Замын хөдөлгөөнд оролцож буй нэг сая тээврийн хэрэгсэлд RFID чип буюу техникийн хяналтын цахим гэрчилгээ наах ажлыг энэ сарын нэгнээс эхлүүлсэн билээ.

Ингэхдээ эхний ээлжид нийтийн тээврийн хэрэгсэл, төрийн байгууллагуудын автомашинд суурилуулж байгаа. Харин тээврийн хэрэгслийн хяналт зохицуулалтын нэгдсэн систем, бүртгэлтэй холбоотойгоор иргэдийн автомашинд RFID чипийг суурилуулах ажлыг түр хойшлуулаад байгаа юм.

Тэгвэл уг ажлын хүрээнд тээврийн хэрэгсэлд суурилуулсан RFID чипийг унших 455 төхөөрөмжийг товчоод болон оношилгооны төвүүдэд суурилуулсан байна. 

Тодруулбал, Нийслэлийн харьяа шалган бүртгэх найман товчоо, оношилгооны таван төвд радио давтамж тодорхойлох RFID уншигч 455 төхөөрөмжийг суурилуулжээ. Мөн авто замын гэрлэн дохиотой 138 уулзварт 343 шон, 11 байршилд шон суурилуулсан байна.

Ингэснээр RFID системийг хэрэглээнд нэвтрүүлэх дэд бүтцийн ажил бүрэн хангагдсан аж.

Харин тээврийн хэрэгсэлд RFID чип суурилуулах ажлыг техникийн хяналтын үзлэгийн төв, нийслэлийн нэг цэгийн үйлчилгээний төв, томоохон худалдааны төвүүдийг түшиглэн зохион байгуулах бөгөөд чипийг үнэгүй суурилуулна. Гэхдээ импортоор орж ирэх тээврийн хэрэгсэлд гааль дээр төлбөрөө төлж наалгах юм.

Уг системийг нэвтрүүлснээр авто тээвэртэй холбоотой зарим төрлийн үйлчилгээ буюу тээврийн хэрэгслийн торгууль, татвар, даатгал, замын хөдөлгөөний зөрчил зэрэг асуудлыг шийдвэрлэхэд нөлөөтэй гэж үзжээ.

Түүнчлэн нийслэлийн шалган нэвтрүүлэх товчоодын төлбөр, хураамжийн системийг сайжруулах, цахим төлбөрийн систем нэвтрүүлэх, нэхэмжлэл үүсгэх, төлбөрийн нэгдсэн системд холбох, тоног төхөөрөмж суурилуулах ажил бүрэн дууссан.

Баруун түрүүн, Налайх, Түргэний гол, Эмээлт, Гүнт, Гачуурт, Морингийн даваа зэрэг нийслэлийн харьяа найман шалган бүртгэх товчоог дугаар таних, чиглэлийн, өрөөний доторх, орчны хяналтын эргэдэг зэрэг нийт 57 камер болон бусад тоног төхөөрөмжөөр тоногложээ.

Ингэснээр шалган бүртгэх товчоодоор орж ирэх орон нутгийн дугаартай тээврийн хэрэгслийн ангиллаас хамаарч 1000-10,000 төгрөгийн хооронд төлбөрийн нэхэмжлэх системд үүсэж, төлбөрийн мэдээллийг тээврийн хэрэгслийн үйлчилгээний нэгдсэн https://smartcar.mn/ систем рүү илгээснээр иргэд товчоодоор орж, гарахад урт дараалал, түгжрэл үүсгэхгүйгээр дараа төлбөрт байдлаар төлөх боломжтой болсон аж.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу