УИХ-ын чуулганы Пүрэв гарагийн /2023.11.16/ нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр Л.Өлзийсайхан, Э.Энхтуяа, О.Мөнхсайхан нарыг нэр дэвшүүлж буй тухай асуудлыг хэлэлцлээ. 

Тодруулбал, Л.Өлзийсайханыг УИХ-аас, Э.Энхтуяаг Ерөнхийлөгчөөс, О.Мөнхсайханыг Улсын дээд шүүхээс тус тус нэр дэвшүүлжээ. Хуралдааны үеэр нэр дэвшигчид байр сууриа илэрхийллээ. 

Нэр дэвшигч Л.Өлзийсайхан “Үндсэн хуулийн зорилго, зориулалт бол хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, төрийн аливаа дур зоргыг хязгаарлахад оршдог. Тийм учраас Үндсэн хуулийн үзэл санаа, заалт бүрт шингэсэн хэм хэмжээ, түүний агуулгыг тайлбарлан хамгаалдаг оюун ухааны онолын шүүх бол Үндсэн хуулийн цэц гэж би үздэг. Тийм учраас би Үндсэн хуулийн зарчимд, Үндсэн хуульд болон мэргэжилдээ үнэнч ажиллана. Аливаа байгууллага, албан тушаалтан, бусад хүнээс хараат бус ажиллана” гэлээ. 

Нэр дэвшигч Э.Энхтуяа “Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр ажиллавал Үндсэн хуулийг чандлан сахиулах чиг үүргийнхээ хүрээнд хуулийг дээдлэн ажиллана. Хуулийн салбарт 23 жил ажиллахдаа хууль дээдлэх зарчмыг баримталж ирсэн. Үндсэн хууль бол хүний эрх, эрх чөлөөг бататган бэхжүүлсэн, үндэсний тусгаар тогтнол эрх чөлөөний суурь харилцааг зохицуулсан улс төрийн чухал баримт бичиг байдаг. Тэгэхээр Монгол Улсын үнэт зүйл болсон Үндсэн хуулийг чандлан сахиж, хуулийг дээдлэн ажиллана” гэлээ.

Нэр дэвшигч О.Мөнхсайхан “Миний бие Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдвол өнгөрсөн хугацаанд хуримтлуулсан мэдлэг, чадвараа дайчлан ажиллаж, Монгол Улсын Үндсэн хуульд захирагдаж, хараат бус байж, төвийг сахиж ажиллана. Тухайлбал, Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн үндэслэлийг сайжруулахад өөрийгөө дайчлан ажиллана. Үүнд өнгөрсөн хугацаанд хийж ирсэн судалгааны туршлага маань хэрэг болно гэж найдаж байна. Мөн Үндсэн хууль гэдэг бол алганд багтсан Монгол Улс. Тиймээс үүнийг хамгаалж, бэхжүүлэхийн төлөө хувь нэмрээ оруулна” гэлээ. 

УИХ-ын гишүүдийн олонх нь дээрх нэр дэвшигчдийг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилохыг дэмжиж, тогтоолыг баталлаа. Харин бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон Д.Одбаяр, Н.Чинбат нарыг чөлөөлөв.

Ингэснээр Үндсэн хуулийн цэц дараах бүрэлдэхүүнтэйгээр ажиллана. 

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ НЭР ДЭВШҮҮЛСЭН:

  • Б.Буяндэлгэр
  • Г.Туулхүү
  • Э.Энхтуяа

УИХ НЭР ДЭВШҮҮЛСЭН:

  • Ш.Солонго
  • Г.Баясгалан
  • Л.Өлзийсайхан

УЛСЫН ДЭЭД ШҮҮХ НЭР ДЭВШҮҮЛСЭН:

  • Х.Эрдэнэбулган
  • Д.Гангабаатар
  • О.Мөнхсайхан

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу