Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төвөөс өнөөдөр (2023.11.17) “Үйл ажиллагаа танилцуулах өдөрлөг” зохион байгууллаа. Энэхүү үйл ажиллагаанд нийслэл төдийгүй хөдөө орон нутгийн баг, тамирчид оролцсон юм.

Тэд спортын сэтгэлзүйн үзлэг, эрүүл хооллолтын зөвлөгөө, эрүүл мэндийн үзлэг, гэмтлийн эмчийн үзлэг, биеийн бүтэц, хэмжилт тооцоолол хийх зэрэг олон төрлийн үйл ажиллагаанд хамрагдлаа. 

Үйл ажиллагаа танилцуулах өдөрлөгт оролцож буй эмч, ажилтан болон тамирчдын сэтгэгдлийг сонирхлоо. 

“Тамирчдад дасгалжуулагчаас гадна сэтгэл зүйч маш чухал”

Монголын спортын сэтгэлзүй судлаачдын холбооны гүйцэтгэх захирал, Спортын сэтгэл зүйч Б.Золзаяа:

-“Парис-2024” олимпод бэлтгэх дөрвөн баг гаргасны нэг нь сэтгэлзүйн баг. Өнөөдрийн болж буй арга хэмжээ бол “сэтгэлзүйн баг” багаараа үйл ажиллагаагаа танилцуулаад, анх удаа сургалт, зөвлөгөө зохион байгуулж байна. Миний хувьд 2006 оноос хойш спортын сэтгэл зүйч хийж байна. Улсын байгууллагатай хамтарч ажил явуулж байгаа нь холбооны хувьд ч гэсэн анхны тохиолдол.

Токиогийн олимпод холбоодтой хамтарч ажиллаж байсан. Холбоод болон хувь тамирчид 2008 оны олимпоос хойш спортын сэтгэл зүйчтэй ажиллаж байсан туршлага ихэсч байна.  Нийтээр нь улсын шигшээ багт байгаа 195 тамирчинд сэтгэлзүйн баг, тусгайлан эрдэм шинжилгээний ажлаар дамжуулан ганцаарчилсан зөвлөгөө өгөх, сургалт зохион байгуулах ажил есдүгээр сарын 1-нээс эхэлж байна.

Монгол Улс “Ханжоу-2022″ Азийн наадамд маш амжилттай оролцоод ирсэн. Дараа дараагийн тэмцээн уралдаан Парис-2024 олимпын наадамд чиглэсэн ажлуудын бэлтгэлийг ханган ажиллаж байна. Энэ онд багтааж, шигшээ багийн нийт тамирчны сэтгэлзүйн судалгааг авч, долоон төрлийн сэтгэлзүйн ур чадвар олгох сургалтын бэлтгэл ажлыг хангаад байна. Танхимаар болон онлайн хэлбэрээр бэлдсэн. Мөн спортын сэтгэл зүйчдийг бэлтгэх ажил үргэлжилсээр байна.

Өнөөдрийн хувьд маш олон тамирчин ирж, асуулт асууж байна. Тамирчдад дасгалжуулагчаас гадна сэтгэл зүйч маш чухал нөлөөтэй. Харилцан ярилцаж, өөрийн зүгээс ямар арга хэмжээ авах вэ? Спортын хороо, дасгалжуулагч ямар арга хэмжээ авах вэ гэдгийг таниулах чухал арга хэмжээ болж байна. Энэ бүхэн тамирчдын үзүүлэх амжилттай шууд холбоотой. Дан ганц бэлтгэл сургуулилтаас гадна энд үзүүлж буй үзлэг, үйлчилгээ нэг цогц болсноор үр дүн, амжилтад сайнаар нөлөөлдөг.

Хоол зүйн зөвлөгөө нь тамирчдад амжилтаа ахиулах, ядрахгүй байх боломжийг хангаж өгдөг”

Мэргэжлийн эмнэлзүйн спортын хоол зүйч, Tibi аппликейшний үүсгэн байгуулагч С.Мөнхтуул: 

-Спорт, дасгал хөдөлгөөнөөр хичээллэж буй хэн бүхэнд хоол хүнс хамгийн чухал. Өнөөдөр бэлтгэлийн өмнөх, дундах, дараах гэх мэт хооллолтын зөвлөгөө өгч байна. Дасгал хөдөлгөөн хийснээр маш их хөлс ялгарч, түүнтэй цуг эрдэс бодис ч гадагшилж байдаг. Энэ бүхэн дээр хоол зүйн зөвлөгөө өгч тэнцвэржүүлснээр тамирчдад амжилтаа ахиулах, ядрахгүй байх боломж олгож байгаа юм. 

Манай улсын хувьд Токиогийн олимпод мэргэжлийн хоол зүйчид ажилласан. Бокс, жүдо, марафоны тамирчдад миний бие багаа ахлан оролцсон. Ирэх 2024 онд болох Парисын олимпод хоёр дахь удаагаа оролцох гэж байна. Хоол зүйчийн мэргэжил үүсээд 20 гаруй жил болж байгаа ч спортын хоол зүйч хоёр дахь жилдээ л үйл ажиллагаа явуулж, баг тамирчидтай хамтарч ажиллаж байна. 

“Тамирчдад хоол зүй, сэтгэл зүйн зөвлөгөө өгч байгаа нь онцлог байлаа”

Орхон аймгийн Тусгай олимпын багийн дасгалжуулагч Д.Одгэрэл:

-Орхон аймгаас таван дасгалжуулагч, 11 тамирчин ирсэн. Энэ удаа Монголын тусгай олимпын хороо байгуулагдсаны 10 жилийн ойд зориулсан “ҮНДЭСНИЙ СПОРТЫН НААДАМ” таван төрлөөр явагдана. Манай аймгийн хувьд 3х3 охидын сагсан бөмбөг, Ширээний теннис, Боччи гэсэн төрлийн баг тамирчид ирсэн байна. Тусгай олимпын уралдаан, тэмцээнд оролцоход аймгийн удирдлагууд байнга дэмждэг. Аймгийн эрүүл мэндийн газартай хамтран тогтмол үзлэг, сургалт зөвлөгөөг мөн тамирчдадаа үзүүлдэг. Гэвч тэмцээн уралдааны өмнөх сэтгэл зүйн дэмжлэг зөвлөгөө дутмаг байдаг. Тэр тусмаа тусгай олимпын тамирчдад илүү анхаарал халамж хэрэгтэй. 

Тусгай олимпын хөдөлгөөнд манай аймаг 2015 оноос эхлэн оролцож байна. 2017 онд Австри улсад болсон өвлийн олимпод хоёр алт, нэг мөнгөн медальтай ирсэн. Өмнөх эрүүл мэндийн үзлэгүүдэд хоол зүйч, сэтгэл зүйч байдаггүй байсан. Энэ жил тамирчдад энэ төрлийн үйлчилгээ үзүүлж байгаа нь илүү онцлог гэж харж байна. Оролцож буй тэмцээн, уралдаан болгондоо сэтгэл зүйч, хоол зүйч, мэргэжлийн эмчтэй хамт очих боломж тэр бүр байдаггүй. Гэхдээ энэ удаагийн өдөрлөгөөр энэ талын мэдлэг мэдээлэл олж авч, цаашид юун дээр хэрхэн анхаарах вэ гэдгээ мэдлээ. Сэтгэгдэл өндөр байна. 

“Монголд спорт хөгжихөд бүрэн боломжтой болсон байна”

Тэшүүрийн спортын Олон улсын хэмжээний мастер, ахмад тамирчин Н.Эрдэнэтуяа:

-Спортын анагаах ухааны үзлэгт оролцож байгаадаа баяртай байна. Бидний үед гарын, нурууны үений таталт гэх мэт хэрэглэгдэхүүнүүд хуучны эд л байлаа. Одоо бол спортын төрлөө дагаад эд хэрэгсэл сайжирсан байна. Жишээ нь, биеийн бүтэн бүтцийг гаргаж байгаа нь дасгалжуулагч нь тамирчинтайгаа ажиллахад илүү дөхөм болж байгаа юм. 

“Шинэ залуу тамирчдын хувьд сэтгэл зүйч, эмч зэрэг нь харьцангуй сайжирч байна. Ахмад тамирчдын хувьд хараахан дутмаг байдаг. “Уяанд сойгдсон морь уяан дээрээ ирээд өөрийгөө сойдог” гэдэг шиг л өөрсдөдөө анхаарч бэлтгэл сургуулилтаа хийдэг. Гэхдээ бид өөрсдөө сэтгэл гаргаад энэ мэтчилэн үйл ажиллагаанд оролцож байх хэрэгтэй. Ахмадын тэшүүрийн холбоо ийнхүү гуравдах олимпдоо оролцох гээд бэлтгэлээ хангаад байж байна даа” гэлээ.

Мөн үйл ажиллагаа танилцуулах өдөрлөгийн үеэр Спортын төв ордоны нэгдүгээр давхрын хурлын танхимд “Спортын хоол зүй” “Спортын гэмтэл бэртэл, тейп боолт” “Допингийн шинжилгээ авах процесс, хориотой бодисын жагсаалт, үр дүнгийн менежмент”  “Спортын бэлтгэл дасгалжуулалт” сэдвүүдээр тус тус сургалт явагдах юм.

А.САЙХАН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу