УИХ Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг хэлэлцэж байна. Энэ үед мөнгөний бодлогын үндсэн чиглэл, түүний зорилтын талаар оролцогч талуудын байр суурийг сонслоо. 

УИХ-ын гишүүн Ч.Ундрам:    

Ард иргэдэд үнийн өсөлт, инфляц хамгийн хүндээр тусаж байна. Иймд аль болох популизмаар биш, илүү бодлогын чиглэлд нь барьсан үндсэн чиглэл батлагдаасай гэж хүсч байна. Өнөөдрийн бодит нөхцөл байдал гэвэл төсвийн тэлсэн бодлого хэрэгжиж байна. Төсвийн хувьд сүүлийн дөрвөн жилд жил бүр түүхэндээ байгаагүй өндөр зарлагатай төсөв баталж ирлээ. Тэгэхээр ийм үед инфляцыг бага байлгахын тулд мөнгөний хатуу бодлого баримтлахаас өөр аргагүй.

Өнгөрсөн жилүүдэд цар тахлын хүнд хэцүү үед бид хүүхдийн мөнгийг нэмэгдүүлэх, иргэдийн ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах зэрэг мөчлөг сөрсөн бодлогыг хэрэгжүүлснээр хямралыг амжилттай даван гарсан. Гэвч үүнтэй залгуулаад олон улсын геополитикийн хурцадмал байдал үүссэнээр бидний өмнө дахин нэг сорилтыг бий болголоо. Гэхдээ Засгийн газар, УИХ, Төв банкнаас авч хэрэгжүүлсэн маш хурдтай арга хэмжээ, бодлогуудын үр дүнд өнөөдөр эдийн засгийн нөхцөл байдал сайжраад байна. Эдийн засгийн өсөлтийг дагаад төсвийн бодлого ч бас ихээхэн хэмжээгээр тэлж байгаа учраас үүний нөгөө талд инфляцыг хөөрөгдөхгүйн тулд хатуу мөнгөний бодлого хэрэгжүүлэхээс өөр аргагүй болж байна. Бид бүхэн нэгэнт төсвийн тэлсэн бодлоготой байгаа үед Төв банк нэлээд чанга, өөрийн гэсэн байр суурьтай, хараат бусаар үйл ажиллагаагаа явуулах нь зөв. Хамгийн гол асуудал нь энэ. УИХ-ын эдийн засгийн байнгын хорооны гишүүд ч үүнийг хүсэж байгаа.

О.Адъяа /Монгол дахь АНУ-ын Худалдааны танхимын захирал/

2024 он сонгуулийн жил гэдэг утгаараа бид бүхний хувьд ихээхэн чухал жил болохоор байна. Сонгуулийг дагаад төсөв ихээхэн тэлэх учраас Монголбанкны мөнгөний бодлого нэлээд хатуу байр суурьтай байх болов уу гэж хувийн хэвшлийнхэн бид харж байна. Сонгуулийн дараа Монгол Улсын валютын нөөц ямар болдог билээ. Мөнгөний бодлого ч ерөнхийдөө эхний хагас жилдээ нэлээд тэлэх хандлагатай байдаг. Тэгэхээр Монголбанк нэлээд хатуу байр суурьтай байж, Засгийн газарт хэлэх зүйлээ хэлээд явах болов уу гэж харж байна. Валютын нөөцийн хувьд өнөөдрийг хүртэл өсөлттэй байгаа ч он гараад яах билээ гэдэг нь асуудал. Энэ бол жил бүр л давтагддаг, цикл, хандлага. Тийм учраас энэ удаад Төв банк Засгийн газрын хэт их тэлэлтийн эсрэг хатуу байр суурьтай байж, инфляцыг тогтворжуулах бодлогынхоо төлөө тууштай зогсоно гэдэгт итгэлтэй байна.

Эдийн засагч Б.Түвшинтөгс /Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал/

2024 онд төсвийн зарлага 22.3 хувиар өсөхөөр төсөвлөгдсөн. Үүнийг санхүүжүүлэхийн тулд орлогоо өөдрөгөөр төсөөлөх ёстой болчихдог. Төсвийн алдагдал ДНБ-ий 2.8 хувь буюу 2.1 их наядын алдагдалтай байхаар өргөн баригдсан. Ер нь төсвийн тэлэлтэд сонгуулийн болоод эдийн засгийн мөчлөг нөлөөлсөөр олон жил болж байна, одоо ч үргэлжилж байна.  Төсвийн зарлагын өсөлт нийт эрэлтийг дэмжих учир эдийн засгийн өсөлт хангагдах талтай ч үнэ хөөрөгдөх эрсдэл бий.

Монголбанк 2024 онд инфляцыг 8 хувьд хүргэхээр зорьж байгаа ч төсвийн энэхүү тэлэлт Монголбанкийг мөнгөний бодлогоо улам хатууруулахыг шаардана гэсэн үг. Үүнийг дагаад зээлийн хүү буурахгүй, харин ч бүр өсөх талтай.  Энэ нь хөрөнгө оруулалтыг бууруулдаг учраас эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлж болохуйц байна. Үнэ хөөрөгдөхөөр валютын ханш дээр төгрөг улам сулрах дарамтад орно. 2024 онд гадаад валютын дотогшлох урсгал доголдвол валютын ханшинд зохицуулалт хийх шаардлага гарч болзошгүй. Ийм бие биеэсээ нөхцөлдсөн асуудлууд үүсэх эрсдэл бий. Тэгэхээр  2024 онд Монголбанк мөнгөний бодлогыг хатууруулж зорилтот хэмжээнд барина гэсэн дүр зураг харагдаж байна.

Эдийн засагч Б.Алтанцэцэг /ЭнАрСиСи судалгааны хүрээлэнгийн захирал/: 

Хэрэглэгчийн итгэлийн индексийн III улирлын судалгаагаар ам.долларын ханшийг өснө гэж хүлээж байгаа иргэдийн тоо буурсан. Ханш өснө гэдэг хүлээлт 50 хувиас доош орсон. Энэ бол манай судалгаанаас гарсан сайн мэдээ. Мөн ам.долларын ханшийн талаарх тодорхой бус байдал ч буурсан. Өмнөх судалгаануудаас авч үзэхэд, өснө, буурна гэдэг таамаглал маш өндөр хүрээтэй байсан. Тэгвэл одоо таамаг хумигдаж ирсэн. Ам.долларын ханшийн талаарх тодорхой бус байдал төдий чинээгээр буурсан гэсэн үг.

Монгол Улс валютын ханш дээр уян хатан бодлого баримталдаг. Жижиг, эрдэс баялгийн экспортоор дамжаад гадаадад нөлөөлд өртөмтгий эдийн засагт валютын ханш зах зээлийн зарчмаараа тогтох нь зүйтэй. Валютын уян хатан ханш өөрөө гадаад эдийн засгаас ирэх нөлөөллөөс хамгаалж байдаг. Гаднаас шок ирсэн үед валютын ханш өөрөө өөрийгөө зохицуулснаар бамбай болж өгдөг. Тэр сайн талыг нь хүмүүс хардаггүй. Валютын ханшийн энэ үүргийг нь гүйцэтгүүлэхгүй бол гадаад шок шууд эдийн засагт тусдаг. Монголбанкны бодлогын хувьд чөлөөт ханшийн дэглэмээ үргэлжлүүлэх ёстой. Мөнгөний бодлого дотоодын инфляцыг онилно гэж байгаа. Дотоод болон гадаад инфляцыг зэрэг удирдах ямар ч боломжгүй. Тэгэхээр дотоодоос шалтгаантай инфляцыг онилох нь бодлогын хувьд зөв сонголт. Гэхдээ яг тэр бодлогоо тууштай хэрэгжүүлэх ёстой. Монголбанк инфляцын эсрэг бодлогоо өнөөдөр ч хэрэгжүүлээд явж байгаа.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу