Долоо хоног бүрийн Даваа гарагт УИХ дахь намын бүлгүүд хуралддаг билээ. УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдөр (2023.11.20)-ийн хуралдаан дээр агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр шинэ удирдлагаас авч хэрэгжүүлэхээр төлөвлөж буй арга хэмжээний талаар мэдээлэл сонссон байна. 

Нийслэлийн Засаг даргын орлогч О.Номинчимэг “Агаарын бохирдолтой холбоотой авч хэрэгжүүлэх арга хэмжээний бодлогоо тодорхойлоод явж байна. Нэн тэргүүний, дунд хугацааны бодлого бол гэр хорооллыг орон сууцжуулах. Энэ хүрээнд манай хуулийн багаас хуулийн төслийг өргөн бариад, УИХ-аар хэлэлцүүлж байна.

Хууль батлагдвал хоёр асуудал шийдэгдэнэ. Нэгдүгээрт, гэр хорооллоос үүсэж байгаа агаар, хөрсний бохирдол багасна. Мөн автомашины утаа Улаанбаатар хотын агаарын бохирдлын 29 орчим хувийг бүрдүүлж байна. Үүний шалтгаан нь насжилт өндөртэй машин их, шүүлтүүр бага, евро-5 стандартын түлш хэрэглэхгүй байна. Хуулийн төсөл батлагдаж, авто замын түгжрэлийг бууруулж, автомашины явах хурдыг нэмснээр агаарын бохирдол 17 хувиар буурна. 

Богино хугацаандаа, янданг бууруулах чиглэлд арга хэмжээ авах ёстой. Үүний тулд байгаа нөөцдөө тулгуурлан, 20 мянган айлыг цахилгаан халаагууртай болгох хөтөлбөр гаргаад хэрэгжүүлж байна. Мөн амьжиргааны түвшнээс доогуур 70-80 айлд шүүлтүүртэй зуух ашиглуулах хөтөлбөр гарган хэрэгжүүлж байна” гэлээ. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу