Долоо хоног бүрийн Лхагва гарагт Засгийн газар хуралддаг билээ. Энэ дагуу өнөөдөр /2023.11.15/ хуралдах юм. 

Хуралдаанаар Зэвсэгт хүчний 326 дугаар ангид алба хааж байхдаа амиа алдсан цэргийн асуудлыг хэлэлцэх ажээ. 

Тодруулбал, Энэ сарын 12-13-ныг шилжих шөнө Зэвсэгт хүчний 326 дугаар ангид цэргийн алба хааж байсан 21 настай залуу амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Талийгаач төгсөх курсийн оюутан байсан ч түүнийг нь үл харгалзан цэрэгт татсан байгаа юм. Тэрээр өнгөрөгч аравдугаар сарын 20-нд татагдан очжээ.

Уг хэргийн талаар Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр “Би бүгдийг нь мэдэж байгаа. Маш их харамсаж байна. Ямар нэгэн гадны нөлөө байхгүй” хэмээн хэлсэн байдаг. 

Одоогоос хоёр жилийн өмнө буюу 2021 оны гуравдугаар сарын 28-нд тус ангид алба хааж байсан залуу зодуулж, амиа алдсан хэрэг гарч байсан. Тухайн залууг зодсон дэслэгч Д.Гялбуужамц 14 жилийн хорих ялаар шийтгэгдсэн юм. 

Өнгөрсөн хугацаанд Зэвсэгт хүчний ангид цэргийн алба хаахаар явсан залуус амиа алдсан тохиолдол олон гарсан ч хариуцлага хүлээсэн албан тушаалтан ховор байна. Тиймээс Зэвсэгт хүчинд шинэчлэл хийж, салбар хариуцсан албан тушаалтнуудад хариуцлага тооцохыг олон нийт шаардаж байгаа юм. Үүнтэй холбогдуулан Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэхээр болжээ. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу