Долоо хоног бүрийн Даваа гарагт УИХ дахь намын бүлгүүд хуралддаг билээ. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн өнөөдөр (2023.11.20)-ийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээллээ. 

Тэрбээр “УИХ-ын есөн байнгын хорооны дарга нарын бүрэн эрхийн хугацаа дууссан. Тийм учраас байнгын хороодын дарга нарыг сонгоход баримтлах зарчмын талаар ярилцаж, тогтлоо. Энэ долоо хоногт таван байнгын хороо, ирэх долоо хоногт дөрвийнх нь даргын асуудлыг шийднэ. 

Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр шинэ удирдлагаас авч хэрэгжүүлэхээр төлөвлөж буй арга хэмжээний талаар мэдээлэл сонссон” хэмээн хэллээ. 

Үргэлжлүүлэн сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 

-Агаарын бохирдлыг бууруулах ажилд тусгасан төсөв мөнгийг БОАЖЯ руу шилжүүлсэн гэсэн. Тэгэхээр төсвийг нь хаанаас гаргаж, хэрхэн уялдаа холбоотой ажиллах вэ?

-Агаарын бохирдлыг бууруулах зардлыг Эрчим хүчний сайдын багцад 25.8 тэрбум төгрөг суулгасан байсан. Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хороо татан буугдсантай холбогдуулан үүнийг БОАЖ-ын сайдын багцад оруулсан. Салбарын сайд эрхээ шилжүүлээд, нийслэл ажлаа хийгээд явна. 

-Цэрэг эрс амиа алдсаар байгааг яах вэ. Танай намын бүлэг энэ асуудлыг хэлэлцсэн үү?

-Цэрэг амиа алдсанд харамсаж байна. Энэ бол нэг удаагийн тохиолдол биш. Маш олон харамсалтай явдал болж байна. Энэ асуудлаар 2021 онд УИХ-ын Хүний эрхийн дэд хорооноос Засгийн газарт тодорхой чиглэл өгсөн юм билээ. Үүний биелэлтийн асуудлыг ойрын үед бид УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэх хэрэгтэй гэж үзэж байна. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу