Пентагоны зөвлөх асан, хурандаа Дуглас МакГрегор олон нийтийн Х сүлжээнд “АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены хамгийн бодлогогүй шийдвэр бол Украинд мөргөлдөөнийг ‘дэврээсэн’ явдал” гэж бичжээ.

Тэрбээр “Байдены засаг захиргаа ба Конгрессын хамгийн тэнэг шийдвэр Украиныг дэмжсэн явдал байсан. Тус улс энэ дайнд ялагдаж, Украин үндэстэн сүйрч байна” гэсэн байна. Түүний тооцоогоор, Киев мөргөлдөөнд хэдэн зуун мянган цэргээ алджээ.

Москва “Барууны цэргийн тусламж Украинд сайнаар нөлөөлөхгүй бөгөөд зөвхөн мөргөлдөөнийг уртасгахын зэрэгцээ Оросын армийн бай болж байна” гэж удаа дараа мэдэгджээ.

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден сарын өмнө “CBS News” сувгийн “60 Minutes” нэвтрүүлэгт оролцохдоо Украин, Израиль хоёр улсыг зэр зэвсгээр зэрэг дэмжих чадвартайгаа батлан илэрхийлсэн.

Тэрбээр “Америкийн Нэгдсэн Улс бурхны авралаар дэлхийн түүхэн дэх хамгийн хүчирхэг гүрэн юм. Бид Украин, Израиль улсуудад хоёуланд нь туслахын зэрэгцээ өөрийгөө ч батлан хамгаалах чадвартай. Бидэнд ингэх нөөц боломж бий. Бид ингэх үүрэгтэй. Хэрвээ бид биш бол өөр хэн хийх вэ?” гэж хэлж байв.

Дашрамд дурдахад, Швейцарийн “Watson” хэвлэлд “Өнөөдөр Украины Зэвсэгт хүчний гол асуудал барууны орчин үеийн техник хэрэгслийн хомсдол биш, харин боловсон хүчний нэн хомсдол юм” гэж мэдээлжээ.

“Revue militaire suisse” сэтгүүлийн ерөнхий редакторын орлогч, зохиолч Жулиен Гранд “Украин дайнд оролцоход хамгийн тохиромжтой хүн ам болох 18-30 насны эрчүүдээ шавхсан” гэж хэлснийг иш татжээ. Тэрбээр “Киев асуудлыг аль хэдийнэ хүлээн зөвшөөрсөн” гэж хэлсэн байна.

Гранд “Украины эрх баригчид өвлийн улиралд довтолгоогоо үргэлжлүүлэхээ удаа дараа мэдэгдэж буй ч тус улсын ирээдүй бүрхэг байна. Довтолгоогоо үргэлжлүүлэхэд маш олон хүн хэрэгтэй. Шинээр хүн элсүүллээ ч туршлагагүй тул Украины Зэвсэгт хүчний алдагдал ихэснэ. Цаашид бүр илүү олон хугацаат цэргийн алба хаагч элсүүлэх шаардлага үүснэ” гэж дүгнэсэн байна.

Эх сурвалж: RIA NOVOSTI
Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу