Хүний эрхийн үндэсний комиссоос Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 21 дэх илтгэлийг УИХ-д танилцуулсан. Уг илтгэлд цэргийн алба хаагч хоорондын дүрмийн бус харьцааны нөхцөл байдалд дүн шинжилгээ хийжээ. Ингэхдээ цэргийн алба хаагчаас ярилцлага авсан байна. Илтгэлд дурдсан цэргүүдийн яриаг цувралаар хүргэж байна. 

ТОХИОЛДОЛ 1:

(Зэвсэгт хүчний … дугаар ангид 2021 онд хугацаат цэргийн алба хаасан иргэний ярилцлагаас)

…Эхэндээ 100 шинэ цэрэг байлаа гэхэд бүгд л ямар нэгэн байдлаар дарамтад өртдөг. Ялангуяа шинэхэн офицерууд ахлагч нараа, ахлагч нар хал цэргүүдийг, хал цэргүүд шинэ цэргээ дарамталдаг. Гол нь халуудыг шинэ цэргүүдээ сайн сургахгүй байна гээд зодно… Цустай нь хутгана шүү дээ, тэгээд л маргааш нь халууд шинэ цэргүүдийг дарамтлана. Алчуураар гараа ороож байгаад, нүүр рүү цохино. Тэгэхээр нүүр ам хавдахгүй, ул мөр үлддэггүй… Мөн алчуур эрчлэн ороож байгаад, толгой руу шавхуурдахад чих дүүрээд л, толгой манараад, ухаан алдсан  байдаг... Нэг удаа шавхуурдахад ухаан алдаагүй  “шийртэй” нөхрийг ухаан алдтал нь шавхуурдана. Үүнийг нь “хоохордох” гэдэг. Ёстой аймаар шүү дээ, шавхуурдуулсны дараа хэдэн өдөр толгой өвдөж, дүйнгэтээд, чих шуугиад байдаг юм билээ.

Мөн “тугны иш” гэдэг дэглэлт байдаг. Гар тулж хэвтүүлээд, өгзөг рүү гутлын өсгийгөөр цохих, эсвэл  тугны  иш  шиг  бүдүүн  модон  саваагаар  цохидог. Тэгж цохиулсан хүн зүгээр зогсох аргагүй, маш их өвдөөд, байж ядаад, дороо дэвхцэх, эсвэл хаашаа ч хамаагүй хар тэнхээгээрээ гүйж өгнө дөө…

Бас том сав, аягаар дүүрэн цай, эсвэл хоол хийж, идэхийг шахаад бүсийг нь чангалчихдаг. Тэгээд тамхи татуулах, эсвэл хоолны дараа шууд 1 км орчим газарт гүйлгэнэ, тэгэхээр шууд бөөлжинө шүү дээ. Зарим нь өмдөндөө “авчихна”, тэгэхээр нь дахиад л зодно. Бойтог цэргүүд л их дарамтлуулна. 

ТОХИОЛДОЛ 2:

(Зэвсэгт хүчний ангид ажиллаж буй офицертой хийсэн ганцаарчилсан ярилцлагаас)

…Олон хүн дотор янз янзын нөхөд бий шүү дээ. Зарим нэг байгаа байдал нь цаанаасаа нэг зэвүүн нөхдүүдийг цэргийн хүн чинь нэг тийм сүр үзүүлэх гэж, хатуу юм үзүүлчих гээд байдаг хандлага гаргадаг шүү дээ. Тэр утгаараа зоддог, нүддэг юм байдаг.

Салаан захирагчаар заставт байхдаа би өөрөө бас яг тийм үзэл, хандлагатай байсан. Жишээ нь, бусдыг уруу татаад архи уучихдаг нэг нөхрийг хүнгүй газар аваачиж байгаад даргаас нь нууж байгаад зоддог л байсан. Согтуу, архи уучихсан баригдвал даргад хэлэхгүйгээр гавлаж байгаад, ус цацаад, архийг нь гартал сунайлгаад, дэглэж л байсан. Гэхдээ тэр үеийн цэргүүдийг бодвол одоо гайгүй болсон байх аа…

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу