Түгжрэл, утаа гэх мэт Улаанбаатарын стрессээс дайжиж, орон нутагт шилжин суурьших залуу гэр бүлийн тоо нэмэгдэж байна. Тэдний нэг болох Хашчулууны Мягмарсүрэнтэй ярилцлаа. Тэрбээр нөхөртэйгөө ярилцсаны эцэст орон нутагт ажиллаж, амьдрахаар шийдэн, зургаан сарын өмнө Ховд аймаг руу нүүжээ. Өдгөө түүний нөхөр Ховд аймгийн Хөгжимт драмын театрт дуучин, өөрөө тус театрт маркетингийн менежерээр ажиллаж буй аж. 

-Яагаад Ховд аймаг руу шилжих болов?

-Залуучууд орон нутаг руу шилжиж буй хэд хэдэн шалтгаан бий. Хотын захад амдаръя гэхээр үйлчилгээнээс алслагдчих гээд. Төвдөө амьдрах гэхээр түгжрэл, утаанаас эхлээд маш олон зүйлээс стресстэж байсан.

Манайх гурван хүүхэдтэй. Хоёр нь сургуульд, нэг нь цэцэрлэгт явдаг. Нөхөр бид хоёрын нэг нь хүүхдүүдээ хүргэх учир ажил хийх боломжгүй болчихож байгаа юм. Ингээд нэг л хүний цалингаар амьдрах шаардлагатай болно. Таван ам бүлтэй айлд нэг хүний цалин хүрэлцэхгүй. Энэ мэт байдлаас болж, манайх орон нутаг руу шилжихээр шийдсэн юм. Гэхдээ энэ шийдвэрээ шууд нэг өдөр гаргаад, сэтгэл хөдлөлөөрөө нүүчихээгүй. Өнгөрсөн оны гуравдугаар сард  нөхөр маань Ховд аймгийн Хөгжимт драмын театрт шалгалт өгч тэнцээд, дуучнаар ажиллахаар болж, түрүүлж явсан. Би зургаадугаар сард хичээл амарсны дараа би хүүхдүүдээ аваад, араас нь очсон юм. Шилжиж очоод, таван сар гаруй хугацаа өнгөрч байна. 

-Багагүй хугацаа өнгөрсөн байна. Орон нутагт амьдрахад хэр байна вэ?

-Цэвэр агаар, амар амгалан байдал гээд сайхан зүйлс их бий. Гэхдээ олон асуудал тулгамдаж байна. Жишээ нь, газар. Иргэн бүр 0.07 га газар эзэмших хэрэгтэй гэдэг хэрнээ газар олгодоггүй. Бид шилжиж очоод, “Улаанбаатар хотоос танай нутагт таван ам бүлтэй, залуу айл шилжээд ирлээ. Манай өрхийн тэргүүний нэр дээр 0.07 га газар олгоод өгөөч” гэхэд хүн амьдрах боломжтой газар дуусчихсан гэсэн. Яг ийм байдлаас болоод газар авч чадаагүй, хамаатныхаа хашаанд амьдардаг айл олон байдаг юм билээ. Эсвэл өр зээл тавьж байр, хашаа байшин худалдаж авч байна.

-Газар авч чадаагүй юм байна. Амьдрах газраа хэрхэн шийдсэн бэ?

-Манайх Улаанбаатар хотод гэрт амьдардаг байсан юм. Орон сууцанд амьдрахаас гэрт амьдрахыг илүүд үзэж, маш сайхан тохижуулж, бохир, халаалтын асуудлаа шийдээд амьдарч байсан. Одоо Ховдод байр түрээсэлж байна. Цаг агаарын нөхцөл байдал хэрхэхийг мэдэхгүй учир эхний жилдээ дулаан байранд амьдрахаар шийдсэн. 

Түрээсийн байранд ортол дахиад л асуудал гараад ирсэн. Тэр нь шилжилт хөдөлгөөн. Өөрийн гэсэн оршин суух хаяггүй учир тухайн орон нутгийн оршин суугч болж, шилжүүлэг хийлгэж болохгүй. Тэгэхээр тухайн түрээсэлж буй байрандаа түр оршин суугч болж байгаа юм. Түр оршин суугчийн хүүхдийг сургууль, цэцэрлэгт авдаггүй. Энэ мэт жижиг асуудлууд төвөгтэй юм билээ. Уг нь Улаанбаатарын стресс бухимдлаас холдох гэсэн боловч орон нутагт очоод дахиад л бухимдаад эхэлж байгаа юм. 

-Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд хөдөөгийн сэргэлтийг эхлүүлж, орон нутагт шилжин суурьших залууст дэмжлэг үзүүлэх талаар мэдээлж байсан. Энэ ажил биеллээ олж байна уу?

-Засгийн газраас Залуу гэр бүлийг дэмжих хөтөлбөр гаргасан. Түүнд орон нутаг руу шилжсэн залуу гэр бүлийн байрны түрээсийн эхний нэг жилийнх нь төлбөрийг төлнө. Хүүхдийг нь сурах боломжоор бүрэн хангана. Хэрэв ипотекийн зээлд хамрагдвал гурван хувийн хүүтэй байна гэх мэт маш олон зүйл бичсэн байсан. Цагаан цаасан дээр хараар бичсэн нь үнэхээр гоё. Даанч хэрэгждэггүй. Хэрэв хөрсөн дээрээ хэрэгждэг бол залууст хөдөө амьдрахыг уриалж болох юм.

-Тус аймгийн удирдлагуудад хандаж, нөхцөл байдлын талаар хэлж үзсэн үү?

-Энэ асуудлаар би шат шатны удирдлагуудтай нь уулзсан. Өөрөөсөө түлхээд, өөр хүнтэй уулз гээд явуулаад байсан. Эцэст нь хариуцсан хүнийг нь олж, уулзахад “Маргааш шийдээд өгнө” гэж хэлээд гаргасан. Сураггүй болчихоор нь сарын дараа дахин очиж уулзахад, миний мэдлээс гарчихсан гэсэн. Яриад байвал асуудал их юм билээ. 

-Өөр ямар асуудал тулгарч байна вэ?

-Ховд аймгийн төв хотын статустай. Гэтэл аймгийн төвөөр нь мал бэлчдэг. Үхэр нь хог ухаж, иддэг. Хог идэж байгаа үхрийн махыг бид иднэ гэсэн үг. Улаанбаатар хотын гудамжаар үхэр нохой шиг хог ухаад яваад байвал тэр үхрийн махыг идэх үү, сүүг нь уух уу. Хэцүү биз дээ. Мөн замын хөдөлгөөнд хүндрэл учруулна. 

Энэ мэт асуудлыг нь хэлэхээр “Чи өөр газраас ирчихээд, манай аймгийг буруутгадаг хэн бэ” гээд л эхэлдэг. Уг нь хотын соёлыг аймагт нь нэвтрүүлэх гээд саналаа хэлсэн боловч хүлээж аваагүй.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу