Засгийн газрын өнөөдөр (2023.11.15)-ийн хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. 

Энэ үеэр ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун “Монгол Улс түүхэндээ хамгийн их хүнсний ногоо хураан авсан жил боллоо. Тодруулбал, энэ жил 456 мянган тонн үр тариа хураан авснаас 435 мянга нь улаанбуудай. Энэ нь өнгөрсөн жилийнхээс 8 хувиар өссөн үзүүлэлт. Харамсалтай нь, есдүгээр сард бороо их орсны улмаас 100 орчим мянган тонн улаанбуудай ангилал буурч, тэжээл рүү шилжиж байна. Гэхдээ дотоодын хэрэгцээнд хангалттай улаан буудай хураасан. 

Мөн 183 мянган тонн хүнсний ногоо хураан авлаа. Үүний 175 мянга нь төмс. Өнгөрсөн жилийнхээс 23 хувиар өслөө. Монгол Улс түүхэндээ хамгийн их хүнсний ногоо хураан авлаа. Таван жилийн өмнө бид хүнсний ногооны хэрэгцээний дөнгөж 45 хувийг дотоодоосоо хангаж байсан бол энэ жил 85 хувийг\хангаж байна. Ирэх жил гэхэд дотоодоосоо 100 хувь хангана. 

Өвөлжилтийн бэлтгэл ажлын хувьд нийт газар нутгийн 60 хувьд хүндэвтэр, зудын байдалтай, зарим газраар 30-40 см зузаан хунгарласан цастай байна.

Улсын хэмжээнд малчдын түвшинд 1.2 сая тонн хадлан, 21.6 сая тонн сүрэл, 118 мянган тонн ногоон тэжээл, 61 мянган тонн үйлдвэрийн тэжээл, 48 мянган тонн гар тэжээл, 18.6 мянган тонн дарш, 81 мянган тонн давс хужир бэлтгэж, шаардагдах өвс тэжээлийн 92.3 хувийг бэлтгээд байга” гэлээ.

Үргэлжлүүлэн тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 

-Энэ жил хүнсний ногооны үнэ өсөхгүй гэж ойлгож болох уу?

-Ногоочид “Бид хангалттай ногоо хурааж авч чадсан. Борлуулалт хамгийн том асуудал” гэж ярьж байна. Хангалттай ургац авсан болохоор хүнсний ногооны үнэ өсөхгүй гэсэн төлөвтэй байна. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу