АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй жил орчмын дараа Сан Францискод уулзаж, дөрвөн цагийн хэлэлцээ хийжээ. БНХАУ-ын дарга Ши Жиньпин зургаан жилийн дараа АНУ-ын нутаг дэвсгэрт хөл тавьж, APEC-ийн жил тутмын дээд чуулганд оролцож буй юм.

Ж.Байден Хятадын удирдагчийг Сан-Франциско хотоос өмнө зүгт 48 км-ийн зайд орших Филоли эдлэндээ угтан авч уулзаж, хэвлэлд нээлттэй ярилцаж, дараа нь хэд хэдэн удаа хаалттай яриа хэлэлцээ хийсний дараа үдийн зоог барьсан байна.

Жо Байден уулзалтын талаар цахим хуудастаа “Би өнөөдөр ерөнхийлөгч Шитэй хийсэн уулзалтаа өндрөөр үнэлж байна. Учир нь бид бие биеэ ойлголцох нь хамгийн чухал зүйл. Бидний хамтын манлайллыг шаардсан дэлхий нийтэд эгзэгтэй сорилтууд тулгарч буй. Өнөөдөр бид бодитой ахиц дэвшил гаргалаа” гэж бичжээ.

Уулзалтын эхэнд Ши Жиньпин АНУ-ын Ерөнхийлөгчид “Хоёр улс амжилтад хүрэхэд дэлхий гараг хангалттай том” гэж хэлсэн байна. Хариуд нь Жо Байден түүнд “Та бид хоёр бие биедээ ямар ч буруу ойлголт төрүүлэхгүй, төөрөгдөл үүсгэхгүйн тулд нүүр тулан ярилцаж, тодорхой ойлголцох нь хамгийн чухал гэж бодож байна. Өрсөлдөөн зөрчилд хүргэхгүй байхад бид анхаарал тавих ёстой” гэж хэлжээ.

Хятадын төрийн тэргүүн “Хятад, АНУ-ын харилцаа хэзээ ч саадгүй байгаагүй, гэхдээ урагшилсаар байна. Ийм хэмжээний хоёр улсын хувьд бие биеэсээ нүүр буруулах нь байж боломгүй сонголт юм. Нэг тал нөгөөдөө яаж өөрчлөгдөхийг заах нь бодитой бус, мөргөлдөөн, сөргөлдөөн аль аль талдаа тэвчих аргагүй үр дагавартай” гэж хэлсэн байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар хоёр улсын цэрэг армийн хооронд шууд харилцах холбоог сэргээж, мансууруулах бодисын эсрэг хамтран ажиллахаар тохиролцсон нь сүүлийн нэг жилийн хугацаанд болсон анхны нүүр тулсан хэлэлцээний хоёр томоохон үр дүн байв.

Ж.Байден хоёр улсын цэрэг арми хоорондын яриа хэлэлцээг албан ёсны болгохыг хүссэн бөгөөд АНУ-ын Батлан хамгаалахын сайд Ллойд Остин Хятадын Батлан хамгаалахын сайдыг томилогдсоны дараа түүнтэй уулзана гэж АНУ-ын өндөр албан тушаалтан хэлжээ. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд АНУ болон БНХАУ-ын цэргийнхний харилцаа хэд хэдэн удаа хурцдах шахаж, ширүүн маргаантай байсаар ирсэн билээ.

Ж.Байден, Ши Жиньпин нар мөн АНУ-д мансууруулах бодис хэтрүүлэн хэрэглэх гол шалтгаан болох опиоид фентанилын эх үүсвэрийг устгахын тулд хамтран ажиллахаар тохиролцсон талаар Америкийн тал мэдэгджээ. Үүний дагуу “Хятад улс фентанилын прекурсор үйлдвэрлэдэг тодорхой химийн компаниудыг мөрдөн шалгана” гэж АНУ-ын өндөр албан тушаалтан сэтгүүлчдэд мэдээлсэн байна.

Хятад улс ойрын жилүүдэд Тайванийн эсрэг цэргийн ажиллагаа явуулахаар төлөвлөөгүй гэж Ши Жиньпин Ж.Байденыг тайвшруулахыг хичээсэн байна. Гэвч Ж.Байден Тайванийн сонгуулийн үйл явцыг хүндэтгэхийг Хятадаас хүссэн талаар албаны эх сурвалж мэдээлжээ.

Ж.Байден хэлсэн үгэндээ “АНУ, Хятадын өрсөлдөөнийг “зөрчил мөргөлдөөн болгон даамжруулахгүй байхыг” баталгаажуулж, харилцааг хариуцлагатай байдлаар зохицуулах ёстой” гэж онцолжээ. Тэрбээр мөн уур амьсгалын өөрчлөлт, хиймэл оюун ухаан зэрэг асуудлуудад анхаарал хандуулах шаардлагатай байгааг дурдсан байна.

Цагаан ордны мэдэгдэлд дурдсанаар, удирдагчид “хоёр талын болон дэлхий нийтийг хамарсан олон асуудлаар илэн далангүй, ажил хэрэгч хэлэлцээ хийж, санал зөрөлдөөнтэй асуудлаар санал солилцсон” байна.

Ши Жиньпин хэлэлцээ эхлэх үеэр Ж.Байденд хандан, Бали арал дээр жилийн өмнө хийсэн сүүлчийн уулзалтаас хойш маш олон үйл явдал тохиосныг онцлоод, дэлхий нийт “COVID-19” цар тахлын ард гарсан хэдий ч түүний асар их нөлөөнд автсан хэвээр байна. Дэлхийн эдийн засаг сэргэж байгаа хэдий ч эрч нь сул хэвээр байна” хэмээн хэлжээ.

Хятадын удирдагч “АНУ-Хятадын харилцааг “дэлхийн хамгийн чухал хоёр талын харилцаа” хэмээн тодорхойлоод, миний бие Ж.Байдены хамтаар “хоёр орны ард түмэн, дэлхий дахин, түүхийн өмнө хүнд үүрэг хариуцлага хүлээх ёстой. Хятад, АНУ гэсэн хоёр том гүрний хувьд бие биеэсээ нүүр буруулах нь зөв зохистой сонголт биш. Нэг тал нөгөө талаа өөрчлөх гэх нь боломжгүй зүйл бөгөөд зөрчилдөөн, сөргөлдөөн нь тэвчихийн аргагүй үр дагаварт хүргэж байна” хэмээн хэлжээ.

Хоёр орны удирдагчид санал зөрөлдөөнийг багасгах арга замуудыг эрэлхийлж байгаа бөгөөд үүнд нэлээд хугацаа шаардлагатай байж магадгүй юм. Хятадын эдийн засгийн үзүүлэлтүүд харьцангуй сул байгаа, мөн Бээжин хөршүүдтэйгээ газар нутгийн маргаантай, АНУ-ыг холбоотнуудаас нь холдуулж буй Ойрхи Дорнодын мөргөлдөөн үргэлжилсээр буй юм.

Эх сурвалж: CNN, REUTERS
Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу