“Чита.ру” цахим хуудаст энэ сарын 13-ны өдөр “Хөдөөгийн эмнэлгээс ч дор”: Монголын их сургууль Чита болон Оросын өнцөг булан бүрээс сурагчдыг хуурч мэхлэн элсүүлж, хүүхдүүд тэндээс айж, зугтаж байна” гэсэн гарчигтай нийтлэл нийтлэгджээ.

Тус нийтлэлд “Монголын төлөөлөгчид Чита хотын сургуулиудаар зочилж, өөрийн их сургууль болох Монголын үндэсний их сургууль (МҮИС)-ийг олон улсын тэргүүлэх, дэвшилтэт их сургуулиудын нэг хэмээн танилцуулж, төгсөгчдөд гайхалтай нөхцөл амалж, сургуульдаа элсэхийг ятгаж буйд санаа зовж байгаагаа эцэг, эхчүүд бидэнд дуулгав.

Монголчууд маш чадварлаг ухуулдаг. Түүний дагуу хүүхдүүд хөгжил муутай тус улсад сурч боловсрохыг хүсч буй тул үнэнийг өчье.

Монголын их сургууль танилцуулгаасаа тэс өөр юм. Сургуулийн хүүхдүүдийг гэгээлэг сурталчилгаа нь татаж, хилийн чанадад очоод, луйвардуулсан тохиолдол олон байна. Хүүхдүүд тус “аймшигтай” сургуульд очоод, эхний өдрөөсөө зугтсан ч Монголын дээд сургууль боловсролын төлөө өгсөн мөнгийг нь буцаан олгохгүй байна” гэж бичжээ.

Чита хотын 36-р сургуулийг төгссөн охины эцэг, эх Chita.ru сайтын редакцид хандсан байна. МҮИС-ийн төлөөлөгчид охиныг нь аравдугаар ангид сурч байхад хичээл дээр нь ирж, суртал ухуулга хийжээ. Сургуулийн хүүхдүүдэд гадаадад суралцах гайхалтай нөхцөл, боломжуудын талаар ярьсан байна. Улмаар “Хүсвэл Монголын хамгийн том их сургуульд суралцаж, олон улсын түвшний боловсрол эзэмшиж, гадаадын бусад оронд дадлага хийж, дэлхий дахинд үнэлэгддэг хоёр дипломыг нэг дор авах боломжтой” гэж ятгажээ.

Энэ сургуулийн цар хүрээ үнэхээр гайхал төрүүлэм. Тус сургуульд 15 мянга орчим оюутан 13 факультет (Санкт-Петербургийн Улсын их сургуулийнхтай ижил)-д суралцдаг бөгөөд тэдгээрийн 20% нь гаднын орнуудаас ирсэн байна. Эдийн засаг, анагаах ухаан, сурган хүмүүжүүлэх, урлаг, аялал жуулчлал, тэр ч байтугай нисэхийн факультет зэрэг бүх сонирхол чиглэлээр суралцуулдаг ажээ. Их сургууль нь таван эрдмийн байр, нэг политехникийн коллежтэй.

Тус сургууль хүүхдүүдэд том хурлын танхим, 24 цагийн номын сан, өөрийн кинотеатр, оюутнуудад зориулсан хоёр давхар зогсоол, тансаг анги танхим, өөрийн олон улсын зуслан, PlayStation бүхий тоглоомын өрөө зэрэг бүх давуу талыг тодорхойлсон сурталчилгааны товхимлууд өгсөн байна. Мөн мэргэжлийн дуу бичлэгийн студи, үнэ төлбөргүй 12 давхар орон сууцны дотуур байр, боловсролын олон давуу талтай, ер нь  жинхэнэ “Монгол Стэнфорд” гэжээ.

Түүнчлэн тус товхимолд тус сургууль АНУ-ын олон улсын магадлан итгэмжлэгдсэн байгууллага, Азийн их, дээд сургуулиудын холбооны гишүүн бөгөөд олон улсын стандартыг хангасан, энхийн гэрээнд нэгдсэн Монголын анхны их сургууль болохыг дурдсан байна. НҮБ, түүний дэргэдэх Олон улсын их сургуулиудын чанарын холбоонд нэгдсэн гэжээ. Энэ бүхэн маш ноцтой асуудал юм.

Гэвч хүүхдүүдийг төөрөгдүүлж, тус сургуульд элсэхэд үнэхээр түлхэц өгч байгаа гол зүйл бол Оросын улсын нэгдсэн шалгалтын дүн Монголын дээд сургуульд огт чухал биш байгаа явдал юм. Төлөөлөгчид сурагчдыг шалгалтад бэлдэж, хамгийн их оноо авахын тулд эрч хүчээ барах шаардлагагүй. Элсэлтийн шалгалтгүй ч гэсэн сургалтын төлбөрөө төлсөн байхад л хангалттай” гэж ухуулжээ.

Сайтын хамт олонтой холбогдсон нэгэн охины аав хэлэхдээ “Охин маань гадаадад сурч, тэнд дадлага хийнэ гэж мөрөөддөг байсан учраас Монгол руу явсан” гэж ярьсан байна.

Оюутнуудад нэгдүгээр курсын бүх хичээлийг монгол, орос хэл хослуулан заана гэж амалжээ. Ийм сурталчилгаанд хууртагдахгүй байх аргагүй. Монголын төлөөлөгчдийн яриа 36-р сургуулийн сурагчийн сэтгэлийг хөдөлгөж, Монголын их сургуульд олон улсын харилцааны чиглэлээр суралцахаар шийджээ.

Их сургуулийн төлөөлөгчид төлбөрөө бэлэн мөнгөөр төлөхийг санал болгосон байна. Үүнд эцэг, эхчүүд “эргэлзэж”, хүүхдийнхээ сургалтын төлбөрийг илүү найдвартай гэж үзэн, банкаар шилжүүлжээ. Нэг улирлын төлбөр 80 мянган рубль гээд, нэг жилийн төлбөрт 160 мянган рубль (5 сая 381 мянган төгрөг) тушаасан байна.

Охины аав “Сургалтын гэрээ байгуулах нь битгий хэл тэр талаар дурдаагүй” гэж хэлжээ. Тэрбээр эхэндээ хилийн чанадад сурахыг нь эсэргүүцэж байсан ч эцэст нь охин, эхнэр хоёр нь “дийлсэн” байна. Мөн “Эцсийн эцэст, ахан дүүсийн найрамдалт орон, визгүй нэвтэрдэг, хилээс холгүй улс учраас ийм шийдвэр гаргасан” гэжээ.

Охин Улаан-Үдээр дамжин Монгол руу явжээ. Охины хэлснээр, Оросоос маш олон буюу 100 орчим хүүхэд Монголын хил давсан байна. Тэнд Читагаас өөр хүн байсан эсэх нь тодорхойгүй ч хүүхдүүд өөр өөр бүс нутгаас ирсэн байсан аж. Автобус хилээр гармагц ирээдүйн оюутнуудыг сурталчилгааны товхимлоос огт өөр дүр зураг угтжээ.

Гурван автобус дүүрэн хүүхэд нэг дор ирсэн бөгөөд нэгдүгээрт, их сургуульд тэдгээр хүүхдүүдийг хүлээн авах ямар ч бэлтгэлгүй, шууд байрлуулах боломжгүй байжээ. Хоёрдугаарт, дотуур байр нь маш бохир байсан аж. Зуны амралтын хугацаанд тэд дотуур байраа зарим цагаач ажилчдад түрээслүүлжээ.

Хүүхдүүд нүүж ирэхэд тэндэхийн бүх зүйл эвдэрч сүйдсэн, эрх мэдэл бүхий ямар ч хүн байгаагүй, гагцхүү тэднийг IV курсын оюутнууд угтаж авсан байна. Хүүхдүүд хичээлийн хуваарь байхгүй, хаашаа явж, хэнд хандахаа ч мэдэхгүй байдалд хүрчээ.

Эхний жил орос хэлээр хичээл заана гэж амалж байсан ч тэнд орос хэлтэй багш байгаагүй байна. Охин маань бүх зүйлийг монгол хэл дээр зааж байгаа хичээлд суугаад юу ч ойлгоогүй байсан” гэж манай ярилцагч хэлэв.

Амалсан, хэлсэн ярьсан, ухуулсан бүхэн нь тэнгэр, газар шиг ялгаатай байсан учраас эхний өдрөө л охин буцаж харихыг хүсчээ. Тэрбээр ганцаараа биш, 20 орчим залуусын хамт явахыг хүссэн байна.

Гэтэл нэг асуудал урган гарч иржээ. Их сургуулийн удирдлага сургалтын төлбөрийг буцааж өгөхөөс татгалзсан байна. Өөр улсад байгаа учраас яах учраа олоогүй аж. Зарим залуус төлбөрөө буцааж өгөхийг шаардаж, мэдэгдэл бичсэн боловч ямар ч хариу өгөөгүй байна.

Харь оронд удаан хугацаагаар байх, тав тухгүй нөхцөл байдал үүсэхээс эмээсэн залуус нөхцөл байдал шийдэгдэхийг хүлээлгүйгээр явжээ. Түүгээр ч зогсохгүй улирлын төлбөрөө төлсөн ч гэнэт сургуулиа орхихоор шийдсэн оюутнууд бичиг баримтаа авч чадахгүй байх тохиолдол гарсныг оюутнууд хэлсэн байна. Төлбөрийн асуудалтай хэмээн, бичиг баримтыг нь барьцаалсан ажээ.

Чита хотын оршин суугчдын ярьж буйгаар, Оросоос олон сургуулийн хүүхдүүд Монголын их сургуульд элсэн ороод буцаж ирсэн байлаа. Бид нөхцөл байдлын талаар илүү сайн мэдээлэл олж авахын тулд Монголыг зорьсон орос оюутнуудад зориулж Telegram дээр чат нээсэн юм.

Санаснаас ч илүү олон залуус хандаж, бид Чита хотын гэр бүлийн түүхтэй ижилхэн хэдэн арван мессэж хүлээн авав. Улаан-Үд, Эрхүү, Новосибирск, Тува, Якутск, Гусиноозерск хотод айлчлан ирсэн ухуулагчдын урилгаар Монголыг зорьсон, мөн Москвагаас ч нэг охин байсан тухай мэдээлэл бий юм. Сургуулийн сурагчид гайхалтай сурталчилгаанд хууртаж, элссэнийхээ дараа байдал амласнаас нь тэс өөр болохыг нүдээр үзжээ.

Үүний улмаас Монголд ихээхэн итгэл найдвар тээн ирсэн төгсөгчид бөөнөөрөө зугтаж байна. Очсон өдрөө л зарим нь юмаа баглаж, зарим нь хэдэн сар тэвчсэн бол зарим нь нөхцөл байдлын улмаас барьцаанд оржээ. Заримынх нь эцэг, эх маш их мөнгө төлсөн учраас одоо яахаа шийдэж чадахгүй байгаа аж.

Монголын их сургуулийн ухуулга, бодит байдал хоёр асар их зөрүүтэй байжээ. Нэгдүгээрт, тус их сургууль төрийн бус, хувийнх гэдэг нь тодорхой болсон. Мэдээж энэ тухайд ухуулга сурталчилгааны үеэр хэн ч дурдаагүй байна. МҮИС-д сурсан оюутнууд төгсөөд авсан дипломоо Монголоос өөр хаана ч хэрэглэгддэггүй тухай ярьдаг.

Хамгийн сонирхолтой нь, бүх зар сурталчилгааны товхимол, вэб сайтын үндсэн хуудсуудыг чимсэн их сургуулийн томоохон төв байранд үнэндээ Оросоос ирсэн оюутнууд нэвтрэх боломжгүй. Тэнд хичээл ордоггүй байна.

Эрхүүгийн их сургуулийн оюутан асан бидэнд ярихдаа “Хаяг бүхий танхимууд байдаг ч тэнд хичээл огт ордоггүй. Тэнд зөвхөн эмнэлгийн яаралтай тусламжийн газар, орос гуанз, солонгос хүнсний дэлгүүр, номын сан байсан. Хоёрдугаар байранд бүгд сурдаг. Барилга нь хөдөөний эмнэлгээс ч долоон дор. Таван давхрын нэгд нь сургууль бий бөгөөд тэнд бага насны хүүхдүүд гүйлдээд байдаг” гэжээ.

Орон сууцны өвөрмөц хэв маяг бүхий байртай хэмээн танилцуулсан оюутны дотуур байр ямар ч тавилгагүй, их бохир газар болж хувирсан байна. Зуны улиралд энэ байраа ажилчдад түрээслүүлдэг тухай манай олон ярилцагч ярьсан. Оюутнуудын нэг хичээлдээ ирэхэд өрөөний ширээн дээр нь овоолсон элс байжээ.

Оюутны дотуур байрын хувьд эд зүйлс нь ундуй сундуй, ширээ нь шүүгээгүй, бүх сандал нь эвдэрсэн, ханан дээрээ эрээчсэн, толботой. Оюутнууд дотуур байр, их дээд сургуулийн барилгууд халаалтгүй, халуун усгүй, хүйтэн ус хүртэл тасардаг байсан тухай ярив.

03:00-05:00 цагийн хооронд л халуун ус авах боломжтой байсан бөгөөд түүнийг оюутнуудад дотуур байрны хажууд хийгдэж байгаа бүтээн байгуулалттай холбон тайлбарласан аж. Энэ талаар гомдол гаргахад тус их сургуулиас хариу өгөөгүй байна.

Анх 2-3 хүн амьдарна гэсэн байранд бодит байдал дээр 3-4 хүн байсан бөгөөд том өрөөнд нь зургаа, түүнээс дээш хүн байжээ.

Мөн бүх өрөө нь жоомтой. Бидэнтэй ярилцсан бүх хүн энэ талаар гомдол хэлж байсан юм. Ярилцагчдын нэг “Гудсан доор, тааз, хоолны шүүгээ, бие засах газар, хагарлуудын завсар гэх мэтчилэн жоом хаа сайгүй байдаг байсан” гэж ярьсан.

Зөвхөн дотуур байрны өрөөнүүд бохир биш. Сургуулийн коридор, анги танхим дагтаршсан их тоос шороотой. Үүнээс гадна бүх өрөө нь маш хүйтэн байсан гэж оюутнууд хэлж байв.

Хүн болгон дадлага хийх боломжгүй, зөвхөн “олон улсын харилцаа” мэргэжлээр суралцаж буй цөөхөн оюутан л үүнд хамрагдах боломжтой байжээ. Оюутны хэлж байгаагаар, зөвхөн монгол оюутнууд эхний жил нэг сар дадлага хийдэг байсан аж.

Эрхүүгээс очсон оюутан асан “Гурван долоо хоногийн турш хичээлийн ердийн хуваарьгүй явсан. Би жилийн өмнө сургуулиа орхисон. Бичиг баримт тэнд шалгадаггүй. Би бичиг баримт тэнд бүрдүүлж өгөөгүй. Төлбөрөө эргэж нэхээгүй. Сургуулиа орхисон хүмүүс одоо болтол мөнгөө авч чадаагүй байгаа юм билээ” гэж ярьсан юм.

Улаан-Үд хотоос Монголд сурахаар очсон нэгэн оюутан “Би өргөдлөө өгөхдөө диплом нь Орос диплом шиг л үнэлэгддэг гэж бодсон. Би бичиг баримт, мөнгөө буцааж өгөхийг хүсэхэд тэд “Бид мөнгө буцааж өгөхгүй” гэж хариулсан. Мөн оршин суух зөвшөөрөл, эрүүл мэндийн үзлэгт хамрагдсан мөнгийг буцааж өгөөгүй.

Би айсан, тэнд хүүхдүүд сурсаар байгаа нь харамсалтай. Ангиуд нь хуучирсан, засвар хийгээгүй удаж байгаа юм шиг санагдсан. Багш нар нь ОХУ-ын багш нар шиг биш байсан” гэж ярив.

Буриадаас очиж суралцсан оюутан “Орос хэлтэй багш нар тийм ч олон биш. Оросоор сайн ярьдаг нь бидэнтэй оросоор харилцдаггүй. Буриадуудыг доромжилж, Орос сүйрлээ, та нар орох оронгүй дүрвэгсэд болно гэнэ. Оюутнуудад монгол нэр өгөөд, Монгол өрөвдсөндөө л та нарыг хүлээж авсан гэж хэлдэг” гэсэн юм.

Улаан-Үд хотын оюутнуудын нэг “Цөөхөн хэдэн багш л “Хичээлдээ 100 хувь ирцгээе” гэж гуйдаг. Би эрүүл мэнд асуудалтай учраас багш нар ирц огт хянадаггүйд баяртай байсан” гэж хэлэв.

Ижил нэртэй хоёр өөр их сургууль

Бид энэ их сургуулийн талаарх мэдээллийг нээлттэй эх сурвалжаас хайсан. Хайлтын системд “Монголын Үндэсний Их Сургууль” гэж бичвэл 1942 онд байгуулагдсан Монгол Улсын ууган их сургууль гэсэн Википедиа дахь нийтлэлийн эхний линк гарч ирнэ.

Өгүүллийн зураг дээр багана бүхий үзэсгэлэнтэй түүхэн барилга байх бөгөөд та загварлаг дизайнтай сургуулийн англи хэл дээрх вэбсайтыг сонирхож болно. Интернэт дээр түүний тухай олон нийтлэл байдаг.

Энд “Монгол Улсын Их Сургууль” гэдэг нэрийг анхааралтай хэрэглэгч л анзаарах байх.

Редакцид хандсан гэр бүлийнхний бидэнд өгсөн элсэлтийн бичиг баримтаас харахад, тэдний элссэн их сургуулийг монголоор өөрөөр нэрлэдэг, “Монгол Улсын их сургууль” гэдэг нь тэс өөр сургууль болох нь тодорхой байна. Зөвхөн нэг үг зөрүүтэй, бараг ижил товчлолтойн улмаас төөрөлдөх туйлын амархан аж.

МУИС бол улсын их сургууль, харин МҮИС нь хувийнх юм байна” гэжээ.

Эх сурвалж: CHITA
Э.ЭГШИГЛЭН

1 сэтгэгдэл

  1. Галт тэргэнд мүис-т сурах гээд явж буй орос оюутнуудтай таараад дотроо гайхаж явсан. Тийм хачин сургуульд яагаад сурахаар болсон юм бол доо гэж. Гэтэл хөөрхий оросууд 2 сургуулийг андуурдаг байсан юмсанж. Монгол хүн, Монгол улсын нүүр царай, үнэн нүүр царай нь энэ. Тэр сургууль, ер нь энэ хувийн сургуулиудыг бүгдийг нь цэгцлэх хэрэгтэй. Гадаад оюутнуудаас дээрэмдсэн мөнгийг нь хэд нугалж төлүүл, Монгол улсын нэр хүндийг гутаасныг нэмээд 2-оос доошгүй зүйл ангиар эрүү үүсгээд яллаад шоронд хий. Болзлоо энэ сургуулийн эзэд л лав хангасан байна.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу