Засгийн газрын өнөөдрийн /2023.11.15/ хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна. 

Хуралдаанаар Зэвсэгт хүчний 0326 дугаар ангид амиа алдсан цэргийн талаар Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярын мэдээллийн сонсжээ. Улмаар ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяраар ахлуулсан ажлын хэсэг байгуулж, Зэвсэгт хүчний анги салбаруудад хяналт шалгалт хийхээр болсон байна. 

Энэ талаар ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр “Юуны өмнө Зэвсэгт хүчний … дугаар ангид цэргийн албанд татагдсан залуу харамсалтайгаар амь насаа алдсан явдалд талийгаачийн ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлье. 

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар эл үйл явдалтай холбогдуулан Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярын мэдээллийг сонссон. Улмаар надаар ахлуулсан шуурхай ажлын хэсэг байгуулж, Зэвсэгт хүчний анги салбаруудад удаа дараа харамсалтай үйл явдал болж буйд ХЭҮК-ын оролцоотойгоор хяналт шалгалт хийж, санал дүгнэлт боловсруулахаар боллоо. Дараа нь Засгийн газрын хуралдаанд оруулж шийдвэрлүүлнэ.

Удаа дараа болсон ийм асуудлыг өмнө нь УИХ-ын хүний эрхийн дэд хорооны хуралдаанаар 2021 онд хэлэлцэж, тогтоол гаргаж байсан. Энэ тогтоолын хэрэгжилтийг хянана. 

Хүний эрхийн үүднээс дүрэм журам, ахуй нөхцөл зэрэг бүх хүрээнд судалж дүгнэлт гаргах шаардлагатай юм байна” хэмээлээ.  

Үргэлжлүүлэн тэрбээр сэтгүүлчийн асуултад хариулав.

-Оюутныг цэрэгт татах нь зөв үү?

-Энэ асуудлыг иж бүрнээр нь судалж үзнэ. Үндсэн хуульд зааснаар Монгол Улсын иргэн эх орноо хамгаалах, цэргийн алба хаах үүрэгтэй. Энэ үүргийг холбогдох хууль тогтоомжуудад ямар байдлаар зохицуулж байна, хүний эрхийн хязгаарлалт явагдаж буй эсэхийг шалгана.

-Ар гэрийнх нь зөвшөөрөлгүйгээр талийгаачийн цогцост задлан шинжилгээ хийж болдог юм байна. Үүнийг ямар хуулиар зохицуулсан байдаг уу, тогтоол бий юу?

-Хүн амины хэргийн асуудал нь гэмт хэргийн шинжтэй байна уу гэдгийг мөрдөн шалгах ажлын хүрээнд явагддаг. Үүнд Засгийн газар хөндлөнгөөс оролцож болохгүй. Хэрэв хүний амины гэмт хэргийн шинжтэй асуудал байвал мөрдөгч, шинжээч өөрөө шууд шийдвэр гаргаж, задлан хийдэг. Ялангуяа санаатай хүн амины хэрэг ахуйн нөхцөлд, гэр бүлийн хэмжээнд үйлдэгддэг учир ар гэрийн зөвшөөрөл авах шаардлагагүй байдаг. 

-Ажлын хэсэг ямар хүрээнд шалгалт хийх вэ?

-Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнд батлан хамгаалах, хилийн цэрэг, дотоодын цэрэг багтдаг. Тэгэхээр бүх салбарт энэ асуудлыг авч үзэж, шалгана. 

-Цэрэг амиа алдсан тохиолдол олон гарлаа. Гэтэл хэн ч хариуцлага хүлээхгүй байна. Хариуцлагын асуудал ярихгүй юм уу?

-Хэн ч хариуцлага хүлээхгүй байна гэж хэлж болохгүй. 2021 онд уг ангид болсон хүн амины хэрэгт холбогдох этгээд ял шийтгэлээ авсан. 8-15 жилийн хорих ялтай зүйл анги. Энэ зүйл ангийн хамгийн дээд хэмжээгээр шийтгэсэн гэдэг мэдээлэл авсан. 

-Цэргүүдийн эрүүл мэндэд хэрхэн анхаарч байгаа вэ. Өчигдөр гэхэд маш олон цэрэг хатгаатай байна гэсэн?

-Шүүхийн шинжилгээний дүгнэлт гараагүй байгаа. Дүгнэлт гараагүй байхад ямар ч байр суурь илэрхийлэхгүй. Үүнийг та ч, би ч дүгнэж чадахгүй

Х.ТҮШИГ

1 сэтгэгдэл

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу