Цагдаагийн байгууллагаас Эрүүгийн хуулийн 20.17 дугаар зүйл буюу “мөрийтэй тоглоом зохион байгуулах” гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр Ажлын хэсэг байгуулан тодорхой үе шаттай ажил, арга хэмжээг тасралтгүй зохион байгуулж байгаа.
“Энэ төрлийн гэмт хэргийг шалгах явцад ЭЦА-ны кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэсгийн эрүүгийн мөрдөгч, ахлах дэслэгч “Т” нь хэргийн холбогдогчтой холбоотой байж болзошгүй нөхцөл байдлыг дотоод хяналтаар илрүүлж, тогтоосон ба хууль, журмын хүрээнд мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна” гэж Цагдаагийн Ерөнхий газраас мэдээллээ.
Тус байгууллагаас энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх зорилгоор энэ оны эхний 11 сарын байдлаар цахим орчинд хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулсан 49 сайтын 3508 домэйн хаягийг Харилцаа холбооны зохицуулах хороотой хамтран Монгол улсаас хандах эрхийг хязгаарлуулж, нуугдмал хөрөнгө, хууль бус мөнгө байршуулсан байж болзошгүй 2254 харилцах дансыг холбогдох хууль, журмын хүрээнд хязгаарлуулан ажиллаж байна.
А.САЙХАН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу