УИХ-ын чуулганы Пүрэв гараг (2023.11.16)-ийн нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж үг хэлэв.

Тэрбээр “Монгол Улсад хүний эрхийн асуудал нэлээд хүнд түвшин рүү орж эхэлж байна. Хаа сайгүй хүний эрхийн зөрчил гарч байна. Ялангуяа эрх баригчдыг шүүмжилсэнтэй холбоотойгоор хүмүүсийн амыг хамхих, авлигадах, цагдаа тагнуулаар дарамтлуулах асуудал гарч байна. Үүний нэг нь зэвсэгт хүчний байгууллагад хүүхдүүд нас барсантай холбоотой асуудал.

Саяхан нас барсан хүүхдийн асуудал эргэлзээтэй хэвээрээ байна. Яагаад эцэг, эхэд нь хэлэхгүйгээр задлан шинжилгээ хийж байгаа юм бэ. Энэ бол хүний эрхийн хамгийн дээд зэргийн дээрэлхэлт шүү. Эцэг эхэд нь хэлж, танилцуулахгүйгээр энэ асуудал ийм түвшинд хүрнэ гэдэг байж болохгүй.

Тэр орой талийгаачийн эмээ над руу залгаад, “Энэ асуудлыг хэлж өгөөч, Г.Сайханбаяр гэдэг хүнтэй ярьж өгөөч” гэсэн. Үүнийг нь хэлэх гэхээр утас нь холбогдохгүй байсан.

Талийгаачийн цогцост хийсэн задлан шинжилгээний хариуг хурдан гаргаад, асуудлыг яаралтай шийдэх боломж бий. Гэтэл албан тушаалтан саад болоод байгаа бололтой, янз янзын асуудал үүсээд байна. Цэргийнхээ байгууллагын орчин тойрны асуудлыг шийдвэрлэхийн оронд УИХ-д нэр дэвшинэ гээд, энэ зунжингаа Архангайд хэдэн зуун хүнтэй ажиллаад явж байсан. 

Тухайн үед 300-400 цэргийн алба хаагч хурдхан гэртээ харих юмсан гэсэн байдалтай байсан. Тэр мөнгөөрөө цэргүүдийн байрны орчин тойрныг засахгүй яасан юм бэ. Ийм байдлаар төрийн мөнгийг хувьдаа, сонгуульдаа ашигладаг байдал хэрээс хэтэрч байна. Төрийн мөнгө уйлдаггүй гэдгийг та нарын үйлдэл харуулж байна. Гэтэл ард түмэн уйлаад байна. 

Цаашдаа би сайд, дарга нарын хувийнхаа эрх ашгийн төлөө зарцуулж байгаа бүх зүйлийг гаргаж тавина. Манай намынхан “Чимээгүй бай” гээд байгаа. Ард түмэн дургүйцлийн эцэст хүрчихсэн байхад дуугүй байж чадахгүй” хэмээн ярилаа. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу