Dobu.mn сайт өнгөрч буй долоо хоногт болсон үйл явдлуудаас тоймлон хүргэж байна.

Хугацаат цэргийн алба хаагч амиа алдав

БАЙР СУУРЬ: Цэргийн албыг мэдэхгүй байж зодож, яргалдаг мэтээр ярьж болохгүй - DOBU

Зэвсэгт хүчний 326 дугаар ангид цэргийн алба хааж байсан байлдагч нас барсан талаар Зэвсэгт хүчний жанжин штабаас тодруулахад “Оюутан цэрэг биш, 2023 оны хоёрдугаар ээлжээр цэрэгт татагдсан хугацаат цэргийн алба хаагч” хэмээв.

Энэ талаар Бригадын генерал Ч.Цогтжаргал “Өглөө зургаан цаг 30 минутын орчимд ангийн жижүүр над руу ярьсан. Бослогын команд өгсний дараа талийгаач босохгүй байсан учраас үзлэг хийгээд эмнэлэг, жижүүрийнхэн очсон. Энэ үед амь насаа алдсан байдалтай байсан. Одоо бид дараагийн шатны арга хэмжээ буюу эмнэлэг, цагдаа бусад алба хаагчдад дуудлага өгчихөөд байж байна гэсэн мэдээлэл ирсэн. Энэ дагуу шуурхай бүлэг байгуулж явууллаа. Талийгаач орой амрах дохио өгөхөд бусад байлдагч нарын хамт амардаг цагтаа амарсан. Цагдаагийн байгууллагаас эцсийн дүгнэлтийг тогтооно” гэлээ.

Уг хэргийн талаар Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр “Би бүгдийг нь мэдэж байна. Маш их харамсаж байна. Ямар нэгэн гадны нөлөө байхгүй” хэмээн хэлсэн байдаг. 

Талийгаач цэргийн ар гэрийнхэнтэй Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх холбогдож, эмгэнэл илэрхийлэв

Мөн Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын зөвлөх, бригадын генерал Д.Баасандамбыг үүссэн асуудалд хөндлөнгийн хяналт тавьж, анхаарч ажиллахыг үүрэг болгов.

Энэ талаар ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр “Юуны өмнө Зэвсэгт хүчний … дугаар ангид цэргийн албанд татагдсан залуу харамсалтайгаар амь насаа алдсан явдалд талийгаачийн ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлье. 

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар эл үйл явдалтай холбогдуулан Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярын мэдээллийг сонссон. Улмаар надаар ахлуулсан шуурхай ажлын хэсэг байгуулж, Зэвсэгт хүчний анги салбаруудад удаа дараа харамсалтай үйл явдал болж буйд ХЭҮК-ын оролцоотойгоор хяналт шалгалт хийж, санал дүгнэлт боловсруулахаар боллоо. Дараа нь Засгийн газрын хуралдаанд оруулж шийдвэрлүүлнэ.

Удаа дараа болсон ийм асуудлыг өмнө нь УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны хуралдаанаар 2021 онд хэлэлцэж, тогтоол гаргаж байсан. Энэ тогтоолын хэрэгжилтийг хянана. Хүний эрхийн үүднээс дүрэм журам, ахуй нөхцөл зэрэг бүх хүрээнд судалж, дүгнэлт гаргах шаардлагатай юм байна” гэлээ.  

Цагдаагийн алба хаагч мөрийтэй тоглоомчдоос авлига авч, хэргийг нуун дарагдуулдаг байж болзошгүй хэргийн талаар мэдээлэв

ЦЕГ: Цагдаагийн алба хаагч мөрийтэй тоглоомчдоос авлига авч хэргийг нуун дарагдуулдаг байжээ - DOBU

Цагдаагийн байгууллагаас Эрүүгийн хуулийн 20.17 дугаар зүйл буюу “мөрийтэй тоглоом зохион байгуулах” гэмт хэргийг шалгах явцад ЭЦА-ны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэсгийн эрүүгийн мөрдөгч, ахлах дэслэгч Т хэргийн холбогдогчтой холбоотой байж болзошгүй нөхцөл байдлыг дотоод хяналтаар илрүүлж, тогтоосон ба хууль, журмын хүрээнд мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна” гэж Цагдаагийн Ерөнхий газраас мэдээллээ.

Цагдаагийн алба хаагч Т, Б нар нь цахим мөрийтэй тоглоомын газар ажиллуулдаг этгээдүүдээс хахууль авдаг байсан байж болзошгүй хэргийн талаар Цагдаагийн Ерөнхий газраас (2023.11.16) мэдээлэл өгөв.

ЦЕГ-ын Дотоод хяналт, аюулгүй байдлын албаны дарга, цагдаагийн хурандаа Д.Манлайбаатар:

-Цагдаагийн ерөнхий газрын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагч гэмт хэрэгт холбогдсон тухай мэдээлэл цахим орчинд цацагдсан. “Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан этгээдүүдийг шалгах явцад тухайн алба хаагчийн нэр удаа дараа дурдагдсан”. Улмаар шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах нь зүйтэй гэж үзээд, холбогдох албанд шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна. Уг алба хаагч одоогоор албан үүргээ гүйцэтгэж байна. 

Мөн цагдаагийн албанд ажиллаж байгаад цэргийн байнгын тэтгэвэрт гарсан Б гэгч уг хэрэгт холбогдсон. Хуульд заасан мөрдөн байцаах ажиллагааны явцад мөрийтэй тоглоом зохион байгуулсан этгээдүүдийн нөлөөлөлд орж, шан харамж авсан байж болзошгүй хэргийг өнгөрсөн аравдугаар сард Авлигатай тэмцэх газарт мөрдөн шалгах ажиллагаа явуулуулахаар шилжүүлсэн. Шүүхийн эцсийн шийдвэргүйгээр гэмт хэрэгтэн гэж үзэхгүй учраас уг асуудалд анхааралтай хандаасай гэж хүсэж байна” гэсэн юм.

“Гацуурт”-ын Л.Чинбатын 5 сая төгрөгийн ЦООЖНЫ хэрэг хэрэгсэхгүй болжээ

"Гацуурт"-ын Л.Чинбатын цоожны 5 сая төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгожээ - DOBU

Хөдөлмөрийн баатар, “Гацуурт” компанийн захирал Л.Чинбат Сэлэнгэ аймгийн шүүхэд таван сая төгрөгийн нэхэмжлэл гаргажээ. Түүний гомдлыг хүлээн авч, шүүхээр /2023.11.17/ хэлэлцэж хэрэгсэхгүй болгосон.

Тодруулбал, “Гацуурт” компанийн захирал Л.Чинбат олон тооны адууг 4-5 хоног хашиж, зуны аагим халуунд өлдөөд байж байхад нь Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын гуравдугаар багийн Засаг дарга Б.Ганзориг хашааных нь цоожыг эвдэж, адууг усалж, эмчилсэн аж. Үүнтэй холбогдуулан Л.Чинбат хаалганы цоожны мөнгө хэмээн таван сая гаруй төгрөг Б.Ганзоригоос нэхэмжилжээ.

Энэ тухай Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын гуравдугаар багийн Засаг дарга Б.Ганзориг хэлэхдээ “Хүнийг дарж, дарамталдгаа болиоч. Хятадын 3500 төгрөгийн цоож байтал 100 хэдэн мянган төгрөг нэхэмжилж, нэг цоожны хэрэг дээр таван сая төгрөгөөр өмгөөлөгч авч ажиллуулж байгаа нь харамсалтай байна. Өөрийн биеэр шүүх хуралдаа оролцохыг хүсье” гэсэн юм.

Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба, гэвш лхаарамба Д.Жавзандорж ламыг ширээнд нь заллаа

Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба, гэвш лхаарамба Д.Жавзандорж ламыг ширээнд нь заллаа - DOBU

XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилийн өвлийн эхэн харагчин гахай сарын шинийн тавны өлзийт сайн өдөр Монголын бурхны шашны төв-Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба, ХХХ Хамба номун хан, гэвш лхаарамба Д.Жавзандорж ламыг ширээнд залах ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаа Батцагаан цогчэн дуганд боллоо.

Ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаанд бурхны шашны зүтгэлтнүүд, УИХ-ын дарга Г.Занданшатар тэргүүтэй УИХ, Засгийн газрын гишүүд, Элчин сайд нар, сүсэгтэн олон оролцов.

“Нээлттэй Сэлэнгэ”-д зориулсан барилдаанд Улсын гарди Ө.Бат-Орших түрүүллээ

“Нээлттэй Сэлэнгэ”-д зориулсан барилдаанд Улсын гарди Ө.Бат-Орших түрүүллээ - DOBU

“Нээлттэй Сэлэнгэ” үйл ажиллагааны хүрээнд зохион байгуулагдсан улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаанд Увс аймгийн Улаангом сумын харъяат, БХИС, “Увс нуур” дэвжээний бөх, улсын гарди Өлзийтогтохын Бат-Орших түрүүлж, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харъяат, “Алдар” спорт хороо, “Пирамид орд” ХХК, Түшээт ханы аварга дэвжээний бөх, улсын өсөх идэр начин Эрдэнэбатын Даш үзүүрлэлээ.

Шөвгийн дөрөвт Говь-Алтай аймгийн Жаргалан сумын уугуул, Ховд аймгийн Буянт сумын харъяат, “Аврагч” спорт хороо, “Од” групп, “Их Монгол” Сан, “Эм Жи Ө” транс ХХК, Ховд дэвжээний бөх, улсын аварга О.Хангай, Архангай аймгийн Хашаат сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Залуу ноёд” ХХК, Бөхбилэгт дэвжээний бөх, улсын харцага С.Сүхбат нар шалгарлаа.

Наймд улсын начин Д.Хүдэрбулга, аймгийн хурц арслан Д.Төрболд, аймгийн заан Ж.Хатанзоригт, цэргийн заан Х.Наранбаяр нар үлдэв.

Нийслэлийн 2023 оны төсвийн тодотголыг баталлаа

Нийслэлийн 2023 оны төсвийн тодотголыг баталлаа - DOBU

Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XVI хуралдааны хоёрдугаар хэлэлцүүлгээр Нийслэлийн 2023 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлын эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Өргөн барьсан төсөлтэй холбоотойгоор Нийслэлийн ИТХ-ын хороод болон намын бүлгүүдийн дүгнэлтийг танилцуулав.

Эдийн засаг төсвийн хороо, Хот байгуулалт дэд бүтцийн хорооны гишүүдийн хувьд Сэлбэ дэд төвийн ТЭЗҮ, зураг төслийг боловсруулах ажлын зардлыг 3 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх, хот нийтийн аж ахуйн асуудлыг цогцоор нь шийдэрлэх санхүүжилтийг нэмж шийдвэрлэх, Баянзүрх дүүргийн 32 дугаар хороо, 137 дугаар сургууль, 213 дугаар цэцэрлэг орчимд зогсоолын зориулалтаар газар чөлөөлөх зардал болох 420 сая төгрөгийг нэмж тусгах саналыг гаргалаа.

А.САЙХАН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу