төлөө гүний уурхайг аюулгүйгээр ахиулан ажиллаж байгаа талаараа III улирлын тайлангаа танилцуулахдаа мэдээлсэн билээ.

Олон улсад нэг тонн хүдэр боловсруулахад дунджаар 1.2 шоо метр ашигладаг бол “Оюу толгой” нэг тонн хүдэр боловсруулахад 0.55 шоо метрээс бага (2023 оны 3-р улиралд 0.46 шоо метр ус ашигласан) ус ашигладаг байна.

Нийт ажилтны 97.2 хувийг монголчууд, мөн “Оюу толгой” ХХК-ийн нийт ажилтны 23.4 хувийг эмэгтэй ажилтнууд тус тус эзэлж байна.

Нийлбэр дүнгээрээ 2010 оноос хойш нийт 4.2 тэрбум ам.доллар буюу 9.9 их наяд төгрөгийг дээрх хэлбэрээр төлжээ. Үүнд Монголын ханган нийлүүлэгчдэд төлсөн НӨАТ багтсан байна.

Энэ оны гуравдугаар улиралд зорилтоосоо давж, нийт 127,419 тонн баяжмал дахь зэс, 135,646 унц баяжмал дахь алт үйлдвэрлэжээ. Мөн гуравдугаар улиралд гүний уурхайд хөндлөн малталтын гүйцэтгэл нь 12,208 метрийн ахицтай байсан аж.

Нийт 812 ханган нийлүүлэгчтэй хамтран ажилласны 704 нь үндэсний ханган нийлүүлэгч байжээ. Үйл ажиллагааны худалдан авалтынхаа 88 хувийг эдгээр үндэсний ханган нийлүүлэгчдэдээ зарцуулсан байна.

2023 оны гуравдугаар улиралд хийсэн баяжуулах үйлдвэрийн засвар болон хүдрийн дундаж агуулга (0.52% ба 0.42%) өндөр байсан зэргээс хамаарч 2023 оны гуравдугаар улиралд олборлосон зэсийн хэмжээ 2022 оны хоёрдугаар улиралтай харьцуулахад 16 хувиар өсчээ.

Энэ улиралд 1.73 хувийн зэсийн дундаж агуулгатай 0.9 сая тонн хүдрийг гүний уурхайгаас, 0.39 хувийн зэсийн дундаж агуулгатай 8.8 сая тонн хүдрийг ил уурхайгаас тус тус олборлон боловсруулсан байна.

Нийт 622,818 хүн/цагийн сургалтад ажилтнуудаа хамруулан, ур чадварыг нь өсгөсөөр байгаа аж. Үүний зэрэгцээ Говийн оюу хөгжлийг дэмжих сангийн Малчин өрхийн оюутны тэтгэлэгт 2010 оноос хойш Өмнөговийн 517 оюутныг хамруулжээ.

Боловсролын тэтгэлэг, бусад хөтөлбөрүүдэд 2010 оноос хойш 3916 оюутан, Залуусын хөгжлийн хөтөлбөрт 2013 оноос хойш ахлах ангийн 1592 сурагч тус тус хамрагдсан байна.

Дашрамд дурдахад, “Рио Тинто” групп 2010 оноос хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд “Оюу Толгой” төсөлд 15.4 тэрбум орчим ам.долларын хөрөнгө оруулжээ.

Д.ЭРДЭНЭТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу