Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Я.Содбаатар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр “Сүүлийн үед олон нийтийн цахим сүлжээгээр Монгол Улсын Үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн, гадаад харилцаанд илтэд сэв суулгах зорилго бүхий, Ерөнхийлөгчийн нэр төрд халдсан хуурамч мэдээ, мэдээлэл удаа дараа гарах боллоо.

Нэр бүхий хаягаас орчин үеийн программ ашиглан, Монгол Улсын Ерөнхийлөгч хятад хэлээр ярьж буй мэт хуурамч бичлэг байршуулсан нь мөнхийн хөрш хоёр улсын харилцаанд зориуд сэв суулгах ноцтой үйлдэл боллоо. 

Бид хуулийн байгууллагад хандсан. Бичлэгийг үйлдсэн хоёр монгол хүн болон холбогдох хүмүүсийг олж тогтоон, шалгалтын ажиллагаа явуулж байна. Хуулийн байгууллагаас удахгүй тодорхой мэдээлэл өгөх байх. Мөн энэ асуудлаар БНХАУ-ын холбогдох хуулийн байгууллагад хандсан. Тэнд мөн ажиллагаа явагдаж байна. 

Есдүгээр сарын 1-нд хичээлийн шинэ жилтэй холбогдуулан хийсэн дүрс бичлэгийг ашигласан байна. Хүний биеийн хөдөлгөөн, амны хайрцаг, дуу хоолойг адилхан хөдөлгөн, яриулдаг программ бий. Түүнийг ашиглан бичлэгийг хийсэн нь тогтоогдсон. 

Цаашид Ерөнхийлөгчийн нэр төрд халдсан, Үндсэн хуулийн эсрэг хийсэн аливаа үйл ажиллагаатай хатуу тэмцсээр байх болно” гэлээ.

Х.ТҮШИГ

1 сэтгэгдэл

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу