“Худалдаа хөгжлийн банк”-ны гэх тодотголтой “сахал” Д.Эрдэнэбилэгийн Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг Концессийн гэрээгээр авч, төрд учруулсан хохирлын талаар өгүүлье. Өмнө нь бид “Сахал Д.Эрдэнэбилэгийг “Шувуу” ажиллагагаар авчирч, шүүхийн танхимд суулгах уу” нийтлэлийг хүргэж байсан. / ЭНД дарж уншина уу/

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг нараар дамжуулан тэрбээр Монгол Улсад эзэн сууж, төрийн өмчит томоохон үйлдвэрүүдийг луйврын замаар өөрийн болгосныг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ зарлаж байсан.

“Сахал” Д.Эрдэнэбилэг “Кью Эс Си” компаниараа дамжуулан “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-д учруулсан хохирлын хэмжээ хоёр их наяд төгрөг давсан талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлсэн.

Тэрбээр “Олон нийт үр ашгийг нь хүртэх ёстой улсын томоохон үйлдвэрүүдийг концесс нэрийн дор хэдхэн хүн, бүлэглэл луйвардан авч, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэлгүй өөрсдөө өгөөж хүртдэгийн жишээ Дарханы төмөрлөгийн үйлдвэрт болжээ. Улс орон хулгайгүй, хууль бүгдэд тэгш үйлчилдэг байх учиртай. Улсад 2.6 их наяд төгрөгийн хохирол учруулсан этгээдүүдийн асуудлыг хууль хяналтын байгууллага үнэн зөвөөр, хурдан шуурхай шийдвэрлэх хэрэгтэй” гэж мэдэгдэж байсан юм.

Энэ нь одоогийн ханшаар 1300 цэцэрлэг барих мөнгө. Төрийн албан хаагчдын цалин, ахмадын тэтгэврийг хангалттай нэмэх хэмжээний мөнгө л дөө.

Түүх сөхөхөд, БНМАУ-ын (хуучнаар) Сайд нарын зөвлөлийн 1990 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдрийн 160 дугаар тогтоолоор, Монгол, Япон хоёр орны Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны гэрээний дагуу Дархан-Сэлэнгийн бүс нутгийн төмрийн хүдрийн орд газруудыг түшиглэн, Дархан хотод “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийг байгуулж байв.

“Сахал” Д.Эрдэнэбилэг “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийг маш эртнээс сонирхож эхэлсэн. Ирээдүйд өөрийнх нь саалийн үнээ болно гэдгийг мэдэж байсан тул “Кью Эс Си” компани 2010 онд Дарханы төмөрлөгийн үйлдвэрт хөрөнгө оруулалт хийж, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээс нь ашиг хуваах зарчимтай бүтээгдэхүүн хуваах, хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж байж.

2014 онд ямар нэгэн сонгон шалгаруулалтгүй “Кью Эс Си” ХХК-иараа дамжуулан, “Уул уурхай, металлургийн цогцолбор” төсөл хэрэгжүүлэх нэрээр Эдийн засаг, хөгжлийн яамтай Концессын гэрээ байгуулж, 84.5 тэрбумын эргэлтийн хөрөнгөтэй, эргэлтийн бус 90 тэрбум, харилцах дансандаа 1.1 тэрбумын үлдэгдэлтэй, 17.7 тэрбумын авлагатай, 2012 онд 82 тэрбум 2013 онд 93 тэрбум борлуулалт хийсэн үйлдвэр анх хүлээн авч байлаа.

“Кью Эс Си” компани 2022 оны дөрөвдүгээр сар буюу найман жилийн дотор БНХАУ руу төмрийн хүдрийн баяжмалыг түүхийгээр нь экспортлож, 1.8 их наяд төгрөгийн дийлэнхийг тус борлуулалтаас олсон нь шалгалтаар тогтоогдоод байна. Концессын гэрээнд хяналт тавих чиг үүрэг бүхий албан тушаалтнууд “Кью Эс Си” ХХК концессын гэрээний Ерөнхий нөхцлүүд болох  

-Жилд 500.0 мянгаас доошгүй тонн хүчин чадал бүхий шууд ангижруулсан төмрийн үйлдвэр барих,   

-“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” компанийн хүчин чадлыг жилийн 300 мянган тоннд хүргэх өргөтгөл, шинэчлэлийн ажлыг хийлгэж чадаагүй тул үйлдвэрийн техник технологи, машин механизмд засвар үйлчилгээ хийгээгүй, сэлбэг хэрэгсэл, бараа материалын татан авалтыг зогсоосон.

Иймд тус үйлдвэр олон удаа сул зогсож, техник тоног төхөөрөмж, үйлдвэрлэлийн хэвийн ажиллах үйл явц алдагдсан. Борлуулалтын орлого нь 1.8 их наяд хүрчихээд байхад ингэж л “сахал” Д.Эрдэнэбилэг хүнийрхүү хандаж, Монгол Улсын ганц үйлдвэрийг бадар бариулахад хүргэсэн байдаг.

Ийм нөхцөл байдал тогтоогдсон тул АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэс мөрдөн шалгах ажиллагаа явуулж, Засгийн газарт танилцуулж, 2022 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдөр 148 дугаар тогтоол гарган “Кью Эс Си” компанийн Концессийн гэрээг цуцалж, төрд эгүүлэн авах шийдвэрийг Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар гаргав.

“Дархан төмөрлөгийн үйлдвэр” төрд ирсэн даруйд Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, Сангийн яам, Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газрын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулагдан, шалгалт явуулж, 1.2 их наяд төгрөгийн санхүүгийн зөрчил илрүүлснээр Д.Эрдэнэбилэгийн хулгай ил гарч эхэлсэн.

Хамгийн ноцтой нь, “Кью Эс Си” компаниар дамжуулан Дарханы Төмөрлөгийн Үйлдвэрийн эдийн болон эдийн бус хөрөнгө, ирээдүйд олох орлогыг барьцаалан 2017-2021 онд харилцан хамаарал бүхий Худалдаа хөгжил, Улаанбаатар хотын банкнаас нийтдээ 500 гаруй тэрбум төгрөгийн зээл авсан байдаг.

Ингэхдээ зээлийн хүү, үндсэн төлбөрийг Дарханы төмөрлөгийн үйлдвэрээр төлүүлж, төмөр зам, авто замын төсөлд улсын төсвийн хөрөнгийг буцаан төвлөрүүлээгүй 276.6 тэрбум төгрөг, концесс эзэмшигч компани татварын өр төлбөрөө хуулийн дагуу барагдуулах байтал 2014-2022 онд “Дарханы төмөрлөг” хувьцаат компанид үүсгэсэн албан татварын хуримтлагдсан өр төлбөр 353.5 тэрбум төгрөгт хүрсэн байна.

Түүнчлэн Концессын тухай хууль, концессын гэрээнд тусгагдаагүй “Мэргэжлийн зөвлөгөө болон техникийн туслалцаа үзүүлэх гэрээ” гэх эрх зүйн үндэслэлгүй гэрээг “Кью Эс Си” компани Дарханы төмөрлөгийн үйлдвэртэй 2017-2021 онд байгуулжээ. Энэ хүрээнд 11 удаагийн гүйлгээгээр 129.8 тэрбум төгрөгийг урьдчилан гаргуулсныг баримтаар нотолж, хохирлуудыг барагдуулахаар тус бүр дээр нь шүүхэд нэхэмжлэл гаргаад байгаа аж.

Үүнээс гадна  хууль бус гэрээнийхээ хүрээнд менежментийн төлбөр нэрээр улиралд 2.5 сая, жилд 10 сая ам.доллар төлүүлж байсан нь баримтаар нотлогдсон зэрэг ноцтой зөрчлүүд гарсан. Товчхондоо гүйцэтгээгүй ажилдаа их хэмжээний төлбөрийг үндэслэлгүйгээр авсан нь тогтоогдсон гэсэн үг.

Үйлдвэрийн хөрөнгийг барьцаалж авахуулсан зээлийн хэмжээгээр үйлдвэрийн зардал өсч, “Уул уурхай, металлургийн цогцолбор” барих ажил үндсэндээ замхарсан байна.

“Кью Эс Си” компани ОХУ-аас “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн 15 сая ам.доллараар вагон худалдан авч, “Кью Эс Си” ХХК”-ийн хамаарал бүхий “Төмөр замын зураг төслийн институт” компанид өмчлүүлж, эргүүлэн тус үйлдвэрт түрээслүүлэх замаар их хэмжээний ашиг олсон гэх мэтчилэн маш ноцтой үйлдлүүдийг хуулийн байгууллагынхан шалгаж дуусаад, шүүхэд шилжүүлээд байгаа аж.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлгийн товыг энэ сарын 21-ний өдөр зарласан. Гурван тэрбумын барьцаагаар эмчлүүлээд ирье хэмээн гудиггүйхэн зугтсан “сахал” Д.Эрдэнэбилэг өөрийн тэтгэж, дэмжиж ирсэн шүүгч нараар дамжуулан хэргийг сунжруулах сонирхол тунчиг ихтэй байгаа дуулдана.

ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ…

Э.ТЭРГЭЛ

ХОЛБООТОЙ НИЙТЛЭЛ: 

“Сахал” Д.Эрдэнэбилэгийг “Шувуу” ажиллагаагаар авчирч, шүүхийн танхимд суулгах уу

 

 

 

1 сэтгэгдэл

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу