Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр Засгийн газрын өнөөдөр (2023.11.15)-ийн хуралдаанд Зэвсэгт хүчний 0326 дугаар ангид амиа алдсан цэргийн талаар танилцуулсныхаа дараа хэвлэлд мэдээлэл өглөө.

Тэрбээр “Зэвсэгт хүчний 0326 дугаар ангид алба хааж байсан цэрэг амиа алдсан асуудлыг хуулийн байгууллага шалгаж байна. Тухайн үед юу болсон талаарх бүх мэдээллийг нээлттэй өгч байна.

Тус ангид болсон үйл явдалтай холбоотойгоор хугацаат цэргийн албанд хүүхдүүдээ явуулсан ээж, аавууд бидэнд хүсэлт тавьсан. Хүсэлтийг нь хүлээн авч, хүүхдүүдтэй нь уулзуулж байна.

Тус ангид цагдаагийн байгууллага хойшлуулшгүй арга хэмжээ авч, задлан шинжилгээ хийх, шалтгаан нөхцөлийг тогтоохоор ажиллаж байна. Эхний шатны мэдээллийг хууль хяналтын байгууллагууд өгөх шиг боллоо. 

Анги салбарын тухайд эцэг, эхчүүдийг бүгдийг нь нөхцөл байдалтай танилцуулсан. Засгийн газар болон манай яам, Зэвсэгт хүчний жанжин штабаас ямарваа нэг асуудлыг нууж, өөрчлөхгүй. Нөхцөл байдлыг бодитоор нь хэлж байна” гэлээ. 

Үүний дараа тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариулав. 

-Шүүх шинжилгээний дүгнэлт гараагүй байхад яагаад “гадны нөлөөгүй нас барсан” гэж хэвлэлд мэдээлэл өгсөн юм бэ?

-Тухайн өдрийн өглөө Хан-Уул дүүргийн болон нийслэлийн цагдаагийн газраас гээд цагдаагийн байгууллагын дөрвөн шатны ажлын хэсэг 0326 дугаар ангид очиж ажилласан. Эцэг эх, ар гэрийн төлөөллийг ч оруулж, тухайн үеийн нөхцөл байдлыг харуулсан. Цэргийн байранд камерын бичлэг бий. Биед нь ямар нэгэн өөрчлөлт, гадны нөлөө байхгүй гэдгийг л хэлсэн. 

-Тухайн цэргийн ор руу харсан камер бий юу?

-Цэрэг бүрийн орны толгойд камер байрлуулна гэж байхгүй. Цэргийн байранд хэд хэдэн камер бий гэж хэлж байна.

-Та хариуцлага хүлээх үү?

-Цэргийн амиа алдсан шалтгаан, нөхцөл тогтоогдоогүй. Бид шүүх шинжилгээний байгууллагын албан ёсны дүгнэлтийг хүлээж байна. Амиа алдана гэдэг туйлын харамсалтай. Гүн эмгэнэл илэрхийлсээр байна.

Хэрэв манай цэргийн алба, анги байгууллагаас алба хаагчид хоорондын харилцааны зөрчилтэй холбоотой гэмт хэргийн шинжтэй асуудал байвал манай бүх шатны алба хаагчид болон миний бие хариуцлага хүлээхэд бэлэн байна. 

-Цэргийн алба хаахаар очсон залуусыг дэглээд байдаг юм биш үү?

-Дэглэлт байхгүй. Цэргийн алба хаагчдыг нэгнээ яргалдаг гэж бичээд байна лээ. Тийм зүйл цэргийн албанд байхгүй. Энэ бол гүтгэлэг. Ард түмний толгойг эргүүлж байна. Зэвсэгт хүчний салбар иргэд хоорондын харилцааг хагалан бутлах гэсэн санаатай зүйл яваад байна уу гэж бодож байна. 

-Төгсөх курсийн оюутныг яагаад цэрэгт татсан юм бэ?

-Оюутан бол чөлөөлнө гэсэн заалт хуульд байхгүй. Оюутан цэргийн албандаа явах ёстой. Сургуулийн тодорхойлолт бол зүгээр л бичиг. 

-Бүх оюутан залуу цэрэгт татагдчихсан байх ёстой юм биш үү?

-Өнөөдөр цэргийн алба хааж буй залуусын 21 хувь нь оюутан. 

Х.ТҮШИГ

1 сэтгэгдэл

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу