Өнгөрсөн нэгдүгээр сард Зайсан тойруугийн автозамын хөдөлгөөнд өөрчлөлт оруулж, нэг урсгалтай болгосон. Үүний үр дүнд замны хөдөлгөөний ачаалал буурсан учир бусад шаардлагатай замуудад энэ мэт зохицуулалт хийхээр болжээ.

Тодруулбал, Хотын төвийн хөдөлгөөн ихтэй гудамж, замуудын ачааллыг бууруулах зорилгоор Чингисийн өргөн чөлөө, Энхтайваны гүүр, Зайсангийн гудамж замд цагдаа нар хөдөлгөөн зохицуулалт хийж, оргил ачааллыг бууруулдаг байсан. Энэ нь эргээд Дүнжингарав буюу Уулын зам, Зайсан тойруу, Наадамчдын замд сөргөөр нөлөөлдөг байжээ.

Харин Нийслэлийн Засаг даргын захирамжаар Зайсан тойруу болон Дүнжингаравын замын зарим хэсгийг 21 хоногийн хугацаанд нэг чигийн хөдөлгөөнд оруулж, ХААИС-ийн зүүн хойд уулзварын хөдөлгөөн зохион байгуулалтыг түр хугацаагаар өөрчилснөөр Наадамчдын зам /Нисэх, Яармаг/-ын баруунаас зүүн чиглэлд хөдөлгөөний нэвтрүүлэх чадвар 37, Чингисийн өргөн чөлөө /Энхтайваны гүүр/ хойноос урагш чиглэлд 44, Энхтайваны өргөн чөлөө зүүнээс Энхтайваны гүүр чиглэлд 28 хувиар тус тус нэмэгдсэн байна.

Өмнө нь оргил ачааллын үед тус замд тээврийн цагдаагийн найман алба хаагч нэг автомашинтайгаар 15:00-20:00 цагийн хооронд 25-30 удаагийн таталт хийж, хөдөлгөөн зохицуулдаг байсан. Тэгвэл одоо дээрх зохицуулалтыг хийх шаардлагагүй болжээ.

Тиймээс цаашид бусад замд ийм зохицуулалт хийхээр судалж байгаа аж. Ингэснээр замын нэвтрэх чадвар хамгийн багадаа 15 хувиар нэмэгдэх гэнэ.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу