Энэ улсад бүтэж байгаа зүйл гэж үнэндээ алга. Байгаа зүйл ч гэж алга. Байгаагаас “байгаа” нь иргэдийн хоолгүй шахам өдрүүд, өр зээл л байна. Хатуу өвөл болно гэдгээ байгаль дэлхий мэдрүүлж, намрын сүүл сарын шувтаргаар баруун болон төвийн аймгийн нутгуудаар их хэмжээний цас орж, зудын байдалд шилжлээ.

Завхан, Ховд, Увс, Баянхонгорын малчид амины хэдэн малынхаа талыг нь “заазанд” явуулжээ. Цасанд өгч байхаар цөөн хэдэн цаас болгоё л гэж малчид зүтгэж эхэлсэн байна. Мал, махны үнэ унаж буй энэ өдрүүдээр улс даяараа шатахуунгүйн зуданд давхар нэрвэгдлээ.

Хотоо харлуулчихгүй гэхдээ үлдсэн хэдэн малаа авч, баруун аймгийнхан Хөвсгөл, Архангайн сумд руу хэдэн өдөр үргэлжлэх оторт гарцгаажээ. “Портер”-оо асаагаад, гэрээ ачаад оторлоё гэх нь ээ дизель түлш байхгүй тул хэдэн малаа тууж, хээрээр гэр, хэцээр дэр хийж, явганаар отор нүүдэл хийж байгаа юм.

Гадаа өвөл болж, нөхцөл байдал хүндрэхийн дээр Засгийн газрын гишүүн Ж.Ганбаатарын удирдсан Уул уурхай, хүнд үйлдвэрийн салбар мөлхөж эхэллээ. Гаднаас чихэр жимс импортлон, “Оргил” сүлжээ дэлгүүрээ босгож байсан хүний хувьд чихрийн бизнес, шатахууны бизнес хоёрын ялгааг яс махандаа шингэтэл ойлгох хэрэгтэй байна. Дэргэдэх зөвлөх, туслахаа нясалж суудаг түүний хувьд шатахууны хомсдолоос болж иргэд түүнийг няслахад ойрхон байна шүү.

Өвөлжилт хүндэрч, хүн, малгүй зутарч байхад шатахуун тасарч, малчдын зовлон улам нэмэгдэх болжээ. Завханы малчид шатахуунгүйн улмаас нүүдэл суудал хийж чадахгүй хүндхэн байдалтай өвлийн эхэн сард аймаг алгасан оторлож эхэлсэн.

Баян-Өлгий, Увсын боомтуудаар шатахуун огт орж ирэхгүй байгаа талаар нутгийн иргэд болон эх сурвалж хэлж байна. Үүнээс үүдэн Баян-Өлгий болон Увс аймгийн төв дизель түлшний хязгаарлалтад оржээ. Сумдын хувьд дизель түлш тасраад удаж байгаа талаар нутгийн иргэд хэлж байгаа юм.

Нефть импортлогч компаниуд дизель түлш, бензиний тасалдал үүсгэхгүйн тулд гэрээт хэрэглэгч болон талон, картын хэрэглэгч нартаа 10-50 мянган төгрөгөөр олгож байгаа юм байна. Алслагдсан баруун аймгууд 10 мянган төгрөгөөр хоёр литр дизель түлш авна. Балга шахам ийм түлшээр малчид хаа хүртэл оторлох юм бэ. Жижиг гэгдэх шатахуун импортлогч нарын дизель түлш дууссан тул “Петровис”-ын шатахуун түгээх газрууд маш их ачаалалтай ажиллаж байгаа гэнэ.

Уг нь ОХУ-ын шатахууны хоригт Монгол Улс орохгүй гэж хоёрхон сарын өмнө улс төр хийж байсан эрх баригчид өнөөдөр хэлэх үггүй сууна. ОХУ-ын Төрийн думын дарга В.В.Володин манай улсад айлчлахдаа шатахууны хоригт оруулахгүй гэсэн ч хэлсэн үг нь биелэлээ олоогүй л байна. Засгийн газрын шийдвэр нь гарах гэж багагүй хугацаа авсан нь ч үүнд нөлөөлсөн аж. Монгол Улсын дизель түлшний нөөц дууссаныг эх сурвалжууд хэлж байна. ОХУ-аас багахан дизель түлш орж ирэнгүүтээ дуусаж байгаа гэнэ.

Монгол Улсын Засгийн газар “Бүх зүйл сайхан болно. 11 сард үнэ бууна” гэж мэдэгдэн, гал намжааж байсан ч гадна талдаа нөхцөл байдал асар хүнд байгаа юм. Хойд хөрш дизель түлшний крантаа багасгаж эхлэх үед БНХАУ-аас нөөц бүрдүүлнэ гэж мэдэгдэж байсан ч АИ95 бензин л татсан юм байна. Тиймээс хойд хөршөөс АИ92, дизель түлшний хараат байдал хэвээр үргэлжилж байгаа. Ингэхдээ орон нутгийн иргэд, уул урхайн салбар, нийтийн тээврийн амин чухал хэрэглээ болсон дизель түлш хомсдоод байгаа юм.

Төв аймгийн Бүрэн сум дизель түлшгүй долоо хонож, өчигдөр таван тонн дизель түлш ирж, иргэд булаацалдан дугаарлаж байлаа. Мөн иргэдийн өргөн хэрэглээний АИ 92 бензин тасалдаад байгаа аж. Жаргалант суманд дизель түлш тасраад 10 гаруй хонож байгаа гэнэ. Хувийн шатахуун түгээх станцууд байгаа жаахан нөөц дээрээ үнэ нэмж зарж буй тул иргэд арга буюу авч байгаа гэлээ.

Увс аймгийн Улаангом болон бусад сумд нэг хүнд 10 литр, хувийн шатахуун түгээх станцууд 50 мянган төгрөгт өгч эхэлжээ. Сэлэнгэ аймгийн Мандал, Жавхлант сумдад дизель түлш тасарсан талаар иргэд хэлж байна. Дорноговь, Хөвсгөл, Сүхбаатар, Хэнтий, Дорнод аймгийн төв болон сумд ч мөн хязгаарлалт тогтоож эхэлжээ. Аймгийн төвүүд тодорхой хэмжээнд багаар шатахуун олгож байгаа бол сумдын нөөц барагдан, зөвхөн онцгой байдал, цагдаа, эмнэлгийн машинуудад л шатахуун олгож буй юм байна.

Сүхбаатар аймагт дизель түлш олдохоо больж, тээврийн машинууд аймгийн төвд, суманд шатахуунгүй болсон машинууд колонк бараадан зогсоцгоожээ. Тус аймагт байгаа жолооч нартай холбогдоход “Бүх колонкоор ороод, дизель түлш олдохгүй байна. Ачаатай машинаа орхиод явалтай биш гээд, машинаа сахиад байж байна. Хэзээ дизель түлштэй залгахаа мэдэхгүй байна” гэж хэлж байна. Мөн “Багахан дизель түлш олдвол шууд Шанд явах санаатай байна. Тэндээс банкаа дүүргэж аваад, хот явна даа” гэцгээж байгаа юм.

Хэнтий аймагт мөн хязгаарлалт тогтоож, 50 мянган төгрөгт олгож эхэлжээ. Иргэд “Танил талаараа яриулж байж банк дүүргэж байна. Удахгүй гэхдээ бүр хомсдож магадгүй байна” гэж мэдээлэв.

Архангай аймагт мөн өнгөрөгч долоо хоногт АИ92, дизель түлш тасраад иржээ. Удахгүй дахин дизель түлш олдохгүй болж магадгүй гээд иргэд яриад байгаа тул өдөрт бага багаар банкаа дүүргэж байгаа сурагтай.

Өмнөговь аймгийн сумдаар мөн дизель түлш тасарч, уул уурхай дагасан том техникүүд зогсож байгаад, саяхнаас ажиллаж эхэлсэн ч хэзээ шатахуун хомсдохыг мэдэхгүй байгаагаа гэж байлаа. Сумдын иргэд нөхцөл байдал хүнд буйг хэлцгээж байна.

Монгол Улсын хэмжээнд орон нутагт шатахуун, дизель түлш иймэрхүү байдалтай буюу байнгын аюулын дохиотой байгаа юм. Засгийн газар дорвитой арга хэмжээ авч, Ж.Ганбаатарыгаа сайн ажиллуулахгүй бол энэ салбар бүхэлдээ хамраараа газар хатгах нь ээ.

Тэр хөмхийгөө зууж байгаад туслахаа нясалдаг шиг хойд хөршдөө ихэрхээд байвал энэ улс чинь бүхэлдээ бензин, шатахууны хомсдолд орж, иргэд чинь морио унаж, Төв талбайдаа гарч жагсах нь ээ, Ерөнхий сайд аа.

Э.ТЭРГЭЛ

2 САНАЛ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу