Уул уурхай, хүнд үйлдвэр (УУХҮ)-ийн дэд сайд асан О.Батнайрамдал “Эрдэнэт”-ийн 49, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”, Хөтөлийн “Цeмeнт шохой” үйлдвэрийн асуудлаар өнөөдөр (2023.11.20) мэдээлэл хийлээ. 

Тэрбээр “Маргааш буюу арваннэгдүгээр сарын 21-нд “Цемент шохой” ТӨХК, Дарханы төмөрлөгийн үйлдвэр, “Эрдэнэт”-ийн 49 хувьтай холбоотой шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг болно.

2019 оны гуравдугаар сараас тухайн үеийн ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувьтай холбоотой асуудлын хөшигний ард явагдсан санхүүгийн схемийг нийтэд зарлаж байсан. Үүнээс хойш дөрвөн жил гаруй хугацаа өнгөрсөн байна. Энэ нь дан ганц “Эрдэнэт”-ийн 49 хувь биш, “Цемент шохой”, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-тэй холбоотой хамтдаа хийсэн луйврын схем гэдгийг бид ойлгосон. Сүүлийн жилүүдэд маш олон хулгайн асуудал ил боллоо. Харамсалтай нь бүгд шүүхийн шатанд очоод, гацаж байна. 

Сүүлийн 30 жилд болсон хамгийн том, хамгийн олон хүн оролцсон луйврын схем бол “Эрдэнэт”-ийн 49 хувийг “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”, Хөтөлийн “Цемент шохой”-н үйлдвэртэй хамт авах оролдлого байсан. Энэ хэргийг олон нийт ойлгоход тун төвөгтэй. Тиймээс тодорхой мэдээлэл өгөхөөр шийдлээ. 

  1. Хөтөлийн Цемент шохой.

2011 онд тухайн үеийн Зам тээвэр, хөгжлийн сайд Х.Баттулга “сахал” Эрдэнэбилэгийн “Бейсмент” гэдэг цоо шинэ компанитай гэрээ байгуулж, нэг жилийн дотор Хөгжлийн банкнаас 61 сая ам.долларын зээл авч, 40 саяыг нь Худалдаа хөгжлийн банк болон Улаанбаатар банк руу шилжүүлсэн. 21 сая ам.доллар нь гадагшаа шилжиж, одоогийн цементийн үйлдвэрийг барихад зарцуулагдсан гэж тооцдог юм билээ.

2015 онд тухайн үеийн УИХ-ын дарга З.Энхболд Өмч хувьчлалын томоохон жагсаалт баталж гаргасан. Энэ дотор “Цемент шохой”-н хувьчлалыг хөрөнгө оруулагчдаа шууд гэрээгээр өг гэсэн чиглэл гаргаж ирсэн. Ингээд төрийн өмчийн “Цемент шохой” үйлдвэрийг анхны хөрөнгө оруулагч болох “Бэйсмент” компанид хувьчилсан байдаг. Сүүлд 2022 онд буцааж төрд авсан. Хувьд байх хугацаанд төрд 660 тэрбум төгрөгийн хохирол учруулсан. Энэ бол цоо шинэ “Боинг” худалдаж авах хэмжээний мөнгө. 

2. Дарханы төмөрлөгийн үйлдвэр. 

Хөрөнгө оруулалтын гэрээгээ мөн л 2011 онд байгуулсан. Төрийн өмчийн хорооны Д.Сугар дарга гарын үсэг зурж, “Кью Эс Си” гэдэг компанитай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан. Үүнээс хоёрхон жилийн дараа буюу 2013 онд “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийг концессийн жагсаалтад оруулсан. Энэ нь тус үйлдвэрийг “Кью Эс Си” компани 30 жилээр эзэмшээд, төмөр зам, цахилгаан шугам, гангийн үйлдвэр барих, ашиглах шилжүүлэх нөхцлөөр байгуулсан.

Жилийн дотор ашиг олохын тулд төмөр зам, авто зам, цахилгаан шугамаа барьж, ашиглалтад оруулсан. Эдгээр дэд бүтцийг ганцхан жилийн дотор ашиглалтад оруулчихсан. Үүний дараа концессийн гэрээний нөхцлөө өөрчилсөн. Барих, ашиглах, шилжүүлэх нөхцлийнхөө ашиглахыг нь аваад, барих, шилжүүлэх болгоод, төрөөс 240 тэрбум төгрөг гаргуулж авсан.

Ганцхан жилийн дотор гурван дэд бүтэц бариад, түүнийхээ мөнгийг илүү дүнгээр бодуулан, улсын төсвөөс гаргуулж авсан байгаа юм. Энэ бүхнийг харвал гангийн үйлдвэр баригдаагүй, олборлоод хуурай баяжуулалтаар нь маш их хэмжээгээр экспортолсон. Үндсэндээ улсын төсвөөр барьсан дэд бүтцийнхээ санхүүжилтийг буцааж аваад, гадагшаа гаргаж, маш их орлого төвлөрүүлсэн. 

3. Эрдэнэт үйлдвэр. 

Энэ үйлдвэр Монгол Улсыг 40 жил тэжээж ирсэн саалийн үнээ. ДНБ-ий 6.3 хувийг “Эрдэнэт” үйлдвэр дангаараа бүрдүүлж байна. Нийт экспортын 9.4 хувийг мөн дангаар бүрдүүлдэг, 40 жил ажиллаж буй нүсэр том үйлдвэр. Энэ үйлдвэрийг “эцэж, турсан үнээ”, “нөөц нь шавхагдана” гэх байдлаар улстөрчид ярьж байсан. Харин энэ үйлдвэр дахиад 70 жилийн нөөцтэй байна. “Оюу толгой”-гоос дутахгүй гэсэн үг. ОХУ-ын талын эзэмшиж байсан 49 хувийг 2016 оны зургаадугаар сарын 29-нд буюу сонгуулийн өмнөх өдөр Монголын талд авсныг Ч.Сайханбилэг Ерөнхий сайд зарлаж байсан.

Энэ гурван үйлдвэрийн асуудал яагаад хамтдаа шүүх дээр очиж байна вэ. Үүний шалтгаан нь 2011-2016 оны хооронд бүх үйл явц давхацсантай холбоотой. Мөн Хөтөлийн үйлдвэрийн шохой, Дарханы үйлдвэрийн төмөрлөг “Эрдэнэт” үйлдвэрт очиж нийлүүлэгдэн үйл ажиллагааг нь хангадаг. Энэ утгаараа энэ үйлдвэрүүд 1983 болон 1994 онд стратегийн ач холбогдол талаасаа баригдсан.

“Эрдэнэт”-ийн 49 хувийг авахын тулд 400 сая ам.доллар босгох ёстой болж таарсан. Ийм хэмжээний мөнгийг Цемент шохой, Дарханы төмөрлөгийн үйлдвэрээс эргэлдүүлэн төвлөрүүлсэн байгаа юм. “Эрдэнэт”-ийн 49 хувийг хувийн хэвшил өөрийнхөө мөнгөөр худалдаад авсан бол ямар ч асуудал байхгүй. Гэтэл худалдаж авсан 400 сая ам.долларын 72.9 хувь нь төрийн мөнгө байсан. 

Энэ бүгдийг дөнгөж 2019 онд л ард түмэн мэдсэн. Энэ мөнгө хэрхэн дөрөвхөн жилийн дотор босож, “Эрдэнэт”-ийн 49 хувийг авсан бэ гэдэг асуудал шүүх дээр ирсэн гэсэн үг. Хулгай зарлагдсан ч хэн нэгэн хариуцлага хүлээхгүй байсаар байна. Энэ бүгд шүүхийн шатанд эцэслэгдэх ёстой. Маргааш шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явах гэж байна. Үүнийг олон нийт анхааралдаа авах хэрэгтэй” хэмээн ярилаа. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу