Арваннэгдүгээр сарын эхний хагасын байдлаар, орон нутагт өвөлжилт хүндэрч, өвс тэжээлийн хомсдол үүсээд байна. Үүнээс шалтгаалж хивэг, тэжээлийн нийлүүлэлтийн үнэ болон худалдааны үнэ тодорхой хэмжээгээр өсжээ. Энэ талаар “Энхжин” худалдааны төвийн өвс, тэжээлийн худалдаа эрхлэгчдийг зорьж, дараах сурвалжилгыг бэлтгэлээ.

    “Хивэг дууссан, маргааш үнэ нь өсөөд ч ирж магадгүй”

Баруун аймгуудын чиглэлд гарах зам дагуу байрлах малын тэжээлийн томоохон худалдааны төв бол “Энхжин”. Зогсоол олдохгүй, хөл хөдөлгөөн тасрахгүй уг төвийн ойр орчимд малын тэжээлийн худалдаа элбэг хэдий ч өчигдөр (2023.11.19)-ийн байдлаар хивэг дууссан, бусад тэжээлийн худалдааны агуулах малчдын хөлд дарагдсан байлаа.

Ачааны машинд тэжээл ачаад, дөнгөж дуусаад, сандал дээрээ сууж буй хичээл насны эрэгтэй хамгийн түрүүнд нүдэнд тусав. Түүнийг Д.Очирбат гэдэг бөгөөд малчид ч түүний агуулахыг жижиг гэж гололгүй ирж, худалдаа хийдэг ажээ.

Өвс, тэжээлийн үнийн өсөлт болон эрэлт нийлүүлэлтийн талаар түүнээс тодруулахад, 

“Үйлдвэрээс хивэг аваад, тээвэр ачилт буулгалтын хөлс гээд нэг мянган төгрөг нэмж зардаг байсан. Одоо үйлдвэрүүд хивгээ өгөхгүй байна. Гурван өдрийн өмнө 21-23 мянган төгрөг байсан хивэг 25-30 мянган төгрөг болж нэмэгдээд байна. Үйлдвэртээ 20 мянган төгрөгийн үнэтэй байсан юм. Өнөөдөр үйлдвэр нь 22.500 төгрөг болгосон гэж байна. Яг одоо нийлүүлэлт тасарчихсан, хивэгтэй байгаа хэдхэн хүмүүс нь үнээ нэмээд зарж байгаа нь буруу.

Өвөлжилт хүндэрсэн малчдын нөхцөл байдал хүндхэн байгаа энэ үед төр засаг жаахан анхаараад өгмөөр байна. Хятад руу л зөөгөөд байх юм. Монголчуудын мал дуусах нь ээ, хэдэн малчид нь хэцүүдээд байна. Анхаарах, бодлого тодорхойлох төргүй юм шиг байгаа нь л харамсалтай юм” гэлээ.

Ярилцаж зогсох үе хэд хэдэн малчин хивэг байгаа эсэх талаар асуусан боловч “Ойр хавиас олохгүй, маргааш л ирж магадгүй” гэсэн хариулт аван, буцаж байлаа.

“Энхжин” төвийн ард байрлах худалдааны томоохон агуулахын худалдаачин Х.Болдоос тодруулахад,

Үнийн хувьд 22-25 мянган төгрөгийн ханштай байна. Өнөөдрийн байдлаар хивэг тасарсан, бусад тэжээл хэвийн худалдаалагдаж байна. Нийлүүлдэг үйлдвэрээс шалтгаалж л нөөц бий болгодог. Үйлдвэрээс хэзээ яаж, ямар хэмжээгээр ирнэ түүгээр л болгож байна. Үнэ нэмж байгаа асуудал яг үнэндээ байхгүй. Үйлдвэрээс авсан үнэ дээрээ тээвэр, ачилт буулгалт зэргээ бодоход 500-700 төгрөг, ихдээ 1000 төгрөг л нэмж байна. Дизель түлш үе үе тасалдаад, тээвэрлэлт хийхэд хүнд байна. Сүүлийн хэдэн өдөр арай гайгүй. Цаашдаа яахыг хэлж мэдэхгүй юм” гэлээ.

Агуулахын хаалга дэлгээстэй, ачааны машинд ачаа ачиж байх бөгөөд дугаарласан машин байхгүй байсан нь хивэг дууссантай холбоотой. Малчид гол төлөв хивэг, овъёос, тэжээлийн будаа зэргийг авдаг ажээ.

Мөн Булган аймгийн иргэн малынхаа тэжээлийг бэлдээд, нутаг буцаж байгаатай таарлаа. Тэрбээр “Малын тэжээл өмнө нь 35 мянга байсан, одоо 5000 орчим төгрөгөөр нэмэгдсэн байна. Хивэгний үнэ бүр нэмэгдсэн, олдохгүй байна. Баруун зүгт өвөлжилт хүндэрсэн цас ихтэй. Замд түлш олдохгүй нам зогсох ч тохиолдол байна” гэлээ.

Мөн тэрбээр “Портер” маркийн автомашины тэвштэй тэнцүүлэн ачсан цөөхөн шуудай тэжээлээ хучиж, татлагаа татаад “Одоо түлштэй газар хаана байгаа билээ” хэмээн гар утсаа гарган, машиндаа суусан юм.

Үдийн хойно “Энхжин” худалдааны төвийн зам дагуух машины хөдөлгөөн тасраагүй бөгөөд малчид “Хивэг дууссан ч тэжээлээ ачаад авъя. Маргааш эрт ирээд, хивэг ирвэл авах юм шүү” хэмээн хоорондоо ярилцан зогсоно.

Нийслэл төдийгүй орон нутгийн хэмжээнд дизель түлш хомсдож байгааг эх сурвалжууд мэдээлсээр байгаа билээ. Албаныхан “Хойд хөрш дизель түлшний крантаа “багасгавал” БНХАУ-аас нөөц бүрдүүлнэ” гэж мэдэгдсэн ч АИ95 бензин л татсан. Тиймээс хойд хөршөөс АИ92, дизель түлшний хараат байдал хэвээр үргэлжилж буй. Ингэснээр орон нутгийн иргэд, уул уурхайн салбар, нийтийн тээврийн амин чухал хэрэглээ болсон дизель түлш хомсдоод байгаа юм. Энэ нь ч мөн малын тэжээлийн тээвэрлэлт, нэг бүрийн үнэд нөлөөлж байна.

Ийнхүү өвлөөс урьдаж, байгалийн сорилтооос өмнө буурь сэлгэж амжаагүй малчид түлш ч үгүй, тэжээл ч үгүй болоод байна. Х.Болорчулуун сайддаа тун ч их гомдолтой байгаа нь худалдаа эрхлэгчдийн ярианаас түвэгггүйхэн ойлгогдож байлаа.

Хивэг, тэжээлийн худалдааг зөвхөн хувийн хэвшил л эрхлэж байгаа нь ч энэ бүх хүндрэлийн эх үүсвэр мөн биз ээ. Үйлдвэрүүд үнийн зөрүүг илүүд үзэж, Хятад улс руу гаргах нь элбэг болоод байгааг эх сурвалжууд хэлж байлаа. Хивэг, тэжээл нийлүүлдэг үйлдвэрүүд ашгаа бодоод, урд хөрш рүү гаргасаар байвал малчид энэ өвлийг зутруухан давах шинжтэй.

Өвс, тэжээлийн үнэ ханшийн (2023.11.18) мэдээллийг хүргэж байна.

  • Хорголжин 40 кг – 34.320 төгрөг /НӨАТ-тай дүн/
  • Хорголжин 1 тонн – 858.000 төгрөг /НӨАТ-тай дүн/
  • 5 шар, 22-ын товчоо / лавлах утас: 94444456, 94431350/
  • Хивэг 25 кг-25.000 төгрөг
  • “Алтан тариа”-н хивэг 25 кг- 25.000 төгрөг 
  • Улаанбуудай 40 кг- 35.000 төгрөг
  • Тэжээлийн будаа 40 кг – 35.000 төгрөг 
  • Орос овъёос 40 кг – 45.000-50.000 төгрөг
  • Монгол овъёос 40 кг – 38.000-40.000 төгрөг 
  • Монгол хорголжин тэжээл 40 кг- 37.000 төгрөг
  • Шоколадан тэжээл буюу уурагт тэжээл 40 кг-65.000
  • Хурдан морины тэжээл 25 кг- 52.000 төгрөг
  • Шингүүртэй тэжээл 35 кг -50.000 төгрөг 
  • Өвс 9000-11.000 төгрөг
  • Ногоон тэжээл 12.000-15.000 төгрөг 
  • Амгалан бөөний төв/лавлах утас: 99335287,9968869/
  • Монгол хивэг – 25.000 төгрөг
  • Тэжээлийн будаа 40 кг -35.000 төгрөг 
  • Цэвэр улаанбуудай 40 кг-35.000 төгрөг
  • Монгол овъёос 40 кг-35.000-40.000 төгрөг

А.САЙХАН
Гэрэл зургийг Ч.ДАШДОРЖ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу