Газын зурвасын хойд хэсгийн “Аль-Шифа” эмнэлгээс дутуу төрсөн 31 нярайг нүүлгэн шилжүүлжээ. Мужийн Эрүүл мэндийн яамны Эмнэлгүүдийн ерөнхий газрын дарга Мохаммед Закут “Аль Арабия” телевизэд ярилцлага өгөхдөө энэхүү мэдээллийг баталсан байна.

Мөн Палестины Улаан хавирган сар нийгэмлэг ч хүүхдүүдийг нүүлгэн шилжүүлсэн тухай мэдээллийг баталжээ. Тус байгууллага X (хуучнаар Twitter) нийгмийн сүлжээн дэх албан ёсны хуудаст нийтэлсэн мэдэгдэлдээ “Өнөөдөр Палестины Улаан хавирган сар нийгэмлэгийн түргэн тусламжийн багийнхан Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) болон НҮБ-ын Хүмүүнлэгийн асуудал эрхэлсэн дээд комиссарын газар (ОСНА) хамтран

“Аль-Шифа” эмнэлгээс дутуу төрсөн 31 нярайг амжилттай нүүлгэн шилжүүллээ.

Тэднийг Газын зурвасын өмнөд хэсэгт аваачиж, дараа нь Арабын Нэгдсэн Эмират улсын (АНЭУ) эмнэлэгт хүргэсэн” гэж дурджээ.

ДЭМБ өнгөрсөн Ням гарагийн өглөө “Аль-Шифа” эмнэлэгт 300 гаруй хүн, түүний дотор 32 нярайн биеийн байдал хүнд байгаа талаар мэдэгдсэн байна. Тус байгууллагын мэдээлснээр, “Аль-Шифа”-гийн өвчтөнүүдийн дийлэнх нь мөчний янз бүрийн гэмтэлтэй байгаагийн дотор 29 хүн эмнэлгийн тусламж аваагүй, хөдөлж ч чадахгүй байгаа аж.

Антибиотик дутмаг, эмнэлгийн орчин бохир заваан байгаагаас хүмүүсийн шарх улам сэдэрч, халдвар улам нэмэгдэж буй юм байна. ДЭМБ болон түншүүд “Үлдсэн өвчтөнүүд, ажилтнууд болон тэдний гэр бүлийг нэн даруй нүүлгэн шилжүүлэх төлөвлөгөөг яаралтай боловсруулж байна” гэж тэмдэглэжээ.

Израилийн арми арваннэгдүгээр сарын 15-ны өглөө Палестины радикал ХАМАС хөдөлгөөний командлалын үндсэн штаб байрлаж буй хэмээн үзэж, “Аль-Шифа” эмнэлэг рүү довтолж эхэлсэн байна.

Тус арми мөн “Аль-Шифа эмнэлгийн дор 200 радикал бүхий бүлэглэл нуугдаж, аравдугаар сарын 7-ны халдлагын үеэр барьцаалагдсан хүмүүсийг хорьж буйгаас гадна хэд хэдэн цогцолбор, хонгил байгаа талаар мэдэгджээ. Цэргийнхэн эмнэлгийн цогцолборт нэгжлэг хийх явцад хонгилын үүднээс зэвсэг бүхий машин олсон байна.

Газрын зурваст аравдугаар сарын 7-ны өдрийн халдлагаас хойш 13 мянган хүн амь үрэгдсэнээс 5500 нь хүүхэд ажээ.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Гутерриш “24 цагийн дотор Ойрхи Дорнод дахь НҮБ-ын Палестины дүрвэгсдэд туслах агентлагийн хоёр сургууль халдлагад өртсөнд би маш их цочирдлоо. НҮБ-ын объектуудад хоргодож байсан олон арван хүн, тэдний олонх болсон эмэгтэйчүүд, хүүхдүүд амь үрэгдэж, шархадсаар байна. Тэмцэл ширүүсч буй тул Палестины олон зуун мянган энгийн иргэн Газын зурвас дахь НҮБ-ын объектуудыг бараадан, хамгаалалт хүсэж байна” гэж хэлжээ.

Тэрбээр “Эдгээр объектууд халдашгүй гэдгийг би дахин онцолж байна. Энэхүү дайнд өдөр бүр энгийн иргэд, тэр дундаа эмэгтэйчүүд, хүүхдүүд золиослогдож,  хүлээн зөвшөөрч боломгүй ихээхэн хохирол учруулж байна. Үүнийг зогсоох ёстой” гэж анхааруулаад, нэн даруй гал зогсоохыг дахин уриалав.

Израилийн эрх баригчид “Аль-Шифа” эмнэлгийн доор байрлах, алан хядагчдын 55 метр хонгилыг харуулсан дүрс бичлэгийг нийтэлжээ. Цэргийнхэн хонгилын замыг үргэлжлүүлэн судалж байгаагаа нэмж хэлсэн аж.

Хэдэн долоо хоногийн турш израильчууд “ХАМАС бүлэглэл дэд бүтцээ “Аль-Шифа” эмнэлгийн доор байрлуулж байна” гэж мэдэгджээ. Гэвч ХАМАС ч, эмнэлгийн удирдлагууд ч энэхүү мэдээллийг үгүйсгэсэн байна.

“Хамас” бүлэглэлийн барьцаалсан хүмүүсийг суллах яриа хэлэлцээнд АНУ, Катар улсууд “өөдрөг үнэлэлт” өгч байна. АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын дэд зөвлөх Жон Финер CNN-д мэдээлэхдээ “Бид аль ч үед байснаасаа илүү ойрхон байна” гэжээ.

ДЭМБ дайны гол цэг болсон “Аль-Шифа” эмнэлгийг “үхлийн бүс” гэж нэрлэсэн байна.

Израиль “Хоути босогчид Улаан тэнгист багийн 25 гишүүн бүхий ачааны хөлөг онгоцыг барьцаалсан” гэж мэдэгдэв. Йемений бүлэг палестинчуудыг дэмжиж байгаагаа илэрхийлэв. Израилийн цэргийнхэн хөлөг онгоцонд израильчууд байхгүй гэж мэдэгджээ.

АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын орлогч зөвлөх Жон Финер Ням гарагт “Вашингтон Газын зурваст хоргодох байр болгон ашиглаж байсан НҮБ-ын сургууль руу Бямба гарагт хийсэн цохилтын талаар мэдээлэл цуглуулж байна” гэж хэлсэн байна.

Эх сурвалж: BBC, CNN, AL ARABIYA
Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу