Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар ажиллаж байхад ЗГХЭГ-ын даргаар Г.Занданшатар ажиллаж байв. Дундговь аймгийн Гурвансайхан сумын Чулуут багийн нутаг, Зүүн хэмээх газарт орших Салхитын алт, мөнгөний үндсэн ордод 2018 оны арванхоёрдугаар сарын 28-нд Г.Занданшатараар ахлуулсан цагдаагийн тусгай, дотоодын цэрэг, тагнуулын хамтарсан баг тусгай ажиллагаа явуулж, тус газарт байсан хүмүүсийг амаар нь шороо үмхүүлэн дарж авч буй дүрс бичлэг хэвлэлээр гарч байв. Тэд тухайн үед “Төр өмчөө эгүүлэн авч байна” гэж мэдэгдэж байлаа.

Салхитын мөнгөний ордыг тойрсон цагдаа, шүүхийнхний авлигын асуудал сөхөгдөж, шүүгч Б түр саатуулагдаж байхдаа амиа хорлож, зарим шүүгч нарт хуулийн хариуцлага хүлээлгэн, ял оноосон. Салхитын мөнгөний ордын анхны эзэн гэгддэг Ш.Мөнгөншагай ч мөн гурван жилийн хорих ял сонссон юм.

Тухайн үеийн Төрийн тэргүүн Х.Баттулга, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар нарын хоршил ахмадуудын тэтгэврийн зээлийг тэглэх боломж Салхитын мөнгөний ордод бий гэж байсан. Ахмадуудын тэтгэврийн зээлийг нэг удаадаа тэглэхээс илүүтэй ард нь эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, улсад онц их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй талаар иргэн Ш.Мөнгөншагай мэдээлэл хийсэн ч өнгөрөгч долоо хоногийн “цахим шуурга” дунд дарагдаад өнгөрөв бололтой.

Ш.Мөнгөншагай “Салхитын мөнгөний ордын гэх хэрэгт гол зохион байгуулагчаар оролцсон гэж надад гурван жилийн ял оноосон. Шүүхээс ял авахдаа авлига өгсөн хүн нь би байсан. Харин авлига авсан хүн байгаагүй гэж шийдэгдсэн. Сая болсон шүүх хурал дээр Хөдөлмөрийн баатар Т.Мөнхбаярыг 27 сая төгрөгөөр торгосон нь шударга биш байна. Тэр хүн авлига авсан. Минийх тогтоогдоогүй. Гэтэл одоо 27 сая төгрөгөөр торгоно гэж юу гэсэн үг вэ.

Тухайн ордын талаар Т.Мөнхбаяр гэдэг хүн мэдээллийг нь олж авсан. Ерөнхийдөө тухайн үеийн манай Ерөнхийлөгч, УИХ-ын дарга нарын хийсэн хулгай. Тухайн үед УИХ-ын дарга Г.Занданшатар ЗГХЭГ-ын дарга байсан. Ерөнхийлөгч Х.Баттулга дээрх ажлыг даалгаад, УИХ-ын даргын албан тушаал амалсан. Тагнуулын байгууллага хүртэл очсон. Энэ үед Т.Мөнхбаярыг уурхайн захирлаар тавьж байгаа юм. Баттулгын гар, хөл байхгүй юу.

Т.Мөнхбаярыг би сайн мэднэ. Таньдаг байсан болохоор мэдээлэл алдагдсан. Мөн тэтгэврийн зээлийг бонд гаргаж тэглэсэн, тэр бонд төлгөдөөгүй. Үүнийг тус ордын ашгаас төлөх ёстой. Төлж чадаагүй. Яагаад гэвэл дээгүүр, доогуургүй бүгд хулгай хийчихсэн.

2018 оны мэдээллээр, нэг тонн баяжмалыг 106 ам.доллароор гаргаж байсан. Тухайн үед “Трафигура” гэдэг компани худалдаж авч байсан. Одоо миний авч байгаа мэдээллээр 106 ам.доллароор гэрээ хийж гаргаад, 700 орчим ам.доллароор худалдаж авч байгаа юм. Дундах 600 ам.доллар эд нарын халаасанд одоо хүртэл орж байна.

Т.Мөнхбаяртай уулзахад надад 104, 106 ам.доллар гэсэн хоёр санал ирсэн. Тэгээд 106 ам.доллароор гэрээ хийгээд өгье, харин 80 ам.доллар миний халаасанд, 186 ам.доллароор зарагдана гэсэн үг. Гэхдээ тэр цаасан дээр бичигдэхгүй. Сүүлдээ үүний үнэ өсөж 700 ам.доллар болсон.

2018 онд унц мөнгө 12 ам.доллар байсан. 2021, 2022 онд 25 хүртэл өссөн. Нийт 500 орчим сая ам.долларын хүдрийн биет байна гэж ТЭЗҮ гарсан. Гэвч 700 орчим тэрбум төгрөгийн тэтгэврийн зээлийг тэглэсэн шүү дээ. Түүнтэй харьцуулж үзвэл 500 сая ам.доллар гэдэг хэдэн төгрөг билээ. Гэтэл түүнийгээ төлж чадахгүй байна гэж байна шүү дээ.

Дундаас нь ямар их хулгай хийсэн байна. Хоёр, гурван их наяд төгрөг шүү дээ. Тэгэхээр эндээс нэг их наяд гаруй төгрөгийн хулгай хийсэн. Энэ хулгайг, бүгдийг зохион байгуулж хийсэн болохоор Т.Мөнхбаяр уснаас хуурай гарч байгаа байхгүй юу”  гэж мэдэгдсэн юм.

Х.Баттулга Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа Т.Мөнхбаярыг Салхитын мөнгөний ордыг эзэмшигч “Эрдэнэс силвер ресурс” компанийн захирлаар томилуулсан. Ахмадуудын тэтгэврийг тэглэхэд “Эрдэнэс силвер ресурс”-ийн Салхитын мөнгөний ордоос бонд босгож, эгүүлэн төлөх нөхцөлтэй байсан тул гавьяа байгуулсан Т.Мөнхбаяр Хөдөлмөрийн баатар болж жүжиглэж байлаа.

Ш.Мөнгөншагайгийн хэлсэнчлэн 2019 оны хоёрдугаар сарын 1-ний өдөр УИХ-ын дарга болгож шагнасан гавьяатан мөн л Х.Баттулга. Ингэж л Салхитын мөнгөний ордыг түшиглэсэн нам дамнасан Баянхонгорын бүлэглэл хүчээ авсан байгаа юм.

Х.Баттулгыг даган, хууль шүүхийн хаалга татах нь нэгэнт тодорхой болсон Т.Мөнхбаярыг ажлаас нь чөлөөлж, УИХ-ын дарга Г.Занданшатарын эдийн засгийн бодлогын зөвлөх “Баянхонгор”-ын С.Баярмөнхийг захирлаар томилуулсан. Өнгөрөгч долоодугаар сард С.Баярмөнхийг чөлөөлж, “Эрдэнэс силвер ресурс” компанийн Худалдан авах ажиллагааны газрын захирал Э.Ууганбаярыг экс захирал С.Баярмөнх зүтгүүлж, УИХ-ын дарга Г.Занданшатарын дэмжлэгтэйгээр томилуулсан байдаг.

Өөрийн амь нас, эрүүл мэндээрээ дэнчин тавьж, экс Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга Г.Занданшатар нар Хөдөлмөрийн баатар Т.Мөнхбаяраар дамжуулан Салхитын мөнгөний ордод эзэн суусан асуудлыг АТГ шалгах ёстой болж таарч байна. Ш.Мөнгөншагайгийн хэлснээр, хоёроос гурван их наяд төгрөгийн хулгай Салхитын мөнгөний ордод үүссэн гэж байгаа юм.

Энэ талаар бид эргэн дэлгэрүүлж мэдээлэх болно.

ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ…
Э.ТЭРГЭЛ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу