Парламентад яах гэж сонгогддог вэ гэдгийн хамгийн ойлгомжгүй хувилбар нь “Ажнай” хэмээх Д.Бат-Эрдэнэ. Тэрбээр парламентад гурвантаа сонгогдохдоо санаачилсан болон батлуулсан хууль гэх зүйл бараг үгүй. Харин хувийн бизнесээ цэцэглүүлж, Өмнөговь аймагтаа “хаан” суусан гэвэл илүү зохилтой.

Төрийн ордноор “сарын тэмдэг” шиг сардаа ганц үзэгддэг байсан тэрбээр өнгөрөгч хавар ордноор гүйдэлтэй болсон нь зөвхөн өөрийнхөө бүрэн эрхийг хамгаалуулахаар “хурд” хийж байсан нь тэр. Чуулганы хуралдаан бүү хэл, бүлгийн хуралдаанд ч үзэгддэггүй байсан “Ажнай”-г айдаст автуулсан зүйл нь нүүрсний хулгайтай холбоотойгоор бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх асуудал байсан юм.

Хүн ч аминдаа тулахаар аргаа бардаг нь үнэн л дээ. Өнгөрөгч хавар “Ажнай” Бат-Эрдэнийг үлдээх гишүүний кноп хоёр тэрбумд хүрлээ” гэсэн явган яриа гарч байв. Удалгүй Монгол Улсын “нүүрсний магнат”-уудын тэргүүн эгнээнд бичигддэг Дашдэмбэрэлийн Бат-Эрдэнийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн.

Өдгөөгөөс яг нэг жилийн өмнө Ерөнхийлөгч асан Х.Баттулга, Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан Ө.Шижир, Д.Ганбат, УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн, УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн А.Анандбазар, ЕТГ-ын даргаар ажиллаж байсан З.Энхболд, УИХ-ын гишүүн Н.Наранбаатар, УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж, Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэ-Очир, Өмнөговь аймгийн Засаг дарга асан Б.Бадраа, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан А.Ариунболд, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Ганхуяг, “Эрхэт Монгол” группийн үүсгэн байгуулагч Х.Мандахбаяр нарын нэрсийг АТГ-аас зарласан.

Өдгөө шалгалтын явц ямар байгаа талаар ямар ч мэдээлэл алга. Товчхондоо нам гүм, цаагуураа ямар тохироогоор хэн нь мултарч байгааг мэдэх боломжгүй байгаа юм.

УИХ дахь АН-ын бүлгийн хуралдааны үеэр О.Цогтгэрэл “Ажнай” Д.Бат-Эрдэнийн бүрэн эрхийг түдгэлзүүлэн, явуулах ёстой хэмээн уурласан гэдэг. Тэр “Би бүх хөрөнгөө зарж байгаад чиний эсрэг явна шүү” хэмээн мэдэгдсэн нь нууц биш болж. Ардчилсан нам дотроо нүүрсний хулгайчаа явуулах гэж чамгүй үзсэн нь О.Цогтгэрэлийн үйлдлээс харагддаг. Гэхдээ “Ажнай” явсан ч нөлөөлөл нь байсаар байна.

Өмнөговь аймгийн орон нутгийн “Тавантолгой” ХК-ийн хамгийн том хувьцаа эзэмшигч Д.Бат-Эрдэнийн холбогдсон нүүрсний хулгайн хэрэг замхарсан байна. Эх сурвалжуудын хэлж буйгаар АТГ, прокурорын шатанд УИХ-ын гишүүн асан Д.Бат-Эрдэнийн хэрэг замхраад дуусч байна. Удахгүй хэргийг хаах байдалтай байгаа гэж байгаа юм.

Монголчууд бодохдоо нүүрсний хамгийн том хулгайч Д.Бат-Эрдэнэ л гэж хардаг. Гэтэл хамгийн том хулгайч нь хэргээ хаалгаж байна гээд бодохоор түүний нөлөөлөл гишүүн байх эсэхээс үл хамааран оршсоор байгаа юм.

Д.Бат-Эрдэнэ хэргээ хаалгаж аваад, дахин улс төрд орж ирэх бололтой. Ингэхдээ хэргийг нь хаалгаж өгсөн хүнд ач санаж, “хуурай дүү”-г нь хөтлөн улс төрд оруулж ирэх гэнэ.

Цэргийн сургуулийнхан бие биедээ дэндүү халамжтай гэдэг. Хэн нэгнийгээ хуулийн хайчинд орчихсон тийчилж байхад нь хүртэл чирээд гарч ирнэ гэдэг “Ажнай”-гийн хувьд нэг насны өртэй болчихож байгаа хэрэг. Тиймээс ачийг нь ачаар хариулахын тулд байгаа бүхнээ барьж, Өмнөговиос УИХ-ын нэг гишүүн төрүүлж өгөх даалгавартайгаар нүүрсний хулгайн хэргээс мултарч байгаа гэх яриа гарчээ.

Энэ бүгдийг харсаар байж “Хулгайч биш ээ” гээд хэргийг нь хаана гэдэг хуулийн байгууллагынхныг дэндүү доромжилсон үйлдэл биш үү. “Ажнай”-гийн нүүрсний хулгайн хэрэг хуулийн шатанд замхарч байгаа нь үнэн эсэх удахгүй тодорхой болно.

Мөнгө байхад хуулийг ч гэтэлж болдгийн хамгийн том жишээ “Ажнай” Д.Бат-Эрдэнэ болж магадгүй байна. 

Э.ТЭРГЭЛ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу