Цагдаагийн алба хаагч Т, Б нар нь цахим мөрийнтэй тоглоомын газар ажиллуулдаг этгээдүүдээс хахууль авдаг байсан болзошгүй хэргийн талаар Цагдаагийн Ерөнхий газраас өнөөдөр (2023.11.16) мэдээлэл өглөө.

ЦЕГ-ын Дотоод хяналт, аюулгүй байдлын албаны дарга, цагдаагийн хурандаа Д.Манлайбаатар:

-Цагдаагийн ерөнхий газрын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагч гэмт хэрэгт холбогдсон тухай мэдээлэл цахим орчинд цацагдсан.  “Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан этгээдүүдийг шалгах явцад  тухайн алба хаагчийн нэр удаа дараа дурдагдсан.”  Улмаар шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах нь зүйтэй гэж үзээд холбогдох албанд шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна. Уг алба хаагч одоогоор албан үүргээ гүйцэтгэж байгаа. 

Мөн цагдаагийн албанд ажиллаж байгаад цэргийн байнгын тэтгэвэрт гарсан “Б” гэгч уг хэрэгт холбогдсон. Хуульд заасан мөрдөн байцаах ажиллагааны явцад мөрийтэй тоглоом зохион байгуулсан этгээдүүдийн нөлөөлөлд орж шан харамж авсан байж болзошгүй хэргийг өнгөрсөн аравдугаар сард авлигатай тэмцэх газарт мөрдөн шалгах ажиллагаа явуулахаар шилжүүлсэн. Шүүхийн эцсийн шийдвэргүйгээр гэмт хэрэгтэн гэж үзэхгүй учраас уг асуудалд анхааралтай хандаасай гэж хүсэж байна.

Авлигатай тэмцэх газарт мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа учраас тодорхой мэдээллийг өгөх боломжгүй байна. Арван тэрбум төгрөг гэх мэдээлэл хаанаас гарсныг мэдэхгүй. Мөрдөн байцаах шатны тоо баримтыг мэдэх боломжгүй” гэсэн юм.

Кибер гэмт хэрэгтэй тэмцэх албаны дарга, цагдаагийн дэд хурандаа С.Тайван:

Одоогоор цагдаагийн байгууллагад цахим мөрийтэй тоглоомтой холбоотой 294 хэрэг бүртгэлтийн хэрэг шалгагдаж байна.

Цагдаагийн байгууллага цахим орчин дахь мөрийтэй тоглоомын эсрэг арга хэмжээ тогтмол зохион байгуулдаг. Энэ хүрээнд 3508 домэйн хаягт монгол улсаас хандах эрхийг хязгаарлуулсан. Нийт 2715 данс, түүнд байсан 4,6 тэрбум төгрөгийг царцаасан. Мөн энэ төрлийн гэмт хэрэгтэй холбоотой 102 фэйсүүк пэйж, группыг устгуулах хүсэлтийг хүргүүлсэн.

ЦЕГ-аас цахим мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэргийн эсрэг долоо хоног бүр шалгалт явуулж байгаа. Энэ оны 10, 11 сард долоон бүлгийн 29 этгээдийг дайчлан баривчилсан.

Шийтгэлийн хувьд, цахим орчинд мөрийтэй тоглоом зохион байгуулбал 1-3 жилийн хорих ялтай. Хүндрүүлэх нөхцлөөр тав хүртэлх жилийн ял онооно” гэлээ.

Иргэн та хэзээ ч их хэмжээний мөнгө хожлоо гэж бодоход тэр мөнгөө олж авч чадахгүй.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу