АНУ-ын Батлан хамгаалах яам “Oshkosh Defense” үйлдвэрт 160 сая ам.долларын үнэ бүхий JLTV хуягт автомашинууд болон бусад иж бүрдэл үйлдвэрлэх захиалга өгсөн талаар армийн гэрээт командлал “Детройт Арсенал” мэдээлжээ.

Тус захиалгад Монгол, Румын, Македон, Словени, Словак зэрэг олон улсын холбоотнуудын захиалсан JLTV автомашинууд багтсан байна. JLTV нь дөрвөн дугуйтай, хоёр болон дөрвөн цэргийн албан хаагч тээвэрлэх зориулалттай, тэсрэх бөмбөгт тэсвэртэйгээс гадна агаараар тээвэрлэхэд хөнгөн автомашин аж.

АНУ-ын Батлан хамгаалах яамнаас өгсөн захиалгыг Америкийн Висконсин мужийн “Oshkosh Defense” үйлдвэрт гүйцэтгэх бөгөөд захиалга гүйцэтгэх сүүлийн хугацааг “2025 оны есдүгээр сарын 25” гэж заажээ.

Oshkosh JLTV-ийн модульчлагдсан дизайн, дижитал архитектурын багцад зэвсэг, лазер, мэдрэгч, сүлжээ, харилцаа холбоо зэрэг 100 гаруй зүйлс багтсан байна.

“Oshkosh Defense” үйлдвэрийн хөтөлбөрийн ерөнхий менежер Жорж Мансфилд “Бид олон улсын холбоотнуудын сонирхолд байнга хүндэтгэлтэй ханддаг” гэж хэлжээ.

Тус үйлдвэр арваннэгдүгээр сарын эхээр АНУ-ын армиас JLTV, JLTV-ийн чиргүүл болон холбогдох иж бүрдэлд 208 сая ам.долларын нэмэлт захиалга авсан байна.

Тус үйлдвэр цэргийн хамгийн шилдэг автомашин, технологийн шийдэл, хөдөлгөөнт систем зохион бүтээх, үйлдвэрлэх, дэмжих чиглэлээр ажилладаг дэлхийд тэргүүлэгч бөгөөд аюулгүй байдлыг хамгаалах шинэ технологиудыг хөгжүүлж, хэрэгжүүлдэг ажээ.

Эх сурвалж: OSHKOSH DEFENSE
Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу